Форум гэдэг нь эртний Грекээс гаралтай үг бөгөөд олон хүн тойрч суугаад хэлэлцэх гэсэн утгатай.
Тийм учраас нэг удаагийн хурал бол форум биш юм. Салбарын ашиг сонирхлыг агрегаци хийж нэгтгэн төлөвлөдөг мэргэжлийн байгууллага байхгүй байна. Өөрөөр хэлбэл, доод шатанд хэлэлцүүлсэн асуудлыг нэгтгэдэг “институци” байхгүй учраас дээд түвшинд хуралдаад үр дүнгүй болдог. Форумын эцсийн зорилго бол нийгэмд нөлөөлөх үр дүн юм.
Форум бол ярилцах боломж гараагүй сэдэв, асуудлыг нүүр тулан ярилцах боломж олгодог. Төр засгийн байгууллага тухайн салбарт ажиллаж буй иргэдийн саналыг сонсож хэлэлцэх ёстой бөгөөд форумд зориулсан Засгийн газрын тодорхой бүтэц гэж байдаг. Тухайлбал, ЗГХЭГ-ын дэргэд “аялал жуулчлалын зөвлөл” ажилладаг. Зөвлөл нь талуудтай хэлэлцэж, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд төрийн олон байгууллага хооронд координаци хийх, хувийн хэвшилд туслах зорилготой ажилладаг.
Форумд оролцогчид нь нийгэм, эдийн засгийн шийдвэр гаргадаг гол тоглогчид байна. Тэдний хэлэлцсэн асуудал нь ирэх жилүүдийнхээ шийдвэр гаргалтанд нөлөөлдөг. Форумд тухайн салбарынн оролцогчдын 1% оролцлоо гэж үзэхэд тэдний гаргасан шийдвэр буюу тоглоомын дүрмийг үлдсэн 99% нь дагах дүрэм юм. Төрийн шийдвэр гаргагчид татвар төлөгчид ба эрдэмтэн судлаачдын үгийг сонсож шийдвэр гаргадаг хэлбэр бол форум юм.
Форум нь ТББ болж бие даан байгуулагдах боломжтой. Форумын дүрэм гарган батлуулж болно. Форумд төр, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож жил бүр форумыг зохион байгуулах нь чухал. Форумын Тэргүүн нь тухайн үеийн яамны сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга нь хамаарах ТББ-ын удирдлага байж болно. Яамны сайд нь форумд оролцохдоо даргын байр сууринаас бус танхимд оролцогчийн байр сууринаас асуулт асуух хэлбэрээр оролцож чадвал жинхэнэ утгаараа форумын үндсэн шинж чанар харагдана.
Форум бол олон субъектын санал хүсэлт, ялгаатай байр суурийг албан шийдвэр гаргахаас өмнө сонсон нэгтгэдэг, энэ үйл явц нь олон нийтэд нээлттэй ажилладаг дэд бүтэц юм. Бүгд шийдэл санал нийлэх албагүй ч талууд юун дээр санал зөрөлдөж байгаагаа мэдэж авдаг. Алсдаа асуудлыг шийдэх шийдлүүд нь хуулийн төсөл, төрийн бодлого болон хэрэгждэг давуу талтай юм. Дэлхийн эдийн засгийн форум, Монголын эдийн засгийн форум гэх мэт нөлөө бүхий шийдлүүдийг хэрэгжүүлдэг форумууд бий. БНХАУ-ын форумуудад төрийн удирдах албаны хүмүүсээс илүү эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцдог. Шийдвэрлүүлэх ажлыг бодлого судалгааны хүрээлэн, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид нэгтгэн бэлтгэж төр засагт хүргэдэг тогтолцоотой байдаг.
Асуудлыг шийдвэрлэх аргагүй болтол хурцадмал байдалд оруулахгүйн тулд ФОРУМ байдаг. Форум дээр бодлого ба практик хосолж байх ёстой бөгөөд энэ хоёр салбал нийгэмд аюултай.
