Алейка дээд гурил, будаа зэргийг Уулын Алтайнхан үйлдвэрлэдэг. Алтайн нурууны хамгийн үзэсгэлэнтэй газар бөгөөд манай Монголчуудын Хаант Оросод алдсан газар нутаг билээ. Газар нутгийн нэршлийн ихэнх нь монгол үг байдаг. Эдүгээ ОХУ-ын нутаг дэвсгэрт Баян-Өлгий аймгийн баруун хойно залгаа оршдог Алтайн Бүгд Найрамдах Улс юм. Манжерок тосгоны уугуул иргэдийн өв соёл, Чүйн хөндийн авто замын бүтээн байгуулалт нь олон сая жуулчдыг татаж байдаг. Путин, Шойгу хоёр байнга ирдэг болсноор улам ч нэр алдар түгсэн гэхэд болно. Тайгын цай, эмийн ургамлаараа нэн алдартай.
ЧҮЙН АВТО ЗАМ: Чүйн авто зам нь дэлхийд 5 дугаарт бичигддэг бөгөөд замын хоёр талаархи тосгонууд маш үзэсгэлэнтэй, үүх түүхээр баян. Эртний Монголчууд “Чүйн хөндий” гэдэг байсан бөгөөд энэ хөндийгөөр эртний Торгоны зам, Цайны замын худалдаачид дайран өнгөрч Алтайн нурууг давдаг байжээ. Эдүгээ Чүйн авто зам орон нутгийн бус ОХУ-ын статусаар зам харилцааны асуудал нь зохицуулагддаг. Катунь (Хатан) голын баруун салааг Чүйн гол гэдэг бөгөөд оросууд Чуя гол хэмээнэ.
ЗАМ ДАГАСАН ХӨГЖИЛ: Чүйн авто зам Горный Алтайн Бийск хотоос эхэлдэг бөгөөд Оросын жуулчдыг Уулын Алтай руу аялах тав тухыг хангадаг. Хэрвээ энэ замыг тавиагүй байсан бол жилд 4, 5 сая жуулчид зорин ирэх боломжгүй юм. Тэгэхээр авто зам гэдэг аялал жуулчлалын хамгийн чухал дэд бүтэц. Хамгийн гол нь энд авто зам нь жуулчдыг дагуулаад ирэхэд байрлуулах орон нутгийн буудал, баазууд аль хэдийнэ байгуулагдчихсан, нутгийн иргэд нь үйлчилгээ үзүүлэхэд бэлэн, жуулчдын чөлөөт цагийг аз жаргалтайгаар өнгөрүүлэх тохижилт үйлчилгээнүүд нь бэлэн. Энэ бол аялал жуулчлалын хамгийн гол утга учир. Гэтэл манайд эсрэгээрээ. Буйр нуур, Хяргас нуурын Хэцүү хад, Улаагчны Хар нуурын элсэн манханы бүс дээр бэлдэж амжаагүй байтал авто зам дагаад дотоодын аялагчид “бүүм” хийсэн. Байдал ямар байгааг, ямар болсныг салбарынхан бүгд мэдэж байгаа.
АЛТАЙН ЕСӨН ГАЙХАМШИГ: Горный Алтай бол Оросын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Уулс, гол мөрөн, онгон дагшин нуурууд, эртний тосгонууд, тэдгээрийн амьдрал, өв соёл, домог түүх нь жуулчдыг татдаг.
Белуха уул: Казахстан улсын хилээс холгүй орших Усть – Коксинскийн дүүрэгт байрладаг. Аялахад хамгийн тохиромжтой үе нь 5-10 дугаар сар. Белуха бол Алтайн нурууны хамгийн өндөр оргил бөгөөд 4509 метр өндөр. Уулнаас Катунь (Хатан) гол эх авч урсдаг. Уулын бэлд Белуха үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг. Белуха ууланд гарахын тулд мэргэжлийн уулчин байх ёстой. Явган аялагчид бол уулын бэлд хүрдэг. Белуха нэрээр архи хүртэл үйлдвэрлэсэн байдаг.
