1961 онд Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн-Ундрал” нэгдлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрээр халуун рашааны ордыг түшиглэсэн “Халуун усны рашаан амралт” нэртэйгээр байгуулагдсан.
Рашааны найрлага: Сульфат ба сульфат-карбонат натрийн найрлагатай 0.83гр/дм3 эрдэсжилттэй +38⁰С+44⁰С халуун рашаан юм. ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын газрын царцдас судлалын хүрээлэн, Монгол улсын ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнгийн хамтарсан экспедицийнхэн 2007 онд судалгаа хийж найрлагыг тогтоожээ. Сульфидийн усыг хэсэгчилсэн газарт хэрэглэснээр салст бүрхэвчийн гиперемийг үүсгэж, гялангийн эпителийн (функция мерцательного эпителия) ажиллагааг нэмэгдүүлдэг. Энэ урвал нь амны хөндий, үтрээ, шулуун гэдэсний салст бүрхэвчний эмчилгээ, түүнчлэн хамар хоолойн эрхтэн, амьсгалын замын өвчнүүдэд ч чухал хэрэгтэй байдаг. Рашаан усанд фтор өөр элементүүдтэй комплекс нэгдэл үүсгэн оршдог бөгөөд түүний илүүдэл ба дутагдал ялангуяа шүдэнд илэрдэг өөрчлөлтийг үзүүлнэ. Галтын рашаанд 9.4 мг/дм3 фторид ион агуулагдаж байгаа нь өндөр үзүүлэлт бөгөөд халуун рашааныг дотуур хэрэглэдэггүй. Рашаан усны физиологийн үйлчлэл үзүүлдэг үзүүлэлтийн нэг нь түүний орчин рН юм. Шүлтлэг орчинтой рашаан ус арьстай харилцан үйлчлэлцэж түүний уян хатан чанарыг нэмэгдүүлдэг учир Галтын рашаан (рН=8.8) арьсны олон өвчний үед тааламжтай үйлчилгээ үзүүлнэ.
Галтын рашааны цахиурын хүчлийн өндөр агуулга нь түүнийг эмчилгээнд хэрэглэх үндсэн үзүүлэлтийн нэг болно. Цахиур түүний нэгдлүүд нь симпатикометик үйлчлэл үзүүлдэг буюу өөрөөр хэлбэл солилцооны процесст нөлөөлөх чадвартай биологийн идэвхит бүрэлдэхүүнүүд юм. Цахиурт нэгдлүүд нь хортой нэгдлүүдийг устгах чадвартай. Тэдгээр нь паразитын эсрэг үйлчилгээтэй. Цахиурт нэгдлээр баялаг рашаан усыг дотуур хэрэглэх үед гэдэсний эсэлт багасдаг.
Бие махбодийн олон үйл ажиллагаа Калийн ионоос хамаарна. Булчин агших бүр калийн ион булчингаас гарч агшихаа зогсмогц буцаж орж тэнхээ тамир оруулна. Кали дутвал хоол унданд дургүй болох өсөлт удаашрах, мэдрэлийн сэрэл доройтох үе мөч өвдөх эцэж турах, зүрх муудах зэргээр өвчилнө.
Цус бүлэгнэх, хордлого бууруулах, халуун дарах, мэдрэлийн цочрол намжаах, бие чийрэгжүүлэх, халдвар үл халдаах, илүүдсэн кали, натри, магнийн хорыг арилгах, төмрийн солилцол, шингэцийг сайжруулах явцад кальций чухал хүчин болж үйлчилнэ. Кальци дутвал яс зөөлрөн хэврэгших булчин, үе мөч өвдөнө.
Салбарт (Галтын) халуун рашаанд гелий 1.83*10-2 мл/дм3 буюу фон агуулгаас 352 дахин их, хүйтэн рашаанд 4.66*10-4 мл/дм3 буюу фон агуулгаас 9 дахин их агуулагдаж байна. Энэ дүн Галтын халуун рашаан гүний хагарлаас ундарч байгааг илтгэж байна.
