АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРТАЛЧИЛГААНЫ МАРКЕТИНГ

АЖ-ын аливаа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд дээр “туршиж үзсэнээр” гадаадын зах зээлд “word of mouth” буюу “ам дамжсан яриа”-ны үр дагаварыг хянах боломжтой. Судалгаанаас үзэхэд аялалдаа сэтгэл ханамж аваагүй нэг жуулчин цааш нь 100 хүнд энэ тухайгаа ярьж хуваалцдаг байхад сэтгэл ханамжтай байсан нэг жуулчин цааш нь 36 хүнд ярьж сурталчилдаг. Ялангуяа интернет орчинд нийгмийн сүлжээгээр “тайлан” тавьдаг болсон өнөө үед жуулчны сэтгэл ханамж чухал ач холбогдол өгөх бөгөөд АЖ-ын үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадварыг маш хариуцлагатай өндөр түвшинд байлгах шаардлага тулгарч байгааг харуулдаг. ДАЖБ-ын сүүлийн 5 жилийн судалгаагаар дэлхийд 5 хүний 4 нь бүс нутагтаа аялдаг хэмээн тогтоосон байна.

Цахим хуудасны сурталчилгаа: Аливаа байгууллагын тухай интернет номын сан гэсэн үг. Тухайн байгууллагын намтар түүх, үйл ажиллагааг илэрхийлсэн талбар бөгөөд албан ёсны байгууллага гэдгийг илэрхийлдэг. Цахим хуудсаа гар утсанд зориулагдсан хувилбар бүтэцтэй байхаар шийдэх хэрэгтэй.

  • АЖ-ын бүтээгдэхүүн үйлдэрлэгч нар цахим хуудастай байх. Аяллын маршрут, эвент, соёлын арга хэмжээг цахим хуудсанд байршуулж, мэдээллийг тогтмол идэвхжүүлэх
  • Зорилтот зах зээлийн (англи, орос, хятад) хэлүүдээр орчуулж байршуулах
  • Өөр бусад АЖ-ын нэгдсэн цахим хуудас, захиалгын системтэй холбох.
  • Сурталчилгааны дүрс бичлэгийг олон улсын шаардлагад нийцсэн мэргэжлийн түвшинд хийлгэж байршуулах.
  • Хятад хэлтэй зах зээлд зориулсан QR Code болон WeChat-ийг нэвтрүүлэх.
  • Олон улсын цахим хайлтын системүүдэд цахим хуудсаа холбож, цахим захиалгын шийдлийг нэвтрүүлэх
  • Нийгмийн сүлжээний профайл үүсгэж тогтмол хөтлөх, мэдээллээр хангах


Товхимол хэлбэрийн сурталчилгаа:

  • АЖ-ын газрын зургийг мэдээлэл сайтайгаар хэвлүүлэх
  • АЖ-ын гарын авлага болох “Guide book” гаргах  

 
ТВ, FM сурталчилгаа:

  • Хамгийн их үзэгчтэй соёл урлаг, танин мэдэхүйн нэвтрүүлэг, эвент арга хэмжээгээр дамжуулан сурталчлах
  • Үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудын маркетинг сурталчилгаанд түншлэл тогтоож шилдэгүүд, азтангуудыг тухайн аймаг, бүс нутагт аялах эрхийн бичгээр урамшуулах, аяллыг сурвалжлагаар баяжуулан дараагийн сурталчилгаанд ашиглах


Үзэсгэлэн яармаг,  нээлттэй өдөрлөг:

  • Монголын АЖ-ын ITM үзэсгэлэнд тогтмол оролцох, түншилж оролцох
  • АЖ-ын өдөрлөгийг тогтмол зохион байгуулах
  • УБ хот, бүс нутаг, хил дамнасан бүс нутагт АЖ-ын өдөрлөг, эрдэм шинжилгээний хурал, сургалт семинаруудыг зохион байгуулах
  • Олон улсын, бүс нутгийн үзэсгэлэн яармагт нэгдсэн зохион байгуулалттай оролцож илтгэл танилцуулга хийх
  • Их Түмэн гол төсөл, Торгоны зам, Цайны зам төслүүдэд холбогдож сурталчлах
  • Олон улсын тусгай сонирхлын нийгэмлэг, холбоо, клубуудэд гишүүнээр элсэх


FAM TOUR 
сурталчилгаа
УБ хотын мэргэжлийн болон тусгай сонирхлын аяллын тур оператор компаниудад зориулсан АЖ-ын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах FAM TOUR буюу танилцах аялал зохион байгуулах

Гэрэл зураг: Жуулчдын нүдэнд бодит дүрслэлийг бий болгож, онлайн ертөнцөд өөрийн биеэр оролцоход тусалдаг. Гэрэл зурагт тайлбар бичих болон tag (таг) хийхдээ түлхүүр үг ашиглах нь хайлтын системийн гэрэл зургийн илэрц дээр гарч ирэхэд чухал үүрэгтэй. Мэргэжлийн гэрэл зурагчинтай хамтарч ажиллан тухайн газрын хосгүй, өвөрмөц онцлогийг мэдрүүлж чадахуйц зураг бүтээхэд анхаарах. Олон нийт ихээр ашигладаг Фэйсбүүк болон Фликр, Инстаграм гэх мэт онлайн орчинд байршуулснаар хурдан түгдэг.

