Хануйн рашаан

Галт уулын халуун лаав газрын хэвлийг цоолж урсахдаа замдаа тааралдсан болгоныг барьцалдуулан “цементэлж” хэвгий ховил үүсгэжээ. Мянга мянган жил өнгөрөхөд барьцалдсан лаав нь хад чулуун хавцал болж үүсгэсэн ормоор нь ус урсжээ. Дэлхийн гүнээс оргилсон галт уулс дэлбэрэх үедээ газар доорхи усны судлыг эвдэж дээш чиглэлтэй сувгуудыг үүсгэсэн. Эдүгээ тэдгээр суваг сиймхийгээр газрын гүний ус урсан гарч ирж байгааг “рашаан” хэмээн нэрлэсэн. Хамгийн анхны рашаан сувиллыг XYI зуунд Европод Баден, Карлобаро хэмээх газруудад байгуулсан гэдэг.

Геологийн төв лабораторийн эрдэмтэд 1990-1992 онд Хануйн бүлэг рашааны уснаас дээж авч шинжлэн судалжээ. Мөн геологийн чулуулаг, хөрс, ургамлын бүтцүүд, рашааны харилцан хамаарлыг нарийвчлан судалснаар Хануйн рашаанд 50 гаруй элемент байгааг тогтоож, рашаан орчмын чулуу, хөрсөнд хийсэн шинжилгээгээр 29 төрлийн, хүрмэн чулуу хорголжийн химийн найрлагад хийсэн шинжилгээгээр 71 төрлийн химийн бодисууд байгааг эзлэх хувь, жингээр нь илэрхийлжээ. Химийн элементүүд нь хөрснөөс усанд, уснаас ургамалд, уснаас хөрсөнд, хөрснөөс ургамалд шингээгдэх, шингэх байдлаар очиж “эмт чанар” үүсгэж байгааг тогтоожээ. Хөрс, ургамал, чулуулагт нь төмөр, алт, уран, кабольт, манган, цайр, зэс, молибден, никель, мөнгө, цахиур, титан, кальци, кали, натри, фосфор, магни, хүхэр, фтор, стронци, кадми, селен, лити, цези, ради, бари, рубиди, азот, хүчилтөрөгч, устөрөгч, хлор, сүүмэг гэх мэт 70 гаруй элемент тархсан байгаа нь рашаанаар дамжин хүний биед шаардлагатай байгаа элементүүдийг нөхөх эх сурвалж болж байгааг тогтоосон байна.

Геологийн төв лабораторийн эрдэмтэн судлаач Ц.Санжмятав, Д.Жанцан нарын судалгааны тайланд “Хануйн рашаан нь эрдэс хүдрээс тодорхой хэмжээгээр шингээсэн үлэмж язгуур нян зэргийг агуулж, тэдгээрийн цогц хэсгүүдээр нөхцөлдөн цэнэгжсэн байгалийн найраг хөлтэй амьд уусмаг, гайхалтай рашаан юм” гэж томъёолоод “энэхүү уудаг, ордог рашаан бол хүмүүсийн эс, эрхтэн махбодод үүссэн эмгэгийг илааршуулах үйлчилгээтэй шингэн болно” гэж дүгнэсэн байна.

Хануй рашааны нэг гол онцлог нь “исэлдэгч чанар”-тай байдагт оршино. Рашаанаас авсан дээжийг газар дээр нь шинжилсэн дүн, савлаж зөөж лабораторид авч ирээд хийсэн шинжилгээний дүн ионы найрлагын хувьд ойролцоо гардаг боловч карбонат, гидрокарбонатын хэмжээ өөрчлөгдөж уг ус температурын өөрчлөлтөөс хамааран исэлддэг болохыг тогтоожээ. Рашааны усны температур нэмэгдэхэд шүлтлэгээс сул хүчиллэг, эсвэл сул хүчиллэгээс хүчиллэг шинжтэй болж өөрчлөгдөж байжээ.