Рашаан сувилалд эмчилж тохирох өвчний жагсаалт
Нэг. Тархи мэдрэлийн эмгэг
Хоёр. Үе мөч, хүзүү нурууны эмгэг
Гурав. Арьсны зарим эмгэг
Дөрөв. Амьсгалын эрхтний эмгэг
Тав. Бөөр шээсний замын эмгэг
Зургаа. Эмэгтэйчүүдийн эмгэг
Долоо. Хоол боловсруулах замын эмгэг
Найм. Зүрх судасны эмгэг
Рашаан засал:
Байгалийн шавар эмчилгээ: Эмчилгээний зориулалтын ус, эрдэс шим бодис агуулсан нарийн ширхэгтэй, уян, налархай, наалдамхай шинжтэй, анагаах чанартай, байгалийн шаврыг рашаанаар найруулж, буцалган тодорхой температур хүртэл халааж тавина. Шавар тавих талбай, шаврын хэмжээ, температур нь шавар эмчилгээ хийх үндсэн зарчмын дагуу хийгддэг. Эмчилгээний чанарын шаардлага хангасан Эрхэл нуурын шаврыг зөөж ашигладаг.
Зүү төөнүүр эмчилгээ: Зүү эмчилгээ, монгол төөнө, янжууран төөнө, цахилгаан төөнүүр эмчилгээг рашаан эмчилгээтэй хослуулан хийхэд эмчилгээний үр дүн сайн байдаг.
Физик эмчилгээ: Физик эмчилгээний тасаг УВЧ, соллюкс, ионжуулагч зэрэг аппаратаар эмчилгээ явуулдаг. Татлага хийдэг.
Биеийн тамир эмчилгээ: Эмчлүүлж сувилуулагчид тохирсон дасгал хөдөлгөөн хийгдэнэ. Задгай талбайд болон анхилуун цэцэрлэгт биеийн тамираар тогтмол хичээллэх боломжтой. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, усан дасгалаар бие бялдраа хөгжүүлж, чийрэгжүүлэх боломжтой.
Давсан агуй, давсан замын эмчилгээ: Давсан агуйд эмчийн заалтаар сууж амьсгалын замын болон бусад өвчний үед эмчилгээ хийнэ. Давсан агуйд суух үед амьсгалын дасгалыг хийвэл илүү үр дүнтэй. Чийрэгжүүлэх өрөөнд 0.5х1.5м хайрцагт хийсэн жамц давсан дээгүүр алхуулж эмчлэх эмийн бус үр дүнтэй арга юм.
Элсэн шарлага: Эмнэлгийн байрны дэргэд 10х10м2 элсэн талбай нь нарны тусгал, халуун рашаан, дулаан уур амьсгалын нөлөөгөөр халж, маш сайн элсэн засал болдог бөгөөд рашаан эмчилгээтэй хослуулахад, бөөр давсаг, ууц, нурууны мэдрэлийн үрэвсэлд маш сайн нөлөө үзүүлдэг.
Ургамлын үнэр эмчилгээ: Ургамлаас ялгаруулдаг эмт бодист агуулсан үнэрээр сувиллын дэргэд байгуулсан анхилуун цэцэрлэгт эмчийн заалтын дагуу тодорхой давтамж, зөвлөмжийн дагуу ургамлын үнэр эмчилгээг хийнэ. Рашаан эмчилгээтэй хослуулахад үр дүн сайтай.
Хөгжмийн эмчилгээ: Хүний төрөл бүрийн мэдрэмжийг илэрхийлсэн, зүрх сэтгэлийг уяраасан хөгжмийн төрлийг олон зууны тэртэйгээс эмчилгээнд ашиглаж иржээ. Дуу чимээ нь хүний эс, эрхтэн бүрт нөлөөлөх чадвартай. Хөгжим нь сэтгэлийн дарамт, хорт хавдар, даралт ихдэх, зүрхний өвчин, оюун ухааны өвчнийг анагааж нойрсуулах, тайвшруулах зэрэг олон төрлийн эмчилгээнд ач холбогдолтой. Нам гүм орчинд хөгжим сонсоход ухааныг сэргээж, анхаарлыг төвлөрүүлж, биеийн зарим үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг.
