Буриад түмний соёлын их наадам “Алтаргана" нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг. Анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд Буриад дууны уралдаан нэртэйгээр анх
зохиогдож байсан тус наадам өдгөө олон улсыг хамарсан буриадын ардын урлаг,
уламжлалт зан заншилын баяр болж өргөжсөн.
Тус наадам анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд ойр хавийн буриад сумдын
хүрээнд ардын дуу хуурын наадам маягаар зохиогджээ. Хоёр дахь удаагийн наадам
нь Хэнтий аймгийн Биндэр суманд 1996 онд явагдсан. 1998 онд Хэнтий аймгийн
Батширээт суманд болсон гурав дахь удаагийн Алтаргана наадам Монгол орны зүг
бүрт суугаа Буриад монголчуудыг хамарч өргөжин тэлсэн юм. Улмаар 2000 онд
Дорнод аймгийн Дашбалбар суманд болсон Алтаргана наадамд Эрхүүгийн гэгдэх
баруун буриадууд, Улаан-Үдийн гэх тодотголтой БНБуриад улс, Агын буриадаас
зочид төлөөлөгчид ирж оролцон нижгэр наадам болсон билээ. Чухам энэхүү наадмын
үеэр Алтаргана наадмыг зохион явуулах талаар зөвлөлдөж байх олон улсын хороог
байгуулахаар хөөрөлдсөн баримт бий. Эндээс Алтаргана их наадам Монголын хилийг даван дэлхийн Буриад монголчуудын хүсэн хүлээсэн их наадам болох эхлэлээ
тавьсан түүхтэй. Тав дахь Алтаргана их наадам 2002 онд ОХУ-ын Агын буриадад
болж Усть-Ордын автономит тойрог, Эрхүү, Чита, Москва төдийгүй Өвөрмонголоос
анх удаа угсаа гарвал нэгт Шэнэхээн буриадын ахан дүүс ирж оролцсон. Зургаа дахь удаагийн их наадам 2004 онд Дорнод
аймгийн Чойбалсан хотод болж, ОХУ, БНХАУ-аас буриад зоны төлөөлөгчид оролцсон бол 2006, 2008 онд БНБуриад улсын нийслэл Улаан-Үд хот, Эрхүү мужийн
төв Эрхүү хотод, 2010 онд Монгол улсын
нийслэл Улаанбаатар хотод, 2014 оны наадам Хэнтий аймгийн Дадал суманд зохион
байгуулагдсан.
Алтаргана их наадам зохиогдож асан эхний жилүүддээ их төлөв Монгол улсын
Хэнтий, Дорнод аймгийн буриад сумдын хэмжээнд уламжлалт дуу хуур, бүжиг наадмаа
сурталчилсан шинжтэй зохиогддог байсан хэдий ч жил ирэх тутам улам өргөжиж,
Орос, Хятад дахь буриадаар тогтохгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй
гарал нэгтнүүд маань оролцох болсон.
Алтаргана их наадам нь буриадын уламжлалт урлаг соёл, спорт, гар урлал, зан
заншил зэрэг үндсэн төрлөөр зохиогдож ирсэн түүхтэй аж. Үүнээс жишээ болгон
дурдахад, Дорнод аймгийн Чойбалсан хотод зохиогдсон “Алтаргана-2004″ Их наадмын
хүрээнд буриад сурын харваа, хүчит 96 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан,
буриад ардын дуу, зохиолын дуу дуулаачдын тэмцээн 4 насны ангиллаар, язгуур
урлагийн наадам, буриад түүх соёлын үзэсгэлэн, ардын гар урлалын үзэсгэлэн
худалдаа, бөө мөргөлийн зан заншил, хуучны маягийн буриад монгол гэр
шалгаруулалт, ганган хос морьтон, хос морин тэрэгтэн шалгаруулах зэрэг олон
янзын тэмцээн уралдаан явагдаж байсан.
Алтаргана их наадмын тэмцээн уралдаан нь наадмаас наадамд улам бүр баяжин
хөгжиж ирснийг харж болно. Тухайлбал, Угсаатны зүйн сэдвийн хүрээнд буриад
ардын үлгэр тууль хэлэлцэх тэмцээн, буриадын уламжлалт ахуй, соёл, зан заншлыг
сурталчлах “Буриад хүний нэг өдөр” сэдэвт театрчилсан тоглолт, загвар зохион
бүтээгчдийн дунд буриад хувцасны уламжлалт ба орчин үеийн загварын тэмцээн,
спортын наадам тэмцээний хувьд уламжлалт эрийн гурван наадмын төрлүүд дээр
шатрын тэмцээн нэмэгдсэн байна.
Мөн их наадмыг олон нийтэд сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд “Алтан
саг” сэдэвт радио, телевиз, интернэт, сонин сэтгүүлийн шилдэг бүтээлийн
уралдаан, гэрэл зурагчдын дунд “Бидний амьдарч буй ертөнц” сэдэвт уран сайхны
гэрэл зургийн уралдаан зэргийг явуулах болжээ. Буриадын язгуур соёлыг аялал
жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн “Буриад суурин” угсаатны аялал
жуулчлалын төвийн төслийн үзэсгэлэн-уралдаан, Буриадын гоо бүсгүй шалгаруулах
“Дангина” тэмцээн, шүлэг яруу найргийн тэмцээн зэрэг төрлүүд мөн нэмэгджээ.
Монгол Улсын Засгийн Газар, холбогдох яам,
байгууллагуудын зүгээс ч Алтаргана их наадамд ихээхэн анхаарал хандуулж, зохих
дэмжлэг үзүүлж байна. Наадамд уламжлалт төрлүүдээс гадна бөхийн барилдааныг
монгол бөхийн жишгээр явуулах, их насны морьдын уралдаан явуулах, гэрэл зургийн
үзэсгэлэн гаргах зэрэг өөрчлөлт орсон байна. Мөн уран сайхны кино гэсэн шинэ
номинаци нэмэгдсэн. Халимаг, Баргаас хүртэл төлөөллөө оролцуулдаг болсон ажээ. Ийнхүү өнө удаан жилийн баялаг түүх, соёлын арвин уламжлалтай Буриад зоны
бахархал болсон Алтаргана их наадмын утга агуулга, ач холбогдол нь жилээс жилд
нэмэгдэн, улмаар бүх монгол туургатныг хамрах төлөв ажиглагдаж байна. Үүний
цаад шалтгаан нь асар хурдацтай өөрчлөгдөн хөгжиж буй өнөөгийн дэлхий ертөнцөд
дан гагц буриадаар тогтохгүй нийт Монгол угсаатанд уламжлалт өв соёлоо хадгалан
үлдэх, үр хойчдоо өвлүүлэх, хөгжүүлэн бэхжүүлэх шаардлага тулгарч байгаатай
холбоотой. Үүний нэгэн илрэл нь сүүлийн жилүүдэд Барга, Үзэмчин нарын зохион
явуулах болсон “Баргажин”, “Алтан дөрөө” зэрэг урлаг соёлын наадам юм.