Хануйн рашаанд натри, сульфатийн ион их байдаг нь “глауберийн эмчилгээний давс” үүсэх нөхцөл бүрдүүлдэг ажээ. Калийн ион их байгаа нь физиологийн шингэнийг зохицуулагч махбодийг бүрдүүлж рашаан эмчилгээний чанарын нэг үзүүлэлт болдог байна. Хануйн рашаанд хлорт натрийн давс агуулагдаж байгаа нь цусны найрлагыг тогтмолжуулах, элдэв хордлого тайлах, эсийн амьдрах чадлыг дээшлүүлэх үйлчилгээг үзүүлэх бөгөөд рашааны бүтцэд байгаа кальци, гидрокарбонат, карбонат нь ясны бүтцийг сайжруулах, яс төлжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Рашааны бүрэлдэхүүнд агуулагдаж байгаа калийн цэнэг нь зүрхний булчингийн ажиллагааг идэвхижүүлэх төдийгүй гэдсийг чангаруулж, хаванг шээсээр хөөх чадвартай, үрэвслийг намжаах, бие махбодод илүүдсэн кали, натри, магни, хлорыг хөөж төмрийн солилцоог сайжруулахад чухал үүрэгтэй.

Рашааны найрлага дахь төмөр нь цусны улаан цогцсыг бүтээхэд дэм болох агаад нүүрс ус, уураг, өөх тосны солилцоонд оролцоно. Нүүрс хүчлийн хүчиллэг цэнэгийн нөлөөгөөр ходоодны гастрит хэмээх даавар цочирч улмаар ходоод элэгний цусан хангамж нэмэгдэн шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа идэвхжинэ. 

Манган агуулагдаж байгаа нь яс, мөгөөрсний эд эсэд үүссэн согогийг илааршуулах, цус төлжилтийг сайжруулахад нөлөөлдөг. Хануйн бүлэг рашаанууд бүгд цус тогтоох, шарх эдгээх чанартай болох нь тогтоогдсон.

 

Хануйн рашаан нь УБ хотоос 550 км, Булган аймгийн төвөөс 135 км, Баян-Агт сумын төвөөс 8 км зайд орших Хануй голын хавцалд үүссэн эрдэст ус юм. Харин Хануй гол нь Хангайн нуруунаас Чулуут, Тамир голуудтай зэрэгцэн эх авч Архангай, Булган аймгийн нутгаар 400 км урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг дунд зэргийн гол юм.

Хануйн рашаанд орох жуулчид Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Түлүүгийн даваа уруудаад зам сална. Тэнд буй уулзвар дахь самбар дээр Хануй рашаан руу сум заасан байдаг. Хуучин дугуйнуудыг хоёр давхарлан улаан цагаан өнгөөр ялгаж будаад зам дагуу байрлуулсан байдаг бөгөөд тэдгээрийг дагаж 60 км яваад Хануй голын рашаанд саадгүй хүрдэг. Рашаанд орох хамгийн тохиромжтой үе бол 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 25 хүртэл хугацаа байдаг. Эдүгээ Хануйн рашаанд жил бүр 20 мянган хүн элбэг ирдэг болжээ.

Хануй голын хүрмэн чулуун дунд 100 гаруй төрлийн рашаан байдгаас зарим  нь ширгэсэн байдаг. Элэг, зүрх, бөөр, уушиг, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, шүд, нүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл, дотор, үе мөч, арьс өнгө, харшил гэх мэт тус бүрдээ нэртэй рашаан, шаврууд бий.

  • Эхлээд “Ээж мод”-нд 2 км алхаж хүрээд ээжийн тухай 3 дуу дуулж, мөргөж хүндэтгэнэ. Дуу дуулахаар уг модны холтосны завсраас рашаан ус шүүрч гардаг бөгөөд түүнээс хүртэх, магнайдаа түрхэх зэргээр адис авдаг байна.
  • Толгойн рашаанд очиж 5литр хүйтэн рашааныг толгой руугаа хийлгэж толгойгоо сэргээнэ. Хага ташим хүйтэн рашаан бөгөөд шампунь хэрэглэж болохгүй.
  • Нүүрний рашаанд очиж шавраар нь нүүрэндээ маск тавина. Түүнийг “гоо сайханы шавар” ч гэж нэрлэдэг.
  • Цагаан тун, ногоон тун гэх хоёр рашаанаас хүртэх бөгөөд тэдгээр нь рашааны зохицолыг тэнцвэржүүлдэг аж.
  • Хамрын рашаанаас авч хамар руугаа сорж угаана.
  • Зүрхний рашаанаас хүртэнэ. Амсах үедээ хойно нь орших Зүрх хэлбэртэй уул руу харж хүртвэл илүү сайн хэмээн нутгийнхан ярьдаг.
  • Зүрхний рашааны дэргэд “Хуянгийн мод” гэх саглагар том мод байх бөгөөд тэр модонд хүзүү, нуруугаа үрнэ.
  • Энерги гэсэн бичигтэй том хадан дээр сууна. Хоёр талд нь байх жижиг хонхорхойд чигчий хуруугаа хийж дарна. Тэгээд энергийн чулууны хаан суудалд заларч энерги аваад нөгөө хоёр хонхорхойд эрхий хуруугаа хийж дараад авсан энергээ “түгжих” үйл хийнэ.
  • Хоолойн шаварт очиж шаахай, гутлаа тайлаад хөл нүцгэн орно. Таван минутаар 3 удаа орно. Хоолойн шаварт хөлөө дүрсэн бол хоолой нь өвдөхгүй, ханиад хүрэхгүй болно гэж ярьдаг.
  • Мэдрэлийн рашаанд хөлөө дүрж суудаг бөгөөд зарим рашаанчид дотор нь суудаг, хэвтдэг. Хэвтдэг хэсэгт гурван минут хэвтэнэ, учир нь маш хүйтэн учраас удаан хэвтэх хэцүү аж. Энэ рашаанд өдөрт гурван удаа орох учиртай гэнэ. Мэдрэлийн бүхий л эд эс сэргэдэг. 
  • Үе мөчний рашаан нь устай, замагтай, шавартай, арай бүлээвтэр. Шавраас нь тавьж өөрсдийгөө эмнэдэг аж.
  • Нүдний рашаанаас авч нүдээ угааж нүдэндээ дусаалга байдлаар хэрэглэнэ.
  • Чихний рашааныг чихэндээ дусаалга байдлаар хэрэглэнэ. 
  • Шүдний рашаанаар амаа зайлж шүдээ “угаана”.
  • Элэг, цөс, нойр булчирхай, уушиг, бөөр, сахарын рашаануудаас ууж хүртэнэ.
  • Мөн өвдөгөө үрдэг, тавхайгаа үрдэг, цөсөө нааж хэвтэх цөсний хад, нуруугаараа хэвтээд үрдэг нурууны чулуу гэх мэт хад чулуунууд бий.

 

Наадмын амралтын өдрүүдээр амралтын байрууд дахь 25000 төгрөгний үнэтэй ор 60000 төгрөг болтол өсдөг. Рашаанаас баруун тийш 8 км зайтай Шарга нууранд очиж орсноор рашааны эмчилгээгээ баталгаажуулдаг хэмээнэ. Шарга нууранд хар хорхой байх бөгөөд орсон хүний өвчтэй хэсэгт очиж хатгадаг гэх.