Барагшун засал: Барагшун бол органик ба органик бус олон бодисууд өөртөө нэгтгэсэн нарийн нийлмэл бүтэцтэй. Барагшуныг чих хуурайгаар өвдөхөд, хамраас цус гоожиход, гүйлсэн булчирхайн үрэвслийн үед, яс хугаралт, түүний идээт үрэвсэл, үе мултарч хэвдээ орсны дараах хавдар, битүү буглаа, толгой таллаж өвдөх, нүүрний мэдрэлийн судлалын үрэвслээс болсон саажилт, унаж тусах, хэрлэг өвчний үед болон үе мөч өвдөхөд хэрэглэнэ.
Саам эмчилгээ: Туслах аж ахуйдаа түшиглэн ямааны сүү, гүүний саам эмчилгээ хийдэг.
Хануур, төөнүүр, бумба засал: Эдгээр уламжлалт эмчилгээний аргуудыг рашаан эмчилгээтэй хавсруулан тохирох заалтын дагуу хийхэд эмчилгээний үр дүнд сайн.
Иллэг, бариа засал: Бүтэн биеийн зөөлөн бариа, халуун сүүн бариа, халуун шөлөн бариа, халуун тосон бариа, шар сүүн бариа хийх. Эдгээр бариа нь биеийн үйл ажиллагааг сэргээх, бие махбодыг хоргүйжүүлэх, тамиржуулах, хүч сэлбэх, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлдэг. Рашаан эмчилгээтэй хослуулахад эмчилгээний үр дүн сайн.
Амин дэм засал: Сувилал нь хангайн бүсийн нэрс, үхрийн нүд, улаалзгана, мойл, тошлой, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг жимс, самар элбэг ихээр ургадаг газарт байрладаг бөгөөд амрагч сувилуулагчдад нохойн хошууны ханд, үзэмний шүүс, жимсний шүүс, чанамал, тараг, сүү, ээдэм зэрэг бүтээгдэхүүн тогтмол өгч амин дэмийн засал хийдэг. Мөн анхилуун цэцэрлэгт чацаргана тарьж ургуулан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлчилдэг.
Ион эмчилгээ: Хасах цэнэгээр ионжуулагч төхөөрөмжөөр дотоод орчны агаар дахь нэмэх цэнэгийг бууруулж, хүний эрүүл мэндэд ач тустай хасах цэнэгээр ионжуулсан орчинг үүсгэн ион эмчилгээг хийнэ. Хасах цэнэгтэй ионы тоо хэдий чинээ их байх тусам төдий чинээ хүний биед ашигтай байдаг бөгөөд хасах цэнэгтэй ионыг агаар дахь “витамин” гэдэг байна. Энэхүү эмчилгээ нь зүрх судасны өвчин, даралт ихдэх, уушигны сүрьеэгийн эхэн үе, амьсгалын дээд замын үрэвсэл, ангина, мэдрэлийн тогтолцооны өвчин, 12 нугалаа гэдэс, ходоодны шархлаа, нойргүйдэл, харшлын төрөл бүрийн өвчин, гуурсан хоолойн багтраа, арьсны тууралт, ил шарх, шархлаа, түлэнхий, хүүхдийн өвчин, ядаргаа, цочромтгой байдал, анаарал сулрах зэрэг өвчний үед маш сайн үр дүнтэй байгаа болно. Түүнчлэн байнга хасах цэнэгтэй ионоор баялаг газар амьдардаг хүмүүс урт насалдаг нь өтлөлтийг удаашруулдагтай холбоотой ажээ.
Рашаан сувилалд үл тохирох өвчний жагсаалт:
Холбогдох утас: 353288, 352885, 98008083, 98283080