Олон улсын оюун ухааны музей

1990 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан бөгөөд Монголын анхны хувийн музей юм. Нийт 130 гаруй улс орны оюун ухааны 11000 бүтээл тавигдсан байдаг. Тэдгээрийг үндсэн 15 зүйл ангид хуваан байршуулсан бөгөөд үзэгчид зөвхөн үзэх биш тэдгээрт хүрч, тоглож ойлгож мэдрэх боломжтой байдаг нь тухайн музейн онцлог юм.

Зарим нэгэн үзмэрүүдийг дурьдвал 2 ширхэгээс эхлэн 673 ширхэг хүртэл дүрсээс бүтсэн 5000 гаруй оньсон бүтээл байдаг. Хоёр модны оньсыг задалж угсархад 1 хөдөлгөөн хийдэг бол 673 модны оньсонд 56831 хөдөлгөөн ордог байх жишээтэй. Мөн дэлхийд алдартай урлагийн бүтээлүүд, ертөнцийн долоон гайхамшигийн нэг алдарт Эуфлийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, сансарын хөлөг, хүн, сүм хийд, байшин барилга зэргийг зөвхөн оньсоор угсардаг байдлаар хийсэн нь дэлхийд байхгүй гайхамшигууд юм. Тус музейд хамгийн жижиг буюу 4 миллиметр дүрстэй 10 сантиметр хөлөгтэй ясан шатараас эхлээд дахин давтагдашгүй нийт 360 гаруй шатар бий. Түүний нэг нь дэлхийд хамгийн томд тооцогдох Ромбо хэлбэрийн шатар бөгөөд хөлөг нь 7-6 метр хэмжээтэй, бүх зүйл нь оньсны аргаар задарч угсрагдана. Шатрын хар талыг Монгол улсын түүхэн бодит хүмүүс болох Чингис хаан, Цогт тайж, Мандухай цэцэн хатан зэргээр төлөөлүүлэн танигдахаар бүтээж, цагаан талыг нь орчин үеийн Монголын алдар нэртэй хүмүүсээр төлөөлүүлэн сийлбэрлэжээ. Далны ясан шатар нь Монгол ба Япон сумочдыг хоёр тал болгон урлаж, 209 эрдэнийн чулуун шигтгээгээр чимэглэгджээ. Хамгийн үнэтэй шатар бол нэг талыг нь алтаар нөгөө талыг нь мөнгөөр шарж хийсэн оньсон шатар бөгөөд зөвхөн ширээнд нь 18 төрлийн 1022 ширхэг үнэт чулуу шигтгэсэн байдаг. Физикийн энерци, оптикийн хууралт, тэнцвэр, чөлөөт уналт зэрэг олон хуулиар бүтээгдсэн хэдэн зуун бүтээлүүдийг тайлбарлан үзүүлэхээс гадна музейд илбийн 30 гаруй үзүүлбэр үзүүлдэг. Дэлхийн 100 гаруй орны 1000 гаруй хүүхэлдэй байдгийн дотор 1200 гаруй жилийн өмнөх булшнаас олдсон хүүхэлдэй бий. Музейд том, жижиг эртний монгол гэрүүд байдаг ба гэрүүдийг цэвэр алт, мөнгө үнэт чулуунуудаар тоноглосон байдаг. Тус музейг дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган үзэгчид сонирхон ирж үздэг бөгөөд гадаад дотоодын олон телевизүүд нэвтрүүлэг, баримтат кинонууд хийдэг байна.

Музейн захирал З.Түмэн-Өлзий эрдэнийн чулуун шатар бүтээсэн байдаг.  Өнгөт кварц, себтентинит, хаш, өчир зэрэг 21 төрлийн 889 ширхэг чулуугаар 2.41 см урт, 1.26 см өргөнтэй монгол шатар урлажээ. Үнэт чулуугаар ийнхүү оньсон шатар бүтээхийн тулд тэрбээр 10 гаруй жил судалгаа хийсний эцэст бүтээсэн ба шатрын бод, хүүнүүд нь тус бүр 4-6 хэсгээс бүрддэг агаад оньслох аргууд нь ялгаатай. Тухайлбал, ноён гэхэд 18 оньстой ажээ. Шатрын хөлгийг Монгол улсын нутаг дэвсгэрийг дүрсэлсэн тусгай хавтан бүхий шилэн хоргонд байгуулжээ. Монгол овогтны тусгаар тогтнол болон Монгол шатрын үүсэл хөгжлийг харуулах зорилготой эл бүтээлээ зохиогч Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байна.


Хаяг: Баянзүрх дүүрэг, East худалдааны төвийн баруун талд
Утас: 461470,  99197761
Вэбсайт: http://www.iqmuseum.mn

Цагийн хуваарь: 
Ням гаригт амарна, бусад өдрүүдэд 10:00 - 18:00 

Тасалбарын үнэ:
 
      Монгол том хүн 6000 төг 
      Гадаад том хүн 8000 төг
      Хүүхэд 4000 төг
      Гадаад хүүхэд 6000 төг
      Цэцэрлэгийн насны хүүхэд (Монгол) 2000 төг
      Цэцэрлэгийн насны хүүхэд (Гадаад) 4000 төг
      Фото зураг авах хориотой.