Өмнөговь аймгийн музей суурьтай “Говийн байгаль, түүхийн музей” нь 2022 оны 5 сарын 8-нд Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Олон улсын музейн өдөр”-өөр нээгдсэн. Дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимуудад 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлсэн. Өмнөговь аймгийн нутагт 5000 – 4500 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий Цахиуртын хөндий, Оцон мааньт, Баянзаг, Чоно шургуул, Төгрөгийн ширээ зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд, говийн ард түмний дундаас төрсөн алдар гавъяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжсийг музейд байрлуулжээ. Мөн Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэгээр шалгарсан “Ноён Сэврэйн дархан урлал”-ын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга, гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой.
Шинэ музейг Оюу толгой компанийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих сан” (Gobi Oyu Development Support Fund) -гийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан байна. Тус музей нь Үлэг гүрвэл – говийн байгаль, геологи ашигт малтмал, археологи, шашин, түүх, соёлын өв гэсэн үзүүллэгийн үндсэн танхимуудаас гадна 200 хүний суудалтай кино танхим, боловсрол сургалтын өрөөтэй.
Музейн цагийн хуваарь:
Түүх: 1948 онд Мандал-Овоо сумын нутагт Гэгээрлийн хэлтсийн конторт “Адуун цохио”-ны утаат болорын дээжис, тэр хавиас олдсон аварга гүрвэлийн чөмөгний чулуужсан булуу зэрэг 50 ширхэг үзмэртэй “Орон нутгийг сурвалжлах кабинет” нэртэйгээр байгуулагдсан нь одоогийн аймгийн музейн суурь болсон. 1951 – 1958 онд үзмэрийн тоог 100 гаруй төрлөөр нэмэгдүүлж, шинэ үзмэр цуглуулах ажлыг гүйцэтгэсэн. 1957 онд аймгийн прокурорын контор байсан 7 тасалгаа бүхий барилгыг засварлан тохижуулж аймгийн “Ардын аж ахуйн нэгдэл”-ийн үзэсгэлэн, байгалийн баялаг, түүхийн дурсгалыг хамтатган дэглэж “Орон нутаг судлах кабинет” болгон өргөтгөсөн. МАХН-ын Төв Хорооны тогтоолоор “Орон нутаг судлах музей” болгох бэлтгэлийг хангаж 1968-1969 онд 500 мянган төгрөгийн төсөв хөрөнгөөр баригдсан шинэ хоёр давхар өргөтгөлийн байранд орж, үзмэрийн санг “байгаль”, “түүх” гэсэн хоёр хэсэгт хуван дэглэж байгуулсан. 1975 онд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан Тэргүүний тэмээчдийн анхдугаар зөвлөгөөнөөр “Тэмээн аж ахуйн үзэсгэлэн”-г зохион байгуулснаар музейн үйл ажиллагаа өргөжсөн. 1985 онд Ёлын аманд “Байгалийн музей” нэртэй салбар музейг байгуулсан. Эдүгээ эдгээр музейнүүд жилд гадаад, дотоодын 40 мянган үзэгчдэд үзмэрээ таниулж байна.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах