Төмөр утасны хорооны байшин

Бөхийн өргөөний баруун хойд талын залгаа хоёр байшингийн зүүн талын байшинг 1913 онд барьсан аж. VIII Богд Жавзандамбын орос хөгжмийн хамтлаг энд хэсэг хугацаанд байрлаж байжээ. 1914 онд тус байшинд Төмөр утасны хороог байгуулсан нь Монголын орчин цагийн анхны холбооны үүсэл болсон аж. Сайн ноён хан Намнансүрэн хаант Оросын нийслэл Петербургээр 6 сар орчим явж ирэхдээ 10 дугаартай телефон утасны жижиг станц авчирч анхны утасны хороог байгуулсан түүхтэй. Анхны холбооны байшингийн баруун талын залгаж барьсан байшинд Монгол улсын анхны хоёр маршалын нэг Г.Дэмид жанжных суудаг байжээ. Г.Дэмид бол 1921 оны партизан бөгөөд Тверийн морин цэргийн сургуулийг онц гарамгай суралцаж төгсжээ. Тэрбээр Орос улсад яваад учир битүүлгээр нас барж, нас барснаас нь хойш сарын ч хугацаа өнгөрөөгүй байхад Гэндэнгийн хамсаатан хэмээн нэрлэгдэж гэр бүл, ах дүү нар нь бас хэлмэгджээ.