YIII Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд танигдсан хүн бөгөөд тус сүм нь түүний нэрээр 1908 онд баригджээ. Хувь хүний төлөө байгуулсан, улааны шашны сүм бөгөөд 1936 он хүртэл хурал номын үйл ажиллагаа явагдаж байгаад 1938 онд хаагдсан. 1942 оноос шашны музей болсон бөгөөд одоо энэ музей 5 хэсэг танхимаас бүрддэг. Чойжин ламын сүм музейн Монгол нэр нь “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээдэг. YIII Богд шарын шашны хүн байсан хэдий ч улааны шашныг хүлээн зөвшөөрдөг байсан учраас энэ хийдэд сар бүр 4-5 удаа ирдэг байжээ.
YIII Богд гэгээний төрсөн дүү Лувсанхайдав нь 1872 онд Түвдийн Шолао хэмээх газарт Гончигцэрэнгийн 5 дугаар хүү болон төрж 1874 онд хоёр настайдаа Монголд иржээ. 1883-1884 онд Богд гэгээний багш Балданчоймбол хэмээх Ёнзонхамба Лувсанхайдавт Чойжин сахиус оршиж байна хэмээн тодорхойлоод Түвдээс тусгайлан Чойжин Сэтэв ламыг урьж Лувсанхайдавыг Чойжин болгох замд нь оруулж, Хүрээний Монгол лам Лувсанпэлжээгээр Чойжин буух бүх уншлага ном заалгажээ. Энэ лам дараа нь Чойжин буух үед нь хэлмэрч хийж өгдөг Гомбо буюу Сойвон лам нь болжээ. Лувсанхайдавыг анхны удаа Чойжин буухад нь YIII Богд гэгээн залран ирж үзээд хадаг барьж хүндэтгэл үзүүлжээ. Дараа нь Богд хаант Монгол улсыг байгуулсны дараа “Монголын шашны гол Чойжин сахиулсан ариун явдалт, чин сүсэгт гүртэмбэ, гүжир хамба эрдэнэбилэгт, тунгалаг бишрэлт хутагт” хэмээх цол, хутагтын тамга, чойжин сахиусны тамга, өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамга зэргийг тус тус шагнажээ. Лувсанхайдавын “Чойжин буух” зан үйлд нь зориулж Занхан сүмийг барьсан бөгөөд сард зургаагаас доошгүй удаа Чойжин буудаг байжээ. Тэрээр 1918 онд Чойжин бууж байх үедээ ухаан алдан унаж жанч халсан юм.
Гол сүм: Сүмийн хойморт Бурхан багш Модголжибуу, Шаарибуу хоёр шавьтай, баруун талын олбог дээр энэ сүмийн эзэн Чойжин лам, зүүн талын олбог дээр Чойжин ламын багш Ёнзон хамба тус тус заларсан байдаг. Чойжин лам 1918 онд шашны нэгэн үйл ажиллагааны үеэр нас барсан бөгөөд шарил нь бүрэн шатаж занданшуулах боломжгүй болсон байжээ. Иймд түүний чандарыг оролцуулан цаасан шуумлын аргаар баримлыг нь бүтээжээ. Харин багшийг нь нас барахад занданшуулсан бөгөөд 1910 онд суугаа чигээрээ бие баржээ. Гол сүмд Чойжин ламын дараах том лам нар суудаг байсан 4 олбог бүхий суудал, цамын ёслол болон өдөр тутмын хурал номын үеэр хэрэглэж байсан шашны хөгжмүүд, 16 Найдан шавь нарыг дүрсэлсэн чулуун барын зурагнууд, Насны гурван шүтээний танка зураг, цамын багнуудыг байрлуулсан бөгөөд эдгээрийг XIX зууны үеийн хүрээний урчууд бүтээжээ. Тус музейн үнэт үзмэрийн нэг нь Жамсран бурхны цамын баг, хувцас бөгөөд Xүрээний алдарт урлаач Пунцаг-Осор бүтээжээ. Нүүрний баганд нь 7 мянган улаан шүр орсон бөгөөд хүнд нь 30 килограмм хүрдэг. Нийт хувцас хэрэглэлийн хамт 70 килограмм болдог. Хөмсөг, сахал, бүсийг нь алтаар урлаж, хувцсыг нь уран хатгамалаар чимэглэжээ. Эсрэг талд нь байх Гомбо бурхны цамын баг, хувцасны цагаан өнгийн чимэглэл нь зааны ясаар хийгдсэн бөгөөд мөн адил тус музейн үнэт үзмэр юм. 18 настай эмэгтэй хүний шилбэний ясаар хийсэн ганлин бүрээ, гавлынх нь ясаар хийсэн дамар, 16 Найдан шавь нарын зэс хөөмөл баримил, мянган ширхэг Бурхан багш ба Богд Зонховын шавар баримал, Эрлэг номун хааны баримал, “халуун ба хүйтэн там”-ын дүрслэл зураг, “Майдарын болон Авидын орон” хэмээх хоёр модон сийлбэр, “Оточ найман Манал” бүхий хадагны утсаар хатгасан бүтээл гэх хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж байдаг.
