Хүн чулууны хонхор

Хүрээний шав тавьсан газар гэдэг бөгөөд Сүхбаатар дүүргийн YIII хорооны нутаг дэвсгэрт, Централ таур барилгын урд цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Энэхүү гэрэлт хөшөөг нийслэл Улаанбаатар хот анх үүсч байгуулагдсаны 355 жилийн ойгоор Их Хүрээ, одоогийн Улаанбаатар хот буюу тухайн үеийн Хүн чулууны хонхорт 1778 онд ирж суурьшсан үйл явдалд зориулж, Д.Наранжавын зураг төслөөр 1994 онд босгожээ. Хөшөөний суурийн урд хэсэгт Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Хойчийн хүмүүс мэдтүгэй, монголчуудын нийслэлээ товлож шав тавьсан газар болой” гэсэн үгийг эвхмэл үсгээр бичжээ. Мэлхий суурины дээд талд нийслэлийн сүлд, Богдхан уулын савдаг Хангарьд шувууны баримлыг байрлуулж, дөрвөн талд нь монгол бичгээр “Өргөө – Номын хүрээ – Их Хүрээ – Нийслэл Хүрээ - Улаанбаатар” хэмээх хотын түүхэн нэрсийг бичжээ. Уг дурсгал Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг. 

Хуучны нэгэн домогт: “Монгол ноёд олон удаа нүүж буйр сэлгэсэн Өргөөг хөдөлбөргүй бат суурьшуулахаар хэлэлцэн мэргэн цэцэн хүнээр газар шинжүүлэхээр тогтож хэд хэдэн газар үзсэн ч тохирох сайхан нутаг олдоогүй ажээ. Газар шинжээчид ингэж яваад Туул голын хөндийд ирж нэгэн хүн чулуун хөшөөтэй тааралдан бэлгэшээж ...өлөн барын ходоод шиг энэ хөндий өлзий бүрдсэн сайхан нутаг аж, Хан уулын ар, тунгалаг Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн адаг, Хүн чулууны хонхорт Хүрээ хотыг байгуулбал сайн” гэж өгүүлдэг.
 
ХХ зууны эхээр Нийслэл Хүрээгээр дайран өнгөрсөн судлаач, жуулчид хотын дотор болхи дүрслэлтэй хүн чулуун хөшөө байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрхүү хүн чулуу нь анх дөрөвдүгээр дэлгүүрийн ард байсан гэх бөгөөд 1940-өөд оны үед одоогийн Гадаад харилцааны яамны хойд талын засмал замын орчимд байжээ. 1940-өөд оны дунд үед хотыг сайжруулах төлөвлөгөө гарч хөшөө байсан газарт зам талбай байгуулах болсонтой холбоотойгоор хөшөөг хотын захиргааны хуучин байрны хашаанд аваачсаныг 1950-иад оны үед Богд хааны ордон музейн хашаанд зөөж тавьжээ. Хүн чулууны хонхорт байсан тэрхүү хүн чулуун хөшөөг 2014 онд Улаанбаатар хотын 375 жилийн ойгоор Улаанбаатар хотын музейд шилжүүлэн байрлуулсан юм. “Хүн чулууны хонхор” нь өнөөгийн Тусгаар тогтнолын ордны өмнөх цэцэрлэг, Гадаад харилцааны яамны хойд хэсэгт байжээ. Их Хүрээ ирж суурьшсан түүхэн газарт 1994 онд дурсгалын мэлхийт хөшөө босгожээ. Хүн чулууны хонхороос ганц хүн чулуун хөшөө үлдсэн нь Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байна.