"Эстрад концертын товчоо" нэртэйгээр 1945 онд байгуулагдаж, улмаар 1950 онд “Ардын дуу танцын улсын ансамбль” хэмээн өөрчлөгдөж өнөөгийн суурь нь тавигджээ. 2002 онд “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга” нэртэй болж өөрчлөгдсөн бөгөөд тус чуулга нь монгол түмний өнө эртний дуу хуур, бүжиг наадам, аман өвийн уламжлалд тулгуурласан арвин баялаг уран бүтээлийн сан хөмрөгтэй. Мөн монголын болон дэлхийн сонгодог шилдэг бүтээлүүдийг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг төрлөөр туурвиж өв сангаа баяжуулжээ.
Засгийн газраас мэргэжлийн урлагийн энэ байгууллагын хамт олны хийж бүтээсэн үйл хэргийг үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан бөгөөд тус чуулгын уран бүтээлчдийн дундаас Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналтан, Ардын Жүжигчин, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Улсын Гавъяат Жүжигчин, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан гэх мэт олон арван уран бүтээлчид төрөн гарчээ. Эдүгээ Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга нь 60 гаруй хөгжимчдөөс бүрдсэн “Үндэсний их найрал хөгжим”, 50 гаруй бүжигчдээс бүрдсэн Ардын Жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит “бүжгийн анги”, 25 орчим дуучид, 10 гаруй авъяаслаг залуу уран нугараачдаас бүрдсэн хамтлаг гээд нийт 150 гаруй уран бүтээлчдээс бүрдэж байна.
Гадаадын жуулчин болон ард түмэндээ ардын урлагийн төрөл зүйлээр байнгын тоглолт зохион байгуулахын зэрэгцээ уран бүтээлийн янз бүрийн холбоодын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Тухайлбал, “Монголын Уртын Дууны Холбоо”, “Монгол Хөөмэйн Холбоо”, “Монголын Ястан Үндэстний Ардын Богино Дууны Холбоо”, “Ардын Бүжгийн Нийгэмлэг” зэрэг төрийн бус байгууллагыг чуулгын уран бүтээлчид удирдан ажиллуулж байна.
Хаяг: Улсын драмын эрдмийн театрын байранд
Утас: 323954, 326639, 88023954, 88001047
Тоглолтын хуваарь: Жил бүрийн 6-р сарын 10-наас 9-р сарын 24 хүртэл, өдөр бүр 18:00-19:10 хүртэл
Тасалбарын үнэ: