Анх 1978 онд Монголын анчдын нийгэмлэг байгуулагдсанаар тус музей нээгджээ. Олон улсын үзэсгэлэнд оролцож шагнал хүртсэн ангийн амьтадын эвэр, арьс, толгой, соёо шүд, тэдгээрийг шагнасан медалуудыг дэлгэн үзүүлсэн байдаг. Үзмэрийн дотор хамгийн алдартай нь Алтайн аргал угалзын эвэр юм. Мөн одоохондоо дэлхийд хамгийн том гэж тооцогддог ирвэсний арьс, тул загаснуудын толгой, дэлхийн хамгийн том хүдрийн соёо, дэлхийн аварга баавгайн толгой, аргал угалзын эвэр зэргүүдийг медальтай хамт байрлуулжээ. Бугын ясан ба цусан эвэр, хар үнэг, булга, хандгай, ойн баавгай, ойн булга, ойн солонго, бараан хэрэмний чихