Орхоны хөндийн БЦГ болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Могойтын аманд Могойтын халуун рашаан бий. Могойтын халуун рашаан нь Хангайн нурууны дорнод хэсэг болох Булганы хүрэн чулуу, Зэсэн улаан зэрэг ойн бүснээс дээш 3000-2200 метрт өргөгдсөн тагийн өвсөөр хучигдсан, хушин ой бүхий нүцгэн хад, маш бэрх өндөр хөвөөгийн араас салаалан урссан 2 горхины дундаас ундран гардаг. Могойтын халуун рашаан Бат-Өлзий сумаас баруун урагш 18км, Хужирт сумаас 70км, Арвайхээр хотоос 100км, Улаанбаатараас баруун тийш 450км зайд оршино.
Өндөр гэгээн Занабазар Жавзандамба хутагт энэ рашааныг нээж өөрийн тааллаар шүншиглэн аравнайлж адисласан рашаан юм. Тус рашаан үе мөчний архаг өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, арьсны зарим өвчин, мэдрэлийн өвчин, бүх төрлийн харшил болон хүний 16 эрхтэний өвчнүүдэд ууж хэрэглэдэг байсан тухай ахмад буурлууд хуучлан ярьдаг. Зон олон өвчин эмгэгээ илааршуулахад хэрэглэж байснаас гадна уурын утлага, халуун чулууны жин, рашааны замаг, шавар зэргийг зүй зохистой ашиглаж ирсэн байна.
Оросын эрдэмтэд 1944 онд тус рашааны химийн найрлагыг тогтоож 16 ундаргатай 33-72 градусын халуун цацрагтай чанар нь 1.45 имонь байв гэж тодорхойлжээ. 1970-1980-аад онуудад Бат-Өлзий сумын нэгдэлчдийн рашаан амралт байсан. 1990-ээд оноос нийгмийн харилцаанд өөрчлөлт орох үед рашаан эзэнгүйдэж, талхлагдан бохирдож байсан үе бий. Сүүлийн 5 жил Могойт СПА жуулчны бааз эзэмшин үйл ажиллагаа явуулах болсноор рашааны орчин бохирдолгүй болсон. Энд 60 хүн хүлээн авах зочид буудал, саун, душь, бассейн барьж ашиглалтанд оруулсан байна.
Чулуун дээр тодорсон могойнууд, яст мэлхий, байгалийн суварга, Цагаан хайрхан зэрэг түүхийн явцад хадгалагдан үлдсэн үнэт зүйлс энд бий.
Захиалга авах хаяг: ХУД, 15-р хороо, Зайсан гудамж, "Royal residence" хотхон, 14 тоот
Утас: 93100100, 88090150