Форум хийхийн өмнөх бэлтгэл ажил чухал байдаг. Тэр бол маш өргөн судалгаа хийж, олон хүмүүстэй уулзаж материал цуглуулах, хамгийн чухал байр суурь илэрхийлсэн хүнийг форумд урих байдаг. Бүгд аль зүг рүү санаа нийлж явах вэ гэдэг асуулт гарна. Нэг дүрэм, нэг үзэл санаа, нэг бодлого гэдэг нь маш олон хүний оролцоотойгоор бүрэлддэг. Тэдгээрийг бүрэлдүүлэх шалгарсан арга бол эртний Грекээс эхлэн 2000 жил явж ирсэн форумын схем юм. Форумыг үр дүнтэй болгохын тулд төрөлжсөн тинк танк бий болгож, тэнд судлаачид ажиллах ёстой. Тинк танкын зарчмыг ойлгодог улстөрчид байснаар нийгэм урагш алхдаг. Форумыг “хурал” гэж ойлговол буруу болно. Форум нь шийдвэр гаргагчид болон шийдвэрийг даган ажиллаж амьдардаг хүмүүс хоорондын тохиролцоо бөгөөд зөв шийдвэрт хүргэх зам гэж ойлгож болно.
Форумын бас нэг чухал зүйл бол талууд бие биенээ ойлгох явдал ба заавал нэгдсэн шийдвэрт хүрэхгүй байж болно. Харин дараа нь бие биедээ садаа болохгүй байх орчныг форум бүрдүүлдэг. Мэдээлэлгүй хүмүүс буруу ойлголцож, дайсагналцдаг. Форумд дарга нар албан тушаалаа түр орхиод зангиагаа тайлаад өөрийн босгоо бууруулж оролцох, нөгөө талаас оролцогч хүмүүс мөн адил хувийн амбицаа дарж босгоо намсгаж чадвал хоорондоо “байлдахгүйгээр” нөхцөл байдлын талаар бүрэн мэдээлэл солилцож, бие биедээ буулт хийж зөвшилцөх боломж бүрддэг.
Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил буюу бизнесийн төлөөллүүд учраас төр засгийнхан тэдэнтэй уулзах боломж нь форум байдаг. Асуудал ба шийдлийг зөвхөн төрийнхөн яриад илтгээд эхэлбэл форум биш болно. Форумд оролцогч хүнд 5 минутын үг хэлэх боломж олддог учраас хамгийн гол асуудлаа товч тодорхой ярих ёстой. Харин панелист, модераторууд хоорондоо танилцах талбар биш юм.
Форум хийхийн тулд сэдвүүдээ доод түвшинд олон задалж бэлтгэх хэрэгтэй. Мөн эрдэмтэн судлаачдыг сайн оролцуулдаг. Бизнес эрхлэгчид бол өөрсдийн эрх ашиг, сонирхлыг л илүүд үздэг, олон улс,дэлхийн асуудал тэдэнд чухал биш учраас тэгш оролцогч болж чаддаггүй. Форумын ач холбогдол бол харилцан ярилцах талбар, олон хүний дуу хоолойг сонсож нэгтгэх ажил юм.
Улстөрчид, дарга нар солигдож байхад эрдэмтэн судлаачид тухайн асуудлыг 10, 20 жил түүнээс ч илүү хугацааны үүх түүхээр нь мэдэж байдаг, ямар ч улстөрчидтэй уулзах үед мэдлэг, туршлага хуримтлуулсан байдаг. Тинк танкууд нь цэвэр мэргэжлийн үүднээс асуудалд ханддаг эрдэмтэн судлаачдаас бүрдэж байвал төрийн өөрийнх нь бодлого гаргах шийдвэрийг дээшлүүлдэг сайн талтай. АНУ-д тинк танкууд ихэвчлэн хувийн хэвшлээсээ санхүүжин ажилладаг. Сүүлийн үед БНХАУ-ын яамдын дэргэд төрөөс санхүүжилт авсан тинк танкууд олноор байгуулагдаж байна. Тинк танк гэдэг нь бодлого судалгааны хүрээлэн гэсэн үг бөгөөд “төрийн санах ой” юм.
Улс төрийн гажуудлаас болоод салбарын мэргэжлийн холбоод ч шинэчлэгдэхгүй, ажиллах систем нь яг л хуучнаараа байдаг. Учир нь судалгаа хийдэг байгууллагын үүрэг нөлөө байхгүй байна гэсэн үг. Салбарын оролцогчдын зөв оролцоо сул байгаа учраас дан ганц “сайхан сэтгэл байхад болно” гэж яригсад олширч байна.
Ч.Буянбадрах