Кызыл Чин голын хөндий: Тус хөндийг “Алтайн Ангараг” хэмээн сансар ертөнцийн гаригтай зүйрлэх нь бий. Учир нь эрдэс, металлын өндөр агууламжаас үүдэн улаан, улбар шар, шар, нил ягаан өнгөөр сүлэлдэн харагдах нь гайхамшигтай. Монгол Улсын хилийн цаахна орших Кош-Агач бүсэд, Чүйн замын 864 дэх км орчмоос эхэлдэг. Алдарт жүжигчин, зохиолч, найруулагч Василий Шукшины төрсөн тосгон бий. Тосгоныхон Оросын дотоодын аялагчдад “Шукшин энд төрсөн” хэмээн сурталчилдаг. Тосгоныхон пирожки, блинчик, гамбир, дарсан мөөг, жимс, самрын бизнес хийж аялагч жуулчдаас орлого олно.
Актру: Кош-Агач мужийн Хойд Чүйскийн нуруун дээрх Актру уул. Горный Алтайгаас Актруд хамгийн ойрхон суурин хүртэл 391 км. Суурин дээр өдрийн 600 рублээр байшин түрээслэх боломжтой.
Гейзер нуур: Улаган мужийн Акташ тосгоноос 6 км зайд оршдог. Цэнхэр шавар, халуун рашаанаараа Орос даяар алдартай. Горный Алтайгаас 361 км зайд оршдог.
Кучерлинское нуур: Усть – Коксинскийн дүүргийн маш үзэсгэлэнтэй газар. Горный Алтайгаас нуур хүртэл 386 км. Зуны 6-9 сард аялах тохиромжтой бөгөөд машинаар очих боломжгүй, явган аяллаар эсвэл мориор хүрэх боломжтой. Нуур нь д.т.д 1790 метр өндөрт, Катунскийн нурууны бэлд байрладаг.
Кату-Ярикийн даваа: Горный Алтайгаас 455 км зайд Улаганскийн дүүрэгт байрладаг. Даваа хүрэх зам зуурт Алтайн нурууны гайхамшигтай үзэмжүүдийг харж аялдаг.
Катунь гол: Алтайн нурууны хамгийн чухал том гол мөрөн юм. Горно-Алтайск хот голын ойролцоо байдаг тул голын эрэг дагуу олон тооны зуслангийн байшингууд, жуулчны баазууд байрладаг.
Учарын хүрхрээ: Горно-Алтайск хотоос 492 км зайд оршдог. Үзэсгэлэнт байдлаараа жуулчдыг татдаг.
Телецкое нуур: Артыбаш тосгоны ойролцоо д.т.д 434 метр өндөрт, уулсаар хүрээлэгдэн оршдог том цэнгэг нуур. Нуурын гүн 325 метр бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
МАНЖЕРОК ФЕСТИВАЛЬ: Анх 1966 онд Монгол-Зөвлөлтийн залуучуудын наадам Ховд нутагт болж Зөвлөлтийн 300 төлөөлөгч ирж байжээ. Наадмын сүлд дуу болсон Манжерок дуу нь 1966 онд Оросод хит болж байснаас хойш хэд хэдэн хувилбараар дуулагдсаар иржээ. 2016 оны 9-р сарын 20-21-нд тус наадмын 50 жилийн ойн фестиваль Бийск хотод “Орос-Монголын залуучууд оюутны наадам” нэртэйгээр зохион байгуулагдаж Ховд их сургуулийн бүрэлдэхүүн, сэтгүүлчдийн төлөөлөл, уран бүтээлчид оролцжээ. Харин Оросын талаас Горно-Алтай, Бийск, Барнаул хотууд, Майма, Чемаль, Онгудай зэрэг мужуудаас залуучууд ирснээс гадна анхны наадамд оролцож байсан 2 ахмад настан 50 жилийн ойн дээр оролцсон нь фестивалийн хамгийн хүндэт зочид байжээ. Хүндэтгэлийн нээлт, “Хэл, соёл – соёл хоорондын харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, дугуй ширээний уулзалт, урлаг соёлын арга хэмжээнүүд, спортын тэмцээнүүд Манжерок нуурын эрэг дээр Манжерок тосгонд зохион байгуулагджээ. Энэхүү “Манжерок” фестивалийг цаашид үргэлжлүүлэн Ховд, Баян-Өлгий, Увс аймгийнхан олноороо оролцдог “бизнес аялал жуулчлалын эвент” болгож өргөжүүлбэл зүгээр болов уу.
Ч.Буянбадрах 2023.02.12