Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Данзанравжаагийн музей дахин сэргээгдэж 1991 оны 7-р сарын 10-нд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод албан ёсоор нээлтээ хийсэн юм. 2008 онд музейн шинэ барилга ашиглалтад орж Ноён хутагтынхаа өв соёлыг түмнээ хүргэсээр байна.
Ноён хутагт Лувсанданзанравжаа 1840-өөд оны үед өөрийн бүтээл, хийж урласан зүйлс, эцэг эх, ойр дотныхоо хүмүүс, ихэс дээдэс, сүсэгтэн олноос өргөсөн, нутаг орноосоо өөрөө цуглуулсан эд зүйлсээр өвөрмөц нэгэн үзмэрийн сүм байгуулсныг Гиваадин равжайлин хэмээн нэрлэж олон түмэнд дэлгэн үзүүлэх болжээ. Үүнийг хүмүүс “Дингам” буюу “Нандин” хэмээн нэрлэж ирсэн. Хутагтыг 1856 онд жанч халснаас хойш түүний занданшуулсан шарил хийгээд 1500 авдар бүхий олон зүйл шашин соёлын эд зүйлсийг энэ сүмд залж, Шарилын сүм гэх болсон байна. Энэхүү Шарилын сүмийг тусгайлан хадгалж хамгаалах зорилгоор нэгэн шавийг тохоон томилсон нь тахилч хэмээн нэрлэгдэх болжээ. Хутагтын шавь Ш.Балчинчойжоо (номын нэр нь Ишлодон) 1856 онд ноён гэгээнтнийг жанч халсны дараа үйл хэргийг нь уламжлуулан хадгалах тангараг өргөн энэ сүмийн анхны тахилч болжээ. Тэрбээр энэ үүргийг насан эцэс хүртэл хийсээр өөрийн хүү Ган-Очирт уламжлуулсан байна. Ган-Очир 33 жил тахилчийн үйлийг гүйцэлдүүлсээр хүү Наръяад, Наръяа нь хүү Гомбод, Гомбо нь хүү Түдэвт уламжлуулан хадгалуулсаар 1938 онтой золгожээ. 1938 онд Өвөр баясгалант Хамарын хийдийг устгагдах үед залуу лам Г.Түдэв лацдан битүүмжилсэн сүмд шөнийн цагаар нэвтрэн орж, нэг нэгээр нь зөөсөөр хөдөө ухаж бэлтгэсэн нүхэнд хийж булах, элсэнд булах, хад агуйд нуух зэргээр 64 авдар зүйлсийг авч амжсан нь 52 жилийн турш хөдөө хээр хадгалагдсаар 1990 онтой золгожээ. Хэдийгээр 1500 авдар зүйлсээс өчүүхэн төдий хэсэг үлдсэн боловч Г.Түдэв тахилчийн амь өрсөн авч сэм хадгалсаар ирсэн тэрхүү соёлын өвийн цөөхөн зүйлс эдүгээ Сайншанд хот дахь Данзанравжаа судлалын музей, Өвөр баясгалант Хамарын хийд зэрэгт дэлгэгдэн олны хүртээл болж байна. Музейн эдгээр чухал үзмэр нь Ноён хутагтын үе үеийн тахилч хэмээгдэх олон хүний амьдрал, хөлс хүч, мэдлэг оюуны хүчээр хэцүү бэрх цагийг туулж 200 орчим жил хадгалагдан ирсэн үнэ цэнээрээ Монголын түүх соёлын дурсгалын хосгүй үнэт өв болох юм. Эдүгээ 7 дахь үеийн тахилч З.Алтангэрэл ч мөн адил үе дамжсан тахилчийн тангараг өргөн Хутагтын өвийг нандигнан хадгалах, дахин сэргээх, Равжаа судлалыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсээр яваа ажээ.
Ноён хутагт "Хүүхдийн дацан" хэмээх сургуульдаа эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг эрдэм номд сургаж, үүндээ түшиглэн "Саран хөхөөний намтар" жүжгийнхээ хөрөгчин буюу жүжигчин, хэл хоолойн дохиоч буюу дуучин, ерөөлч магтаалч, хөл гарын дохиоч буюу бүжигчин, жасчин буюу аж ахуй, тайз засалч, урлалч, үйлч хэмээх мэргэшсэн уран бүтээлчдийг бэлтгэн гаргадаг байжээ.
