Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн урд талд орших Эрхэт хайрхан уул, Хараа гол хоёрын дунд ходоод гэдэс, дотрын өвчин анагаах увидастай рашаан бий. Эрт дээр үеэс нутгийн хүмүүс зуны дэлгэр цагт рашаанаас ууж хүртэж ирснээс гадна сүү сааль элбэгшсэн үед тогоо нэрэхдээ рашаанаас хийж чанар сайтай шимийн архи гарган авдаг байжээ. Эрхэт хайрхан уулын өвөрт Дондов нэртэй зурхайч лам байсан бөгөөд тэрээр энэ рашаанаас байнга уудаг байснаас ийнхүү нэрлэгдсэн аж.