Чингис хаан олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хотоос 55 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэдэг газар шинээр байгуулж 2021 оны 7 дугаар сард ашиглалтад оруулсан. Агаарын хөлгийн хоёр талын буулт хийх боломжийг бүрдүүлж, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон, олон улсын зохих стандарт, шаардлагуудыг бүрэн хангах бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн.
Агаарын хөлөг хөөрч, буух хоёр талын оролт, гаралттай 3800 метр урт, 45 метр өргөнтэй 4Е ангиллын зурвас, явгалах зам, 24 агаарын хөлгийн багтаамжтай перрон, 43 метр өндөр нислэг хөдөлгөөн удирдлагын цамхаг зэргийг байгуулсан бөгөөд эдгээр нь газар хөдлөлтийн 9 баллыг тэсвэрлэх стандарттай.
Бүх төрлийн карго ачаа шууданг олон улсын стандартын түвшинд аюулгүй ажиллагааг найдвартай хангах, жилдээ 11900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх, аюултай ачааны агуулах, үнэт ачааны агуулах, хөргөлттэй агуулах, хөлдөөгчтэй агуулах, өндөр хүчин чадалтай 3 сэрээт өргөгч зэрэг хүчин чадал бүхий 3700 метр квадрат талбай эзлэх карго терминалыг байгуулсан. Ачаа тээш шалгах хэсэгт BHS систем нэвтрүүлсэн тул тээшийг аль онгоц руу оруулахыг систем өөрөө таньж зохицуулах болсноор цаг хэмнэж, гар ажиллагааг халах боломж бүрдсэн.
Нисэх буудлын орчинд 825 автомашины багтаамжтай зогсоол, 200 автомашины дулаан зогсоол, хоногт 800 шоо метр цэвэр, бохир ус цэвэрлэх, ариутгах татуурга бүхий ус цэвэршүүлэх байгууламж, 14МBт-ийн хүчин чадалтай 3 зуух болон 5.2 км үргэлжлэх дулааны шугамтай 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 8000 тонны багтаамжтай шатахууны агуулахыг тус тус байгуулж, авран хамгаалах, гал унтраах тусгай тоноглол бүхий Rosenbauer panther 6Х6 стандартын галын 3, удирдлагын хөдөлгөөнт штабын 1, эмнэлгийн 1 автомашин, галын 9 дүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр тоноглосон.
Зорчигч үйлчилгээний 33 мянган метр квадрат талбайтай бөгөөд жилд 3 сая зорчигч хүлээн авах боломжтой. Хүлээлгийн танхимуудаас гадна зорчигчийн баруун гар талд орон нутгийн, зүүн талд олон улсын нислэгийн бүртгэл хийх танхимыг байгуулсан.
Худалдаа үйлчилгээний талбайд “Аялал жуулчлалын мэдээллийн төв”-үүд, банкны салбарууд, үүрэн телефоны операторууд, супермаркет, түргэн хоол, олон улсын үндэсний зоог, машин түрээс, такси үйлчилгээ, автобус үйлчилгээний захиалга авах цэгүүдийг байгуулсан.
Тус Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг Япон улсын ЖАЙКА байгууллагын хөнгөлөлттэй зээлийн 65 тэрбум 657 мянган ейний өртөгөөр барьж байгуулсан бөгөөд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалтай харьцуулахад 1.5 – 2.5 дахин том, 700 орчим ажлын байрны багтаамжтай юм. Монгол – Японы компаниудын түншлэл бүхий “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” компанийг байгуулж нисэх буудлын менежементийг 15 жилийн гэрээгээр хариуцан ажиллаж байна.
Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан. Яармагийн товчоо – Айдсын даваа – Түргэний гүүр – Бөхөгийн хөтөл – Хөшигийн хөндий чиглэлийн 32.226 км урт, асфальт бетон хучилттай, 31 метр өргөн, тус бүр 3 эгнээгээр зорчих 2 урсгалтай, олон улсын стандартад нийцсэн авто зам юм.
Гадаад, дотоодын үйлчлүүлэгчдэд нийтийн тээврийн үйлчилгээг бий болгосон бөгөөд дараах хуваарийн дагуу үйлчилнэ. Хөшигийн хөндий – УБ хот хоорондын нийтийн тээврийн цагийн хуваарь:
Энэхүү цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдлөхөөр зохицуулалт хийсэн. Нэг талдаа 80 – 100 минут зарцуулна. Тасалбарын үнэ том хүн 20000 төг, хүүхэд 7000 төгрөг.
Нисэх буудлын лавлах: 1900-1980