Гол сүмтэй шууд залгаа Занхан сүм: Хойморт нь YIII Богд хааны сэнтий байх бөгөөд сард 4-5 удаа морилон ирж төр шашны ирээдүйн хэргийг асууж Чойжин буулгуулдаг байжээ. Чойжин ламтан догшин бурхдын сүнсийг өөрийн биед дуудаад тэдгээр догшин бурхдын үйлдэл хөдөлгөөнийг хийдэг байсан бөгөөд түүнийг Чойжин буух гэдэг байжээ. Тус сүмийн баруун талаар ойролцоогоор 2 метр өндөр Чойжин буюу догшин бурхад болох шашныг хамгаалагч Очирваань, Найжинчойжин бурхад, хурдан морины сахиус Дамдинсамдүв, шарын урсгалыг үндэслэгч Богд Зонхов, улааны урсгалыг үндэслэгч Ловон Бадамжунай, “юм”-аа тэвэрсэн Жигжид бурхан, ажил үйлсийг бүтээгч Пэрэнлэйжалбуу, морь унасан дайны бурхан Зэмэрчойжин, эмэгтэй хүнийг бүх муу юмнаас хамгаалдаг Дашцэрмээ охин тэнгэр, хамгийн хүчтэй баян болгогч Доржүгдэн, шашны тэрсүүтнийг дарагч баатар Рэгдэндагва нарын баримлууд байдаг. Сүмийн таазнаас тамын орныг дүрсэлсэн зураглалууд унжих ба нүгэл үйлдсэн хэн ч бай тамын оронд очоод ийнхүү зовж шаналдаг гэсэн утгыг илэрхийлдэг.
Бурхан багшид зориулж барьсан Зуугийн сүм: Хойморт нь Бурхан багшийн өнгөрсөн, одоо, ирээдүйн дүр болсон Одсэр, Будда, Майдар бурхад байдаг. Өмнөх тахилын ширээн дээр Төрийн долоон эрдэнэ, эргэн тойрон хананд 16 Найдан шавь нарыг бясалгал хийж байгаа дүрийг илэрхийлсэн цаасан шуумал баримлууд, сүмийн үүдэнд Арван хангал бурхдын нэг Балданлхам, баруун талд нь шашныг хамгаалагч Найжинчойжин бурхны баримал бий.
Ариун нандин шүтээний нууц тарнийн сүм Ядам сүм: Чойжин лам зөвхөн өөрөө орж ирж бясалгал хийдэг байсан сүм бөгөөд арга билгийн нэгдэл оршдог хос бурхдууд байдаг. Хойморт нь Чойжин ламын гол шүтээн, Энэтхэгийн 84 шидтэн бурхны нэг Дүвчиннагважүдэг заларсан байдаг. Түүний дээд талд модон гүнгэрваанд Цагаан дарь эх, Аюуш, Жүдэрнамжил хэмээх насны бурхад, өмнөх тахилын ширээн дээр Шашны найман тахил, сүмийн зүүн талд Жамсран бурхны модон сийлбэр, сүмийн баруун дээд талд таван тивийн хүмүүсийг илэрхийлсэн хүний дүрснүүд өлгөөтэй байдаг. Хооронд нь уяагаар амнуудыг нь холбосон байдаг нь хүмүүс оюун ухаан, хэл яриагаараа нэгддэг гэдгийг бэлгэдсэн утгатай. Хоёр багананд дуу чимээ гаргаж муу юмыг үргээх бэлгэдэлтэй буу өлгөөтэй байдаг.
Анхдугаар богд Г.Занабазарт зориулан барьсан Энх амгалангийн сүм: Сүмийн хойморт Г.Занабазар өөрийгөө дүрслэн хийсэн баримал, хоёр талд нь Аюуш бурхан, Бурхан багш хоёр шавьтайгаа заларсан байдаг. Дээд талд нь Насны гурван шүтээний цаасан шуумал байдаг бол сүмийн голоор Өндөр гэгээн Г.Занабазар, түүний шавь нарын урласан бурхдын баримал, хятад, түвд хийцийн баримлууд, япон хийцийн Богд Зонховын баримал, Өндөр гэгээний өөрөө авчирсан энэтхэг хийцийн “хүрэл суварга” гэх мэт ховор нандин үзмэрүүд бий. Сүмийн эргэн тойрон хананд 16 найдан шавь нараар төлөөлүүлэн хүний 16 зан чанарыг харуулсан ууртай, тайван, харамч, уйтгартай, залхуу, энэрэнгүй, зальтай, ажилсаг, хөгжилтэй, бялдууч, сайхан сэтгэлтэй гэх мэт Найдан бурхадын цаасан шуумал бүтээлүүд байдаг.
1939 онд Улсын 1 дүгээр зэргийн хамгаалалтанд авсан бөгөөд чанх ард нь 1951 онд Засгийн газрын ордныг барьснаар тус сүмийн Чойжин сахиуснууд Монгол төрийг сахин хамгаалж байдаг гэсэн утгыг агуулж буй ажээ. Мөн ордны орой дээрхи Төрийн далбаа, Чойжин лам сүм музейн Гол сүмийн алтан ганжиртай нэг шугаманд давхцан байрладаг байна. Тус музей нь 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил болон тусгай зөвшөөрөл бүхий гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байжээ. Тус музей нь түүхийн тодорхой цаг үед амьдарч байсан шашны нөлөө бүхий том ламын төлөө баригдсан бөгөөд дахин давтагдашгүй шашны урлагийн эх бүтээлүүдийг хадгалж үлдсэн онцлогтой төдийгүй энэ нь тухайн хутагт ламын сүр хүчийг илтгэн олныг бишрүүлсэн утга агуулгатай юм.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн зүүн талд
Утас: 328547, 324788
Цагийн хуваарь: