Үнэт ховор номын музей

Монголчуудын бичиг соёлын эртний дурсгалуудыг гадаад, дотоодын хүмүүст үзүүлэн таниулах зорилгоор 1981 онд тус номын сангийн дэргэд “Үнэт ховор номын бичил музей”-г байгуулжээ. Монгол төдийгүй дэлхий дахины түүхэнд томоохон байр эзлэх Бурхан багшийн өөрөө номлосон амны эш айлдвар болох “Ганжуур” (108 боть), түүний тайлбар болох “Данжуур” (226 боть) хэмээх хоёр их хөлгөн судар залаастай байдаг. Ганжуур гэдэг нь монголоор “Зарлигын хураангуй” гэсэн утгатай бөгөөд эртний Энэтхэгийн трипитака буюу гурван аймаг савын ном, мөн 1260 гаруй нэр төрлийн номыг багтаасан судар юм. “Нартан барын Ганжуур” (102 боть), “Дэргэ Ганжуур” (100 боть), “Хүрээ барын Ганжуур” (105 боть), “Монгол бичмэл Ганжуур” (76 боть),  “Алтан Ганжуур (101 боть), “Мөнгөн Ганжуур”(102 боть) зэрэг хосгүй судар номнууд хадгалагдаж байдаг. Музейн зарим өв сангаас дурдвал:


Есөн эрдэнийн Ганжуур: Дэлхийд ганц гэгдэх хосгүй судар бөгөөд 1819 онд 56 х 22 см хэмжээтэй хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бүтээгдсэн байна. Нийт 142 ботиос бүрддэг.

Монгол шунхан Ганжуур: Ганжуурын тайлбар болох Данжуур нь Энэтхэг, Түвдийн эрдэмтдийн бичсэн их, бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107 839 хуудастай, 23 х 72.5 см хэмжээтэй их хөлгөн судар юм. Эл ганжуурыг 1741-1742 онд II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсандамбийням тэргүүтэй 200 орчим гүүш түвд хэлнээс монгол хэлэнд орчуулаад 1742-1749 онд Бээжинд модон бараар барлан 226 ботиор хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм. 2011 онд ЮНЕСКО-гийн Олон улсын баримтат өвийн жагсаалтанд бүртгэгджээ.


Данжуурын гэрэлт хөшөө: Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүн “Монгол шунхан Данжуур”-ыг Монголд үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны 10 дугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ийнхүү эл Данжуурын 226 ботийг 1925 онд Монгол улсын нийслэлд залж авчирсны дурсгалд зориулан 1929 онд чулуун хөшөөнд гэрээний үгийг сийлэн үлдээжээ. Боржин чулуугаар урлаж, сууринд нь  бадамлянхуа цэцэг бүтээж, пайлуур чулуун дээр бичээсийг нь сийлжээ. Хөшөөний суурийн урт 71 см, өргөн 38 см, нийт өндөр нь 248 см юм. Хөшөөний зүүн дээд хэсэгт Сэцэн чин ван Наянтын тамга, баруун дээд талд Ардын гэгээрүүлэх яамны тамгыг сийлж, хөшөөний суурь, оройн хэсгийн хээ угалзыг 13 см хүртэл гүн ухаж, хөшөөний арын доод талд “Дэндэв урлав. 1929 он” гэсэн бичиг сийлж үлдээжээ. Эл хөшөө номонд зориулагдсан гэдэг утгаараа дэлхийд нэн ховорт тооцогддог ажээ. 


Лу. Алтан товч: “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч оршвой” хэмээх номыг 1651 онд түүхч Лувсанданзан зохиожээ. Эл зохиол нь 19 х 63 см хэмжээтэй цаасан дээр хулсан үзгээр бичсэн, 352 хуудастай судар бөгөөд Шинжлэх ухааны хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүн Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хошууны Юншээбүү овгийн тайж Дари гэгч хүнд хадгалагдаж байсныг 1926 онд авчээ. Лу. Алтан товч нь “Монголын нууц товчоо”-ны 282 зүйлээс 233 зүйлийг бараг тэр хэвээр нь агуулсан учир МНТ-ны монгол үсгээр үлдсэн нэгэн эх гэж үздэг. 2011 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн баримтат өв”-ийн жагсаалтад бүртгэгджээ. 


Жамбалцанжид: Музейн өв сангийн нэлээд эртний номын нэгэнд тооцогдох бөгөөд 25 х 9 см хэмжээтэй модон барын нугалбар судар юм. Эл сударыг Түмэдийн Алтан хааны ач эрх Баягуд баатар Дай хунтайжийн зарлигаар түүний хүү Чойжамц тойн 1502 онд санскрит, түвд, монгол, хятад дөрвөн хэлээр хадан хэвлэжээ. Монголын сонгодог бичгийн хэлний дурсгал төдийгүй, нугалбар номын нэгэн өвөрмөц төлөөлөгч болдог. Монгол үсэг бичгийн түүх, ном судлалд чухал ач холбогдолтой дурсгал юм.


Юань улсын судар: 1368 онд Мин улсын хаан Жу ЮанЧжаны тушаалаар Сун Лянь (1310-1381), Ван Вэй (1322-1373) нарын удирдлага дор 16 хятад түшмэл эрхлэн зохиожээ. XIII-XIY зууны үеийн Монголын түүхийг судлахад гол хэрэглэгдэхүүн болдог түүхийн томоохон хэмжээний бүрэн зохиол юм. Юань улсын сударын бүрэн эхийг эрдэмтэн Дэмчигдорж (өргөмөл нэр нь Дандаа) монголоор 210 дэвтэр болгон орчуулжээ. 26 х 26 см хэмжээтэй муутуу цаасан дээр хар бэхээр 15 мөрөөр бичсэн, улаан даавуу хавтаслаж, дэвтэрлэж үдсэн судар юм.


Дал модны навчин дээр бичсэн “Жадамба” судар: Эртний Энэтхэгийн алдарт эрдэмтэн Нагаржуна (НТ I зуун) зохиосон гэх домогтой, дал модны навчин дээр эртний ланз үсгээр бичсэн “жадамба” буюу “Билгийн чинад хязгаараа хүрсэн найман мянгат хэмээх их хөлгөн судар” хадгалагдаж байна. Дал модны навчин хуудсандаа хос нүх гарган утсаар холбосон нь эргүүлж уншихад тохиромжтойгоос гадна хуудас нь гээгдэх, холилдох явдал гардаггүй байна. Уг ном нь 31.5 х 5.2 см хэмжээтэй бөгөөд гадна талаараа модон хавтастай. 


Эрдэнийн товч: Хамгийн урт ном болох Саган Сэцэний 1662 онд зохиосон “Эрдэнийн товч” хэмээх муутуу цаасан дээр хар бэхээр, монгол бичгээр бичсэн 71.1 м хуйлмал ном бөгөөд монгол гар бичмэл номын нэг өвөрмөц төрөл юм. Уутанд хийж ганзагалах, ханын толгойноос зүүж хадгалахад тохиромжтой ажээ.


Чингисээс “Ухаант” Тогоонтөмөр хүртэл Монголын түүх: Эл номыг цагаан будааны хивэгээр хийсэн муувин хэмээх болгомол гурван давхар цаасан дээр хар бэх хэрэглэн хулсан үзгээр хичээнгүйлэн бичсэн гар бичмэл бөгөөд эх зохиогч нь тодорхойгүй ажээ.


Ногоон дар эхийн магтаал: Монголын нэрт эрдэмтэн, толь зүйч, түвдэч С.Шагжийн 1914 онд бичсэн “Ногоон дар эхийн магтаал” хэмээх ном нь хамгийн жижиг гар бичмэл бөгөөд 5.4 см урт, 5 см өргөн хэмжээтэй цаасан дээр түвдээр бичжээ. Бичвэрийн хэмжээ нь 5 х 4.5 см юм. Энгийн нүдээр унших аргагүй учраас давхар линзтэй шил буюу микроскопоор уншиж болно. Эрдэмтэн С.Шагж өрхөө бүтээн гэрээ харанхуйлаад, өрхөндөө зүүний сүвэгчийн чинээ өчүүхэн цоорхой гарган хурц нартай өдрүүдэд ганц ширхэг хялгасаар бичсэн гэдэг. 


Одот тэнгэрийн зураг: XYI зууны үед муутуу цаасан дээр хар бэхээр, чулуун бараар барлагджээ. Эл зурагт монгол нутгаас хүний энгийн нүдээр харж болох тэнгэрийн хойт хагасын 773 од, өмнөд хагасын 602 од, нийт 1375 одыг багтаан зурсны зэрэгцээ, бүх одны монгол нэрийг монгол үсгээр хажууд нь хадмалдан бичсэн байна. 


Жадамба судар: XYII зуунд бичигдсэн хамгийн том сударчилсан ном. 81 х 32 см хэмжээтэй 500 хуудастай, болгомол цаасан дээр хар өнгийн бэхээр бичиж хятад бараар барлажээ. Бүх хуудасны ирмэгийг улаан шунхаар хээ угалз гарган барлаж, хоёр талд нь таван мэдрэхүйг цэцгэн хээтэй хослуулан дүрсэлж, эвэр угалзаар хүрээлэн чимжээ.


Элдэв зүйлийн эмийн нэр тодотгосон бичиг: 1847 онд бичигдсэн бөгөөд эхний хэсэгт эмийн нэрийг түвд, монголоор хүснэгтлэн бичсэн бол дараах хэсэгт эмийн ургамлын зургийг тайлбартайгаар оруулжээ. Хүний биеийн ханаж болох судсуудыг зураг тайлбартайгаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Улаан даавуу хавтас бүхий 40.5 х 55.5 см хэмжээтэй.


