Улаанбаатарын өвлийн наадам

Улаанбаатарын өвлийн наадам арга хэмжээ нь жил бүрийн 2 дугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Скай ресорт зэрэг газруудад зохион байгуулагддаг. Тус өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.


Наадмын хөтөлбөр:

  • Уран гулгалт болон тэшүүрийн үзүүлэх тоглолт
  • Мөсөн шагайн харваа
  • Мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчдын болон жуулчдын тэмцээн
  • Мөсөн дээрх урлагийн тоглолт
  • Өвлийн хувцасны загварын үзүүлбэр
  • Үндэсний тоглоом наадгай
  • Бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа
  • Халуун хоол ундааны үйлчилгээ

Найрсаг Улаанбаатар хотод өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилготой уг баярт оролцох гадаадын жуулчид нэр бүхий 4, 5 одтой зочид буудлуудад 50 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжтой. Тус наадам нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй. Уламжлалт хэсэгт нь Монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, парад багтдаг. Орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, хоккей, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, дөрвөн дугуйт, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, сноуборд, рагбигийн тэмцээнүүд зохион байгуулагддаг.