Хүүхдийн дацанг төгсөгчдөд тусгай тэмдэг дарсан даавуу (гэрчилгээ) олгодог байсан ба энэхүү сургуульд үздэг байсан сурах бичгүүд, зураг урлал, хэв дардас тэргүүтэн болон түүний холбогдолтой эд өлгийн зүйлс, гар бичмэлүүд эдүгээ тус музейд хадгалагдаж байна.
Ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлйн өвийг тоймлон үзвэл 400 гаруй яруу найргийн бүтээл, 100 гаруй урт, богинын дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн зохиол 10 дэвтэр, шашны зан үйлийн бүтээлүүд монгол, түвд хэл дээр бичигдсэнээс гадна өөрийн гараар зурсан олон арван зургууд зарим нь тус музейд буй.
Данзанравжаа судлалын музей бол урьд цагт байсан Өвөр баясгалант Хамарын хийдийн Гэгээнтний нандин хэмээх “Үзмэрийн сүм” эдүгээ цагт сэргээн байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж буй хэрэг болно.
Данзанравжаагийн амьдрал уран бүтээлийг Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, доктор Д.Цагаан, доктор Э.Оюун, доктор Д.Ёндон, академич Л.Хүрэлбаатар, Д.Цэрэнсодном, доктор Г.Лхагвасүрэн, доктор С.Хөвсгөл, ОХУ-ын эрдэмтэн А.И.Герасимович, Г.А.Уварова, ХБНГУ-ын эрдэмтэн В.Хайссиг, АНУ-ын эрдэмтэн Н.Поппе, БНХАУ-ын эрдэмтэн Э.Гэрэлт зэрэг гадаад дотоодын олон эрдэмтэд судалж эрдэм шинжилгээний бүтээлүүдээ хэвлүүлсэн байна.
Д.Данзанравжаагийн зохиол бүтээл нь эдүгээ англи, герман, орос, хятад хэл дээр орчуулагдан хэвлэгдэж бусад орны уншигч судлаач нарын хүртээл болсон. Яруу найргийн түүврийг нь Англи улсын эрдэмтэн Симон Викхэм Смит англи хэл рүү, “Саран хөхөөний намтар” жүжгийг судлаач Педра Земаха герман хэл рүү тус тус орчуулж хэвлүүлсэн байна. БНХАУ-д Д.Данзанравжаагийн зохиосон “Аврал гурван чухагт” хэмээх гүр дуу CD хэлбэрээр олон мянган хувь хэвлэгдэн Утай, Гүмбэн зэрэг газар орны сүм хийдүүдэд эгшиглэж байна. “Ичиг ичиг” шүлгэнд нь Сингапур улсын иргэн Роберт Кастелс ая оруулан CD гаргажээ. АНУ-ын сэтгүүлч Майкл Кон хутагтын амьдрал бүтээлийн тухай “Говийн лам” нэртэй ном хэвлүүлсэн байна.
2005 онд ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганы хуралдаанаар Монголын XIX зууны үеийн соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн жанч халсны 150 жилийн ойг өргөн цар хүрээтэй ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж, энэхүү ойг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. ЮНЕСКО-гийн албан ёсны баримт бичигт “Дулдуйтын Данзанравжаа нь хөгжмөөс эхлэн уран барилга, гүн ухаанаас театрыг хамарсан олон талын авъяас чадвартай, Монголын хилийн чинадад ч сайн танигдсэн Монголын соёл, сэтгэлгээнд гүн нөлөө үзүүлсэн буддын сэтгэгч юм. Түүний бүтээлийн үлэмж хэсэг нь Монголын соёлын сэргэн мандалттай цуг дахин шинээр нээгдэж байна” хэмээн үнэлэн тэмдэглэжээ.
Хаяг: Дорноговь аймаг, Сайншанд хот, 2 дугаар баг
Утас: 99090151, 70522221
И-мэйл: info@ravjaamuseum.mn
Вебсайт: http://www.ravjaamuseum.mn
Музейн цагийн хуваарь: Өдөр бүр 09:00 – 18:00
Тасалбарын үнэ:
Том хүн: 2000 төг
Хүүхэд: 250 төг
Фото зураг, Видео бичлэг 50000 төг