Бөртэ чиноос эхэлсэн угийн бичиг: Хамгийн эртний бөгөөд олон хаадын тухай мэдээлэл агуулсан Чингис хааны дээд өвөг Бөртэ чино, Гоо маралаас эхлэн  Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой нарын үр хүүхдүүдийг хүртэл 42 үеийн угсаа гарлыг хамарсан монгол хаадын угийн бичиг болно. 100 х 352 см хэмжээтэй давхарлан наасан муутуу цаасан дээр хар, улаан бэх хэрэглэн бийрээр бичсэн гар бичмэл юм. Хүний нэрсийг үе үеэр нь тасархай улаан шугамаар зааглан дээрээс нь доош цувруулан бичжээ. Зарим ноёдын үр хүүхдүүдийн нэрийг дурдалгүй, тэдний хүүхдүүдийн захирч байсан хошуудыг дурдсан байна.


Сандуйн жүд: Монголын нэрт Дагва тэргүүтэй урчууд XIX зууны сүүлчээр цэвэр мөнгөн хуудсан дээр үсгийг хөөлгөн шарж алтдаад, эхлэл төгсгөлийн өгүүлбэрийг цул шижир алтаар шигтгэн урласан монгол номын үнэт дурсгал болох Сандуйн жүд буюу “Нууцын хураангуйн үндэс” хэмээх ном юм. Номын хуудас бүрд бурханы хөргийг алтаар товойлгож нэн урнаар хөөлгөн урлаж, алмаз, шүр, сувд тэргүүтнийг шигтгэн суулгасан байна. Монгол дарханы аргаар цэвэр мөнгийг 59 х 15 см хэмжээтэй хуудас болгон давтаж хуудсан дээрээ номынхоо үсгийг хөөлгөн цохиж алтаар шарсан байна. Номын нэг хуудас нь 1.2 х 3.74 кг жинтэй бөгөөд нийтдээ 1460 лан буюу 52 кг 560 г цэвэр алт, мөнгө орсон байна.  Тарнийн ёсны хамгийн дээд номлолын 12 бүлэг бүхий энэ судар 111 хуудас, 220 талтай.


Итгэл: XIX зууны сүүлчээр Түшээт хан аймгийн ар долоон гөрөөчин овгийн уран хатгамалч Должин гэгч эмэгтэйн зүү ороож урласан 20.5 х 8.5 см хэмжээтэй “Итгэл” хэмээх судар. Эл номын үсгийг алтан саан утсаар нэг ч зангилаа гаргалгүйгээр зүү ороож маш гоёмсгоор урлажээ. 


Жадамбын зэс судар: XX зууны эхээр нэрт сийлбэрч бор Чүлтэм, Тунгийн Шар тэргүүтэй дархчуудын сийлж хийсэн 1494 хуудас бүхий зэс барын судар. Эл бар нь хэвлэсэн 747 хуудас номынхоо хамт хадгалагдаж байна. Цорын ганц хувь бөгөөд уран нарийн хээ чимэглэл бүхийгээр нөр их чимхлүүр хөдөлмөр гаргаж бүтээсэн, монгол дархны зэс урлалын шилдэг нандин бүтээл юм. Хуудаснууд дээр номын үйл явдалтай холбоотой олон зураг дүрслэл сийлэгдсэн байна.


Бусад ном судараас: Хятадын Тан улсын үед хамаарах “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”,  Анхдугаар Богд Занабазарын (1635-1726) 1686 онд зохиосон Соёмбо үсгээр бичсэн “Итгэл” судар болон соёмбо үсгийн цагаан толгой, Зая бандид Намхайжамцын (1599-1662) 1648 онд зохиосон тод үсгээр бичсэн “Суут богд Чингис хааны тууж хэмээх судар оршвой”, Буриадын Агваандоржийн зохиосон Вагиндарагийн үсгээр бичсэн “Бурхан багшийн гэгээний хураангуй намтар оршвой”, монгол бичгийн “Зүрхэн тольт оршвой” зэрэг олон бичиг үсгийн дурсгал хадгалагдаж байна.


Хаяг: Үндэсний номын сан, Чингисийн өргөн чөлөө-4, Улаанбаатар-210648, Монгол Улс


Цагийн хуваарь: Даваа – Баасан 09:00 – 13:00, 14:00 – 17:00, Бямба, Ням гаригт амарна.


Тасалбарын үнэ:

  • Монгол иргэн (хүүхэд/ насанд хүрэгчид) 2000 төг
  • Гадаад иргэн (хүүхэд/ насанд хүрэгчид) 3 ам.доллар

Жич: Тус музейн үзмэр нь улсын хосгүй үнэт эрдэнийн санд бүртгэлтэй байдаг тул фото зураг авахыг хуулиар хориглосон байдгийг анхаарна уу.

 

Музейн талаар лавлах утас: 70112396, 70112397, факс 323100

И-мэйл: director@nationallibrary.mn  

Вэбсайт: http://www.nationallibrary.mn


 

Эх сурвалж: Монгол орны лавлах