Говийн гурван тэмээ эко лоож нь Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутагт Булагтай уулын энгэрт оршдог. Даланзадгад хотоос баруун хойш 70 км, Баянзагаас 50 км, Молцог элснээс 35 км, Хавцгайтын хадны зургаас 25 км, Ёлын амнаас 70 км, Хонгорын элснээс 160 км, Булган сумын төвөөс 30 км зайд байрлалтай. Тус эко лоож нь Монгол орныг дэлхийн улс орнуудад таниулан сурталчлах, дэлхийн жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл ажиллагаа явуулдаг.
Говийн гурван тэмээ эко лоож нийт 40 люкс гэртэй. Бүх гэрүүд дотроо ариун цэврийн өрөө болон 24 цагийн халуун устай. Мөн 60-80 хүний багтаамжтай ресторан,100 гаруй төрлийн архи, дарс, коктэйлээр үйлчлэх лоунж, уламжлалт массаж, бэлэг дурсгалын дэлгүүр, мини кинотеатр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Ардын урлагийн тоглолт үзүүлэх, слайд шоу, семинар зохион байгуулах зориулалттай 60 хүний суудал бүхий гол танхимтай. Модоор зангидаж, ганц ч хадаас оруулалгүйгээр байгалийн чулуу, элс ашиглан барьж байгуулсан монгол сүмийн загвартай барилга бүхий үйлчилгээний байшинтай. Тус байшинд лоожийн гал тогоо, чөлөөт цагийн өрөө, номын сан, бичил музей байрладаг.
Баазын үүсгэн байгуулагч, захирал Жалса Урубшуров нь 2002 онд байгалийн сайхныг өөрчилж хөндөхгүйгээр тухайн орчинд бүтээн байгуулалт хийхийг зорьсон бөгөөд нүүдэлчин ахуйг орчин үеийн хэв маягтай хослуулсан өнөөгийн Говийн гурван тэмээ эко лоожийг санаачлан барьж байгуулсан.
2013 онд National geographic студиэс тодруулдаг "Дэлхийн шилдэг 25 эко бааз"-ын нэгээр шалгарсан. Байгаль орчиндоо ээлтэй бааз байх, байгалиа хайрлан хамгаалдаг хамт олон байх зорилгоор хуванцарын хэрэглээг багасгах шийдлийг хэрэгжүүлсэн. Хуванцар сав, гялгар уут зэрэг байгальд 450-1000 жил оршиж байдаг зүйлсийг хэрэглээнээс гаргахыг зорьж ажилласан. Жуулчны гэрүүдэд шилэн лонх байрлуулж цэвэр усыг хангадаг, мөн аялалд гарахад нь төмөр усны сав, шилтэй ус түгээдэг. Энэхүү зорилгыг хэрэгжүүлснээр нэг жилийн хугацаанд гардаг байсан 26000 ширхэг хуванцар савны хаягдал гарахаас сэргийлж чадсан. Мөн 2017 оноос гялгар уутыг хэрэглээнээс хасч цаасан уутаар орлуулсан. Баазын хамт олон бүх төрлийн нэг удаагийн хуванцарын хэрэглээгээ багасгах, цаашлаад бүр хэрэглэхгүй байх, дахин хэрэглэж болох хатуу хуванцар саваар түр орлуулах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Говийн гурван тэмээ бааз нээгдсэн цагаасаа хойш 8000 гаруй мод ургамлыг баазын орчинд тарьж ургуулсан байна. Мөн хүнсний ногооны тариалалт хийж, хүлэмж байгуулан өргөн хэрэглээний хүнсний ногоог тариалж үйлчилгээндээ хэрэглэдэг.
Утас: 800 998 6634
Facebook: Three camel lodge
E-mail: info@threecamellodge.com
Website: www.threecamellodge.com