1932 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уран бүтээлийнхээ анхны тоглолтоо толилуулсанаар одоогийн Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга уран бүтээлийн гараагаа эхэлжээ. 1932-1942 онуудад Цэргийн театр, чуулгын үүргийг хослон гүйцэтгэж, үндэсний болон дэлхийн сонгодог жүжгүүдийг тайзнаа амьдруулахын зэрэгцээ Монголд анхны найрал дуу, хөгжим, бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тус чуулга нь 1945 оны чөлөөлөх дайны талбарт цэрэг дайчид, чөлөөлөгдсөн нутгийн иргэдэд урлагийн тоглолтоор үйлчилж байжээ.
Чуулгын уран бүтээлчид ОХУ, Чех, Румын, Польш, Болгар, БНАСАУ, Герман, Турк, франц, Япон, БНСУ, Бельги, БНХАУ, Тайланд зэрэг улс орнуудын урлагийн тайзнаа удаа дараа тоглолт хийж үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ. Чуулгын уран бүтээлийн амжилтыг төр засаг үнэлэн 1962 онд “Байлдааны гавьяаны одон”, 1982 онд “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнаж 2002 онд чуулгын түүхт 70 жилийн ойгоор “Эрдмийн чуулга” гэсэн эрхэм алдрыг хүртээжээ.
Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга нь “ардын найрал хөгжим”, “эстрад симфони найрал хөгжим”, “бүжиг”, “найрал дуу”-ны ангийн уран бүтээлчдээс бүрддэг. Найрал дууны анги нь монголын урлагийн түүхэнд “жаран хар” хэмээн алдаршсан хамгийн анхны эрэгтэй найрал дуучдын суурийг тавьсан бөгөөд монголын дууны урлагийн түүхэнд цэрэг, эх орны сэдэвтэй дууг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Хаяг: Баянзүрх, Дандарын гудамж-2, Офицеруудын ордон
Утас: 260423