БНМАУ-ын эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалсан 1939 оны Халх голын дайны түүхийг дайн байлдаан болсон газар дээр нь бодитоор үзүүлсэн Дорнод аймгийн Халхгол сум дахь музей юм. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1982 оны 159 дүгээр тогтоолын дагуу уг музейг байгуулсан бөгөөд барилгын зургийг улсын барилгын зургийн төв институтийн архитекторч Г.Цэрэндорж зохиож, барилга байгууламжийг хурандаа О.Жамъянгарав, талбайн инженер С.Ганбаатараар удирдуулсан Барилгын цэргийн 030 дугаар ангийн дайчид барьж музейг 1984 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Халх голын дайны ялалтын 45 жилийн ойгоор ашиглалтад өгсөн юм. Сайн зураг төслийн дагуу зориулалтын музейн барилгад бүтээж байгуулсан тул Сайд нарын Зөвлөлийн 1984 оны шагналыг Дорнод аймгаас анх удаа тус музейд олгосон байна.Гуравдугаар давхарын бунханы дэргэд тавцан дээр Монгол-Зөвлөлтийн дайчдын хэрэглэж байсан техник, зэр зэвсэг байрлуулжээ. Энэ музейд корпус командлагч Г.К.Жуков, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Я.В.Смушкевич, К.Н.Кравченко, С.Ч.Грицевец, ЗХУ-ын баатар Н.Ф.Гастелло, танкийн алдарт 11-р бригадын командлагч ЗХУ-ын баатар Н.П.Яковлев, хорооны дарга И.М.Ремизов, И.И.Федюнинский нарын дүрсийг зэс хөөмлөөр товойлгож хийсэн үзмэрүүдийг үзэж болно. Музейн алдрын талбайн ханан дээр дайн тулалдааны газрын зураг, дүрсүүдийг товойлгон хийжээ.
Утас: 88308501, 88207902