Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт аймгийн төвөөс 60 км зайд Сүх Хөх бүрдийн дэргэд байрладаг. УБ хотоос засмал замаар 186 км яваад зам салж 70 км шороон замаар явж хүрнэ. Бага газрын чулуунаас баруун тийш байрладаг. Стандартын шаардлага хангасан монгол гэр болон цомцог гэрүүдтэй. Цомцог гэрүүд дотроо боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй.
Тус баазаас Цагаан суварга 280 км, Онгийн хийд 150 км, Их газрын чулуу 120 км, Бага газрын чулуу 18 км, Чойрын хийд 25 км зайтай. Эдүгээ Сүм Хөх бүрдэд жилд 3000 орчим гадаад, дотоодын аялагчид ирдэг болоод байна.
Хөх бүрд нуурын дунд орших жижиг арал дээр XYI-XYII зууны үед баригдсан чулуун цайзын туурь байдаг. Туурийг тойрон үзэхэд өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр. 150 сантиметрийн зузаан ханатай 4 хэсэг бүхий том цайз юм. Анх XYI зууны үед Түвдийн нэг ноёны хүү ирж нутгийн иргэдээр бариулсан боловч барилгын нурууг нь барьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Ийнхүү оройгүй сүм үлдсэн гэдэг. Хожим хэд хэдэн удаа дээвэр хийсэн боловч тухай бүрд нь аянга бууж эвдсэн учир дээвэргүй үлдсэн байна. Бас нэгэн том барилга байсныг нутгийн ардууд буулгаж малын хашаа барьжээ. Энэ чулуун цайзыг барихад хэрэглэсэн чулууны ижил нь өмнө зүгт 200 гаруй км алсад байгаа бөгөөд тэндээс тэмээн хөсгөөр тээж ирсэн гэж таамагладаг. Мөн барилгын урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм барьсан байжээ. Хөх бүрд нуурын шавар нь маш сайн барьцалдуулах чанартай учир тус шаврыг авч барилгын ажилд ашиглажээ.
Нуурын усыг 3 горхи сэлбэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ган гачигийн улмаас нэг л булаг үлдэж усны түвшин ихэд доошлон жил ирэх тутам багассаар байгаа юм. Ус ихтэй жил ангир, галуу, хун, нугас зэрэг усны шувууд зусдаг. Нуурын урд талд "Үүдэн булгийн рашаан" ундардаг. Хөх бүрдийн арал дээр ноён хутагт Д.Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулдаг байжээ. Арал дээр үлдсэн чулуун цайзын туурийг 1998 онд улсын тусгай хамгаалалтанд авсан.
Утас: 80002828 99802587
Facebook: СҮМ ХӨХ БҮРД амралтын газар