Ван хан Тоорилын түүхэнд холбогдох “Туулын Хар Түнгэ орд” хэмээх газарт Тэмүжин Жамух хоёр анд бололцож байснаас гадна Ван хан Тоорилд Тэмүжин хар булган дахаа бэлэг болгон хүргэж ирсэн газар юм. Мөн Бөртэ Үжин хатнаа Гурван Мэргидээс эргүүлэн авах аян дайныг эхлүүлсэн газар төдийгүй эрийн цээнд хүрсэн Тэмүжиний цэрэг дайны амьдрал, улмаар бүх Монгол овогтныг нэгтгэх аян дайнуудыг эхлүүлсэн газар гэж хэлж болно. Хожим Жамухыг цаазлахдаа анх андын тангараг тавьсан Туулын Хар Түнгэд авчирч зарлигийг гүйцэлдүүлсэн гэх яриа ч байдаг. Монголын Нууц Товчооны 224 дүгээр талд “Чингис хаан 1225 оны хавар Туулын хар шугуйд их ордоо буулгаж өвлийг хүргээд, тэндээс Есүй хатнаа аван Тангудыг дайлаар мордсон” тухай тэмдэглэжээ. Эл тэмдэглэлээс үзвэл Чингис хааны хувьд Монгол эх нутагтаа Туулын хар шугуй, Хар Түнгэ ордод амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлсэн гэж үзэж болох юм.
Энэхүү Туулын Хар Түнгэ орд нь одоогийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт, Богд хан уулын ар, Сонгинохайрхан уулын урд өвөрт, Туул гол Бөхөг Түргэний голын бэлчирт байсныг судлаачид тогтоосон. Эдүгээ нэлээд эвдэрч гэмтсэн туурь болон үлдсэн бөгөөд Ван хан Тоорил сууж байсан “Туулын Хар Түнийн орд мөн” хэмээн үздэг. 1203 онд Чингис хаан тус ордыг эзлэн авч Есүй хатны өвлийн өргөө бүхий төрийн III ордон болгосон түүхтэй. Монголын Нууц Товчооны баримтанд тулгуурлан тус ордод 1225 он хүртэл 22 жил ирж очин амьдарч байсан гэж үзжээ.
2006 онд доктор Д.Навааны удирдсан археологийн судалгааны анги туурийг малтан судалж 15 метр өргөн, 25м урт, урагш харсан хаалгатай байгууламж байсныг тогтоосон. Боржин чулуун суурьтай 4 том баганатай, цэцгэн хээ бүхий тоосгон шалтай, заан, луу, сармагчин, арслан, барс зэрэг амьтдын дүрсээр чимэглэсэн тансаг чимэглэл бүхий уран барилга байжээ. 2002 онд НИТХ-ын 8 дугаар тогтоол, 2008 онд Нийслэлийн ЗД-ын 357 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн хамгаалалтанд бүртгэн авсан.
Туулын Хар Түнгэ дэх эл орд өргөө нь Хэрэйд аймгийн хүчирхэг үед баригдсан эртний хотын хэв маягийг хадгалсан тансаг орд өргөө байсан юм.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах