Баримал - Айраг цогцолборын дөрөв

2003 оныг Нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Хөрөнгө оруулалтын жил” болгон зарласантай холбогдуулж “Улаанбаатар” нэрээр овоглосон байгууллагуудын хөрөнгөөр нийслэлийн 364 жилийн ойд зориулж уран барималч Б.Хийморийн эх загвараар бүтээсэн Айраг цогцолборын дөрвөн баримлыг байгуулжээ. Эдгээр нь Сүхбаатар дүүргийн YIII хорооны нутаг дэвсгэр, Централ тауэрын урд талбайд байдаг ба Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.


Тарагтай хүү:
Монголчууд зуны урин дулаан цагт сүү, цагаан идээгээр хооллож, өвөл, хавар хүйтэн улиралд илчлэг ихтэй махан хоолоор хооллодог.

Эмээлтэй хүү: Эмээл, дөрөө нь монголчуудын морины соёлын салшгүй зүйлүүд юм. Эмээл дөрөөтэй болсноор бууж, мордоход хялбар, хол аялах, морин дээрээс харвах, газраас юмыг шүүрэн авах, морь уургалах зэрэг морин спортыг хөгжүүлэх боломжтой болжээ.

Барилдаанч хүү: Монголчууд 7-11 мянган жилийн өмнө бөх барилдаж байсан болохыг Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулын элгэн хаданд байдаг хүрэл зэвсгийн үеийн хадны зураг гэрчлэх ажээ. Монгол бөхийн барилдаан нь урлаг, спорт, зан заншлын олон зүйлийг өөртөө нэгтгэсэн үндэсний спорт бөгөөд монгол эрчүүд хүүхэд наснаасаа бүгд барилдаж өсдөгийг гэрчилсэн хөшөө юм.

Хургатай хүү: Монгол хүүхдүүд бага балчираасаа малд нүдтэй болж малчин эцэг эхдээ тусалж өсдөг. Монголчууд хонины ноосоор эсгий хийж, арьсаар нь хувцас хийж, махыг хүндэтгэлийн зоогийн ширээнд тавьдаг билээ. Хонь бол таван хошуу малын дотроос хамгийн ашигтай малын нэг.