Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын хойд талд, Онгийн хийдийн туурины дэргэд байрладаг. 2001 онд "Онги энержи" бааз байгуулагдсан бөгөөд 30 гэрт жуулчдыг хүлээн авах боломжтой. Нэг дор 60 хүн хүлээн авах ресторан, хурал семинарын танхимтай. Боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй. Дугуйн аялал, тэмээн аялал, явган аялал хийх боломжтой. Биллярд ба теннис тоглох, үндэсний тоглоомоор тоглох, хорхог боодог захиалах, бэлэг дурсгалын дэлгүүрээр үйлчлүүлж болно.
Онгийн хийд: Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь бөгөөд "Хотол өглөгч" гэсэн утгатай “Гүнджамбаалин” гэх түвд нэртэй байжээ. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг, 28 сүм дугантай байжээ. Тус хийдээс 15 км зайд Онги гол дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт байгуулагдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэгддэг байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарнийн бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ. Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж нь 1937 онд баригдаж хэлмэгджээ. Онгийн хийдийг тойроод эргэн тойрон ууланд 5 тахилгатай овоо өдгөө үлдсэн байдаг. Тэдгээрийг Дөрвөлжин шашир, Бурхант шашир, Лувсан жамба, Бумбат, Сайхан-Овоо хэмээн нэрийддэг. Мөн хийдийн туурины зүүн захад “Ходоодны рашаан” байдаг. Энэхүү рашааныг хамгаалж сүүдрэвч бүхий хашаа тойруулан барьж, ховоогоор татаж хэрэглэхээр болгон худаг байгуулжээ.
Утас: 99719392
Facebook: Ongi energy tourist camp
E-mail: ongitemple@yahoo.com