Видео бичлэг:  Хэрэглэгчдэд үнэ цэнэтэй мэдээллийг өгөхөд видео бичлэг чухал үүрэгтэй. Жуулчин болон үйлчилгээ үзүүлэгч нар өөрсдөө бодитоор оролцож буй агшин үйл явдлыг видео бичлэг хэлбэрээр хүргэх нь илүү ач холбогдолтой. Жуулчны сэтгэл ханамж, сэтгэл хөдлөл, үг яриа зэрэг нь бусдад нөлөөлж урин дуудах, бусдыг татах зэргээр бүтээгдэхүүн үйлчилгээний борлуултанд эерэгээр нөлөөлдөг. Интернетэд байршуулахдаа хэмжээ болон хайлтын түлхүүр үгийг анхаарах хэрэгтэй.

Видео бичлэг нь нийтлэл, блогуудаас илүү анхаарал татдаг бөгөөд хүмүүсийн 75% нь бичлэгийг үзэж дуусгадаг ба энэ нь текстэн мэдээллийг уншиж дуусгадаг хүмүүсийн хувьтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд видео бичлэг үздэг хүмүүсийн 92% нь тухайн бичлэгийг гар утсаараа үздэг бөгөөд түүний 42% нь YouTube  сүлжээнээс үздэг байна. Мөн АЖ-тай холбоотой мэдээллийн контентуудын 70% нь Фэйсбүүк-ээр шэйрлэгдсэн байдаг. Фэйсбүүк нь дан ганц “лайк” авах зориулалттай зүйл биш бөгөөд өөр бусад онлайн сурталчилгаануудтай адил олон боломжуудыг бий болгодог. Видео бичлэгийн эхний 10 секунд нь хүмүүсийн анхаарлыг татаж чадвал тухайн бичлэг дуусах хүртэл хүмүүсийн анхааралд байдаг. Видео бичлэгт хамгийн тохиромжтой хугацаа 2 минут.

Онлайн бизнесийн шугам: Google maps (Гүүгл газрын зураг), Yahoo Business listings (Яахоо Бизнес шугам) үүнийг хүмүүс ихэвчлэн анзааралгүй орхидог. Гүүгл газрын зураг, Яахоо бизнес жагсаалтад өөрийн бизнесийг бүртгүүлэх нь тухайн аялалд хамаарах үгээр хайлт хийхэд илэрц дээр хамгийн эхэнд гарч ирэх боломжтой. Эдгээр шугам нь бүртгүүлэхэд үнэ төлбөргүй байдаг.

Блог болон нийтлэлүүд: Хүмүүсийн анхаарлыг татдаг мэргэжлийн түвшний мэдээлэл. Аяллын бүтээгдэхүүн үйлчилгээгээ шууд сурталчилсан нийтлэл бичиж болохгүй. Харин “Заавал очиж үзэх 10 газар”, “Монголын хамгийн том мод” гэх мэтээр бүтээгдэхүүнтэй холбоотой сэдвээр уншигчдыг залхаахгүй мэдээллийг анхаарал татахуйц гарчигтайгаар бэлтгэх нь үр дүнтэй.

Олон нийтийн сүлжээ: Facebook, Twitter, Instagram ... Нүүр ном, жиргээ, инстаграм зэрэгт нийтлэл, гэрэл зураг, видео бичлэгүүдийг байршуулах. Сонирхолтой мэдээллүүд оруулж байх нь дараа дараагийн мэдээллүүдийг сонирхон уншдаг дагагч дэмжигчдийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Олон уншигчтай байх тусам олон хүнд хүрнэ.

E-mail маркетинг: И-мэйл хаягийн сан үүсгэж аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаа, тусгай саналуудынхаа талаарх мэдээллийг 7 хоног эсвэл сард нэг удаа илгээж байх.

ReallyLateBooking.com: Захиалгын систем бөгөөд гар утас, таблет дээр татаж авч ашигладаг, зочид буудлын захиалгын эрэлт ихтэй, алдартай үйлчилгээний аппликэйшн юм. Жуулчид онгоцны билет, зочид буудлын өрөө захиалахын тулд төрөл бүрийн хэрэгслүүдийг ашиглах болсон тул ийм захиалгын онлайн системд аяллын хөтөлбөрүүдийг  бүртгүүлэх хэрэгтэй. 

Хүчирхэг Wi-Fi орчин: Хүчирхэг wi-fi орчинг зочид буудал, кофе кафенууд бий болгон өрсөлдөж байна. Жуулчид аяллаар ирсэн газрынхаа орчинд зураг авч, бичлэг хийж өөрийн хуудсаар шууд сурталчилгаа хийх нь их байдаг. Тухайн газрын байгалийн үзэсгэлэн, сайхан үйл явдал, онцлогийг хайж эрэлхийлж таалагдсан бүхнийг шууд Wi-Fi ашиглан нийгмийн сүлжээнд цацдаг нь том сурталчилгаа болдог талтай.

Airbnb, Neighborhood Guides, Intercontinental Group, Hotel Indigo: Хүчтэй өрсөлдөгч нар буюу томоохон онлайн хөтөч,  захиалгын сүлжээнүүд юм. Эдгээр нь газрын зураглал, тухайн газрын үзэж харах зүйлс, ресторан, зочид буудлын үнэлгээ зэрэг бүх мэдээллийг жуулчдад өгч чаддаг.

Бэлтгэсэн Ч.Буянбадрах /Buyan Choi/