ОХУ-ын Аялал жуулчлал - 2022

2023 оны 2 сарын 14-16-нд УБ хотноо Монгол Улсын болон ОХУ-ын тур оператор компаниудын ФОРУМ, В2В УУЛЗАЛТ, FAMTOUR зохион байгуулагдах гэж байна.  Форумд ОХУ-ын АЖ-ын томоохон бүс Москва хот, Москва муж, Санкт-Петербург, Ленинград мужуудаас гадна Тува, Красноярск, Алтай муж, Хакасия, Новосибирск, Кемерово, Саха /Якут/, Эрхүү, Өвөрбайгаль, Халимаг, Татарстан, Буриадын тойрогоос 70 тур оператор, тэдгээрийг дагалдсан 30 хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжлагчид, Монгол Улсын 70 тур оператор компани оролцоно. Энэхүү түүхэн санаачилгыг салбарын дээвэр байгууллага болох МАЖХ, Монголын Ресторан Зоогийн Газрын Холбоо гаргасан бөгөөд өндөр түвшний арга хэмжээ юм.

Оросоос Европ руу чиглэсэн жуулчдын урсгал 2022 онд 95%-иар буурчээ. “Ковид-19” цар тахлын дараах сэргэлтийн нөхцөл байдал дээр “Оросын тусгай ажиллагаа” хэмээх шинэ хүчин зүйл нөлөөлсөн. Мөн 2-3 дахин хэмжээнд огцом үнийн өсөлт явагдсан ч Оросуудын аялах, амрах хүсэл буураагүй байна. Агаарын тээврийн хязгаарлалт, евро долларын хомсдол, олон улсын харилцаанд “орос” жуулчдыг хүлээн авах хандлага, харилцаа гэх мэт олон зүйлээс шалтгаалж буурсан.

ОХУ-ын АЖ-ын агентлагуудын холбооны дэд ерөнхийлөгч Александр Мкртчян: Олон улсад аялал жуулчлалын үнэ өсөж борлуулалт эрс багассан ч Оросуудын аялж амрах хүсэл эрмэлзэл тийм их байгааг бид төсөөлөөгүй. Одоогоор Турк, Египет, Арабын нэгдсэн Эмират, Тайланд, Монгол руу аялах боломжтой байна.

Арт тур компанийн ерөнхий захирал Дмитрий Арутюнов: 2022 онд Европын орнуудтай харилцах харилцаа тасарсан нь манай бүх аяллын ложистик, компанийн зардалд ихээхэн сөргөөр нөлөөлсөн. Гэвч Африк, Ойрхи Дорнодын орнууд нээлттэй байгаа нь компанийн нөхцөл байдлыг сайжруулж байна. Шинэ маршрут, шууд нислэгийн чиглэл Африк тив рүү чиглэж магадгүй. Мөн Оросуудын хувьд Мальдив бол насан туршдаа нэг л удаа очиж амрах газар гэсэн ойлголт байхгүй болсон.

Online tour тур операторын хөгжлийн захирал Игорь Блинов: 2022 оны аялал жуулчлалд гэнэтийн чамин сонголтууд гарч ирсэн. Жишээ нь Венесуэль руу аялж, Ираны цанын баазыг зорих болсон. 2022 оны аяллын гол чиг хандлагыг харахад бие даасан АЖ-ын сигментээс зохион байгуулалттай АЖ-ын сигмент рүү шилжиж буй явдал анхаарал татсан. Цар тахлын өмнө 60% байсан бол одоо 84% болж өсөөд байна. Оросын тур операторууд цар тахал болон “Оросын тусгай ажиллагаа”-ны улмаас маш их хохирол амсаж ойролцоогоор 1.5 тэрбум рублийн алдагдал хүлээсэн. 

Оросын Тур Операторуудын Холбооны дэд ерөнхийлөгч Артур Мурадян: Европ дахь Оросын эсрэг хориг арга хэмжээний улмаас олон жуулчид өөрсдөө аяллаа цуцлан буцаж ирсэн. Египет, Турк улсууд Оросын жуулчдад зориулсан аяллын үнийн бодлого боловсруулж үнийг бууруулсан нь таатай нөхцөл байдлыг бий болгож байна. Аяллын үнэ 20% өссөн ч Краснодарын хязгаар (өмнөд бүсийн цорын ганц нээлттэй байсан Сочи нисэх онгоцны буудал), Москва муж, Санкт-Петербург, Крым рүү чиглэсэн жуулчдын урсгал нэмэгдэж байна.

Опора Россий аялал жуулчлалын хорооны дарга Олег Сиротин: Хойд Кавказын бүс буюу Дагестан, Калининград, Шерегеш, Казань руу аяллын урсгалууд нэмэгдсэн. Оросуудын эх орондоо аялах чиг хандлага хэвээрээ байна. Мөн Алтай, Урал, Камчатка зэрэг алсын бүс нутгууд руу аялах хандлага 25-30% нэмэгдсэн. “Их зарцуулахаас бүү татгалз” гэсэн уриалга, “Кэшбек хөтөлбөр” маш сайн нөлөөлсөн.

