Улмаар хүмүүс өөр өөрийн хайрцгийг нууж, солбилцлыг зарлан, мөн бусад хүмүүс хайж олох болсноор энэ сонирхол олон нийтэд идэвхтэй түгэн дэлгэрчээ. Хайрцагийг хайж олсон хүн “түүний байрлалыг өөрчлөх ёсгүй, анх олсон газарт нь буцааж нууцлан байрлуулах” үүрэгтэй. Хайрцаг дахь жижиг бүртгэлийн дэвтэрт нэр, аль улсын иргэн, хайж олсон огноог тэмдэглэх, өөрийн орхиж буй зүйлийн талаар товч мессеж үлдээх зэрэг энгийн журам тогтсон байна.
Эдүгээ дэлхий дээр 7 сая geocachers байдаг бол Монголд 50 орчим гишүүн бий. Нэг удаа Чингэлтэй ууланд нэг өдөрт 7 цэгийг GPS ашиглан олж бусад geocachers аялагчдын нуусан зүйлийг олох аялалд оролцсон юм. Миний хувьд Geocaching анхны аялал байсан ба төрөл нь Multi geocache байлаа. Эхний цэгийн координат болон hint өгөгдсөн байдаг бөгөөд тэрийг олсноор дараагийн цэгийн координатыг олох даалгаврыг олж авна. Координат тогтооход тоо өгөгдсөн байхаас гадна түлхүүр үг байдаг. Бид 5 ба 7 дахь цэг дээрээ буруу тооцоолол гаргаж төөрсөн боловч дахин хамтдаа бодоцгоож координатаа тогтоож амжилттайгаар олж чадсан. 7 цэг тус бүрийн хайрцагт байгаа дэвтэрт “би ирсэн” гэдэг тэмдэглэгээгээ хийгээд буцаагаад байснаар нь нууж тавьсан.
Аяллын төгсгөлд УБ төмөр замын буудал дахь музейн үзмэр шиг вагон толгой-д нуусан гадны нэгэн geocacher аялагчийн хайрцагийг олсон юм. Тэр хайрцагийг Монголд ирсэн маш олон гадаадын аялагч нар олоод тэмдэглэгээ хийсэн байхыг доторхи жижиг бүртгэлийн дэвтрээс шууд ойлгож болно. Гэх мэтчилэн УБ хотод Энхтайвны гүүр, Чойжин ламын сүм музей гээд Монголын өнцөг булан бүрт улмаар Алтайн 5 богдын Хүйтэний оргилд хүртэл нуусан “кеч” бий. Эдгээрийн координатыг зөвхөн дэлхийн geocachers аялагчид л мэдэж түүнийг олж хайхаар ирцгээдэг.
Бид нар хад чулууны завсар, модны хонгил нүх, мөчир гээд олон газар мөлхөж тонгойж, авирч, ухаж хайсан бөгөөд биднийг ийнхүү зорилготой алхуулсан газар маань цас хунгарласан ой мод, нар ээсэн уулын энгэр, хад чулуун асга царам гээд нэлээд бэрхшээлтэй газрууд байсан ба нэг мэдсэн чинь 3 км тойрог газарт бөөн адал явдалт алхалт хийчихсэн байсан.
Энэ аяллын төрөл бол асар хурдацтай хөгжиж буй hiking, trekking чиглэл юм. Дэлхийн бүх хотуудад маш их нуугдсан "кеч" бий. Тэдгээр "кеч" хөшөө дурсгал, музей, хуучин байшин, гудамж, айлын хашаа, дэлгүүрт хаана ч байж болно. Энэ аялал 2, 3-хан жилийн дотор 7 сая гишүүнтэй болтлоо өсөж чадсан.
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах