Баазын захирал Д.Мягмарсүрэн гуайн цуглуулга сонирхолтой. Пянз тоглуулагч, магнитфон, зургийн аппарат, хөгжмийн зэмсэг гэх мэт хуучны зүйлсийг гадаад дотоодын жуулчдад сонирхуулдаг. Баазад нь ирсэн зарим жуулчид тэдгээр хуучны эд зүйлсийг гадаах орчинд донжийг нь олж тавиад зургаа авхуулах дуртай. Ковидоос өмнө Унгарын зураачид олон хоногоор байрлаж байгалийн бүтээлүүд туурвиж байгаад явсан гэдэг.
ХЭНТИЙ ЭКО: УБ хотоос 308 км, Чингис хотын наана орших “Хэнтий эко” баазад сургалтынхаа дадлага хичээлийг хийхээр очиж байсан юм. Тэрүүхэн тэндээ байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар бөгөөд зундаа “уулын зэрлэг сакура” буюу ягаан цэцэгт бүйлс ихээр дэлгэрдэг. Жуулчид хөдөө орон нутагт зочид буудлаас илүү жуулчны баазад буюу задгай байгальд байрлахыг илүүд үздэг. Чингис хотын орчинд ойрхон бааз байгаа нь сайн хэрэг.
АРГАЛЬТАЙ ГАМАЛ: Баазын ар талд Гамал хэмээх сүрлэг шовх хадат уул бий. Хубилай хааны олон үр ач нарын нэг нь “Гамал” гэх нэртэй байсан гэдэг. Гамал ууланд аргаль хонь бэлчиж байдаг. Баазын захирал Д.Мягмарсүрэн ах аргаль угалзнуудад зориулж өдөр бүр нэг цэгт хужир шүү, давс, хадсан өвс энэ тэрийг аваачиж тавьдаг. Маргааш өглөө нь аргаль угалзууд ирж бэлдсэн идэш тэжээлийг иддэг байна. Бааз дээрээс харж болох ба тусгайлан бэлдэж байрлуулсан дурангаар ч харах боломжтой. Хүнээс үргэж хэдэн арван км хол талийдаг аргаль угалзнууд одоо тус баазын орчинд ойрхон орж ирдэг болжээ.
ТООНООС ИЛҮҮ ЧАНАРТ: Гэр бүлийн хүнтэйгээ хамт зүгээр суухгүй үргэлж аргаль хомоолоор түлш бэлдэнэ, ажилсаг гэдэг нь илт. Баазын эзэгтэйн хоол амттай, бас хямд төсөр. Мягмарсүрэн захирал гэр ба орны тоогоо нэмэгдүүлэхээс илүү тав тухтай, цэвэр цэмцгэр байлгахыг зорьж байна аа, шүршүүртэй болгож байгаа, мөн битүүмжилсэн био 00-той болсон гэж байсан. Одоогоор нэг гэрт 150 мянган төгрөгөөр байрлах ба 10 гэрт 30 зочин хүлээн авах боломжтой.
Фэйсбүүк: khentii eco camp
Утас: 9808 0445
И-мэйл: miga0301@gmail.com
Вэб сайт: www.khentiieco.blogspot.com