Russia Discovery компанийг үүсгэн байгуулагч Вадим Мамонтов: Энэ жил дотоодын АЖ-д эргэлзэж байсан ч байнгын өсөлттэй байсан. Оросууд амралтын бүх өдрүүдийг ашиглан улс орон даяараа аялсан. Зочид буудлууд хүрэлцэхгүй байсан учир зуслангийн газруудыг эргэлтэнд оруулсан. Тээврийн хүртээмж дээр төрийн бодлого, дэмжлэг шаардагдаж байна. 

АЯЛЛЫН КЭШБЕК (cash back): Кэшбек хөтөлбөрийг ОХУ-ын ЗГ-аас 2020 оны 8-р сараас эхлэн хэрэгжүүлсэн. Гол зорилго нь Орос орноороо аялах аялал жуулчлалыг дэмжих, сурталчлан дэлгэрүүлэх бодлого байв. Кэшбект хамрагдахын тулд www.mirtravel.rf цахим хуудсанд бүртгүүлж “Мир” төлбөрийн картаар аяллын төлбөрөө төлөхөд хангалттай. Ердөө 5 хоногийн дотор аялсан аяллын зардлын 20%, дээд тал нь 20 мянган рубль дансанд нь буцаж ордог. Алс Дорнодын аялалд явсан бол 40 мянган рубль хүртэл мөнгийг буцаан олгодог. 2023 онд ч “кэшбек” хөтөлбөр үргэлжилнэ.

ҮҮСЭЛ: Оросод АЖ-ын салбар XIX зууны төгсгөлд үүссэн. Тухайлбал, Тбилиси дэх Альпийн клуб 1877 онд, Санкт-Петербург дахь Дэлхийн улс орнуудаар аялуулах аж ахуйн нэгж 1885 онд, Одесса, Ялта, Севастопольд салбартай Крымын уулын клуб 1890 онд, Оросын унадаг дугуйчдын клуб Санкт-Петербургт 1895 онд тус тус үүссэн түүхтэй.

ТЭРГҮҮЛЭХ БҮС: ОХУ-ын Засгийн газраас Москва, Санкт-Петербург, Бүгд Найрамдах Татарстан Улс, Краснодарын хязгаарыг “ОХУ-ын АЖ-ын тэргүүлэх бүс” гэж хүлээн зөвшөөрдөг. АЖ-ын хөгжлийн тэргүүлэгч субъектуудын жагсаалтанд Калуга, Вологда, Свердловск, Москва, Тула, Ярославль, Нижний Новгород, Калининград, Алтайн хязгаарыг онцолдог.

ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ: ОХУ-ын АЖ-ын салбарын зохицуулалтыг “Холбооны Аялал Жуулчлалын Агентлаг” хариуцдаг. Энэ зохицуулалтанд ГХЯ, Холбооны цагаачлалын алба, Дотоод хэргийн яам, Холбооны аюулгүй байдлын /тагнуул/ алба, Гаалийн алба шууд оролцдог. ОХУ-ын АЖ-ын салбарыг “Ростотуризм” хариуцдаг бөгөөд төрийн үйлчилгээ үзүүлэх, аялал жуулчлалын хуулийг сахиулах чиг үүргийг гүйцэтгэдэг.

СТАТИСТИК 2021 ОН:

  • АЖ-ын агентлагууд, тур операторууд, захиалгын системийн үйлчилгээний орлого 149.8 тэрбум рубль (нийт төлбөрт үйлчилгээний 1.3%)
  • Сувилал, амралтын байгууллагын үйлчилгээний орлого 150.7 тэрбум рубль
  • Зочид буудал, гэст хаус, орон сууц түр хугацаагаар түрээслэх, хувийн гэр байшингийн өрөө түрээслэх орлого 284.3 тэрбум рубль
  • Аутбаунд буюу Оросуудын гадагш чиглэсэн аяллын зардал 4 тэрбум доллар
  • АЖ-д оруулсан үндсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 388.6 тэрбум рубль (нийт хөрөнгө оруулалтын хэмжээний 2.2%)
  • АЖ-ын салбарын ажилчдын дундаж тоо 1,161,860 хүн (нийт ажиллагсдын 3,4%)
  • АЖ-ын салбарын ажилчдын сарын дундаж цалин 59233.5 рубль

 

СТАТИСТИК 2022 ОН:  

  • Оросын аяллын бүсүүдэд 2022 онд 62 сая хүн аялсан нь цар тахлын өмнөх үетэй адилхан байсан ба 2021 оныхоос 10% өссөн.
  • 2022 оны эхний хагас жилд зочид буудалд байрласан зочны тоо 30,913,300 хүн (үүний 29,597,900 нь орос хүн, 1,315,400 гадаад хүн)
  • 2022 оны эхний хагас жилд гадаад улс орнууд руу аялсан орос жуулчид 7,965,700

 

АЛТАЙН ХЯЗГААРТ: Орос жуулчдын дотор Байгаль нуур, Алтайн хязгаар, Уулын Алтай руу аялдаг жуулчид Монголыг сонирхох сонирхол өндөр байдаг. Ялангуяа Монголын говь, хээр талыг үзэх сонирхол давамгайлдаг. 2022 онд Алтайн хязгаар руу 4 сая орос жуулчин, Байгаль нуур руу 2 сая жуулчин аялсан.

Ч.Буянбадрах 2023.02.10