Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны 9-р сарын 1-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрийн төв “нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1993 онд Монголын Хүүхдийн урлан бүтээх төв нэртэй болсон. Хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, амьжиргааны арга ухаанд сургах, гар урлал, чимэх чимэглэх урлагийн төрөл зүйлийг хүүхэд багачуудад зааж дугуйлан хэлбэрээр хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгох сургалт явуулдаг.
Тус төв нь гадаадын зочид төлөөлөгчдийн заавал сонирхож үзэх газрын нэг бөгөөд төр олон нийтийн зүтгэлтэн, гадаад орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, монгол хүүхдийн авъяас чадварыг тэдний хийсэн бүтээлээр нь үзэж бахархдаг. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд уран зураг, хүүхэлдэйн бэлэг дурсгал, сийлбэр, сүрлэн сүлжмэл, сүрлэн наамал, баримал, хайчилбар, шүрэн урлалын бэлэг дурсгал, арьсан урлал, хувцас дизайны чиглэлийн нийт 10 төрлийн дугуйлан хичээллэдэг. Эдүгээ Улаанбаатар хотын 50 гаруй сургуулийн 600 гаруй сурагчид өөрийн хүсэл сонирхолын дагуу тус төвийн дугуйлангуудад элсэн орж 3-5 жил суралцан тухайн мэргэжлийн дагуу зохих мэдлэг чадвар эзэмшиж, мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг.
Байгуулагдсан цагаасаа хойш 20 шахам удаа төгсөлт хийсэн бөгөөд тэдгээр хүүхдүүд өнөөдөр эх орныхоо улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбар компани, гар урлалын байгууллагад ажиллаж зарим нэгэн гоц авъяастай хүүхдүүд дүрслэх урлагийн чиглэлийн сургуульд суралцаж төгсөөд тус төвийнхөө дугуйланд эргээд багшилж байна.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, СУИС-ийн зүүнт талд, Модерн номадсын хойно
Утас: 325703, 321052