Анх 1950 онд байгуулагдсан. Тухайн үед орон нутаг судлах кабинет нэртэй байсан бөгөөд 1967 – 1998 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Дорнод аймгийн музей болон өргөжсөн. Эдүгээ музейн сан хөмрөг нь 4000 гаруй үзмэртэй. Дорнод аймгийн музей нь Халхын сэцэн хан аймгийн үеэс өнөөгийн Дорнод нутгийн түүх соёл, ард түмний ахуй амьдрал, зан заншил, ололт амжилтыг харуулсан үзмэрээр музейн сан хөмрөгөө баяжуулсаар байна.
Түүх угсаатны музей, Уран зургийн галерей, Байгалийн түүхийн музей, Жуковын музей гэсэн 4 хэсэгт төрөлжүүлэн 26 танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Түүх угсаатны музей нь Дорнод аймгийн танхим, генералуудын танхим, пионерийн танхим, Ц.Дамдинсүрэнгийн танхим, Х.Чойбалсангийн танхим, То Вангийн танхим, барга танхим, үзэмчин танхим, буриад танхим, үнэт эдлэлийн танхим, шашны танхим, ахуйн хэрэглээний танхим, малчин монгол танхим, уран зургийн галерей 1-3, социализмын танхим, театрын танхим, гадаад харилцааны танхим, боловсролын өрөө гэх мэт танхимд үзмэр дэглэжээ. Одоогийн Чойбалсан хот буюу Санбэйсийн хүрээний зураг нь музейн үнэт үзмэрийн нэг бөгөөд тус хүрээг 1910 – 1922 онд Ачит сан бэйс Сансрайдорж ноён захирч байжээ. Эл зургийг 1966 онд зураач Д.Гомбосүрэн бүтээжээ. Тус музейд маршал Х.Чойбалсангийн пельник, XYIII – XIX зууны үеийн цэрэг эрийн саадаг, хоромсог, худрага, хазаар, хөмөлдрөгө, 1895 онд Хөх хотод дархан Дагва, Жан-ай-лоу нарын хүрлээр цутгаж бүтээсэн 500 литр багтаамжтай Жасын хүрэл тогоо зэрэг түүхэн үнэт үзмэрүүд бий.
Байгалийн музейн ан амьтны хэсэгт мөлхөгч амьтад, жигүүртэн шувууд, хоёр нутагтан, шавьж, тал нутгийн хөхтөн амьтад, нэн ховордсон буган хандгай, буга, бор гөрөөс, бүргэд, тогоруу, загас, мөн эмийн ургамлыг байгаль дахь орчинтой нь хамт дэглэн харуулжээ.
Цагийн хуваарь:
Тасалбарын үнэ:
Утас: 70584940, 70584406