Анхдугаар богд Занабазар дорно дахины маарамба нартай хамт ирж Хануй голын адаг орчимд баруун эргээс ундрах жижиг горхинуудыг шинжлүүлж улмаар “оточ маарамбын эмнэлэг” байгуулж байсан түүхтэй. Оточ маарамба нарын бүтээсэн сударт өгүүлснээр, рашаан усыг 7-14 хоногийн турш өдрийн гурван удаа уух зарчмаар хэрэглэдэг. Рашаан ус хүртэх хугацаанд архи, сүү, айраг харшилдаг тул зөвхөн хар цай уудаг. Рашааныг мөнгөн аягаар хүртэх нь маш сайн, харин зэс, төмөр, хуванцар аяга нь найрлагад нөлөөлдөг тул тохирохгүй. Мөнгөн аяганы оронд мод, шил, шаазан аягаар ууж болно. Рашаан усыг өмнө нь хэрэглэж байгаагүй бол шууд их хэмжээгээр уух нь биед зохимжгүй тул ганц аягыг маш аажуухан ууж “рашаан ус минь арьс махны завсраар шингэж эм болох болтугай” хэмээн ерөөн хүсэж шивших учиртай гэнэ.

Монгол хүний биеийн онцлогт тохируулан рашаан усыг хэрхэн хэрэглэх талаар эртний маарамбуудын тэмдэглэлд бичиж үлдээсэн зүйлс байдаг. Рашаан усаар биеэ эмнэх үедээ хүнд хүчир ажил хийхгүй, өлсөхгүй, цадтал идэхгүй, зөвхөн хонины мах хэрэглэж өл дарах, өдөр унтахгүй байх, өөр эм тан давхар хэрэглэхгүй байх, шарсан хуурсан хоол идэхгүй байх зэрэг нь “үндсэн гам” ажээ. Мөн зөвхөн өөрийн өвчилсөн эрхтэндээ дагнасан рашаан уухыг зөвлөдөг байжээ. Хоёр гурваас дээш төрлийн өвчинд өөр өөр рашаан хольж уухаар рашаан усны найрлагууд холилдож “гашлан” эмчилгээ болдоггүй. Рашааны биед үйлчлэх чадамж 20-25 жилийн хугацаатай байдаг гэнэ. Энэ хугацаа өнгөрвөл биед үйлчлэхээ байдаг учир хар залуугаараа “рашаанчин” болох хэрэггүй гэнэ. Зэргэлдээ ойрхон орших хоёр рашаан амтны хувьд адилхан боловч өөр өөр зориулалттай байдаг. Рашаан нь эргэн тойрны байгаль, өвс ургамал, тэнд амьдардаг амьтадтай хүртэл найрагдаж “жор” нь бүрэлддэг.

Сүүлийн жилүүдэд рашаан усны үйлчилгээ суларсан, үр дүн нь мэдэгдэхгүй болж байгаа нь ойр орчинд нь хүний ялгадас, хог хаягдал ихэссэнтэй холбоотой байгааг судлаачид тогтоож буй ажээ. Хануй рашааны хувьд хүний биед шууд нөлөөлөх олон шинж чанарыг агуулсан газрын хэт гүнээс ундран гарч буй рашаан ажээ. Тийм учраас энэ рашаан ус руу хэт олон хүн шавж сүүлийн үед ихээр бохирдож эхэлжээ. Наадмын амралтын өдрүүдээр зорин ирэгсэд тарваганы боодог, архи, пиво, газтай элдэв ундаа, айраг, сүү, хуушуур гээд “рашаан эмчилгээ”-нд хориотой хүнс хэрэглэж, тэр ч байтугай бүжиг диксо гээд огцом гэнэтийн хөдөлгөөн хийж рашаан усан эмчилгээний заалтууд зөрчигдөж хараа хяналтгүй “наймаа” цэцэглэжээ. Зад найрлан ууж, архи сархадаа хэтрүүлчихээд “элэгний рашаан уугаад зүгээр болчихно” гэсэн худал үгээр өөрсдийгөө тайвшруулдаг болсон ажээ.

Жич: Хануйн рашааны Ихт тур амралтын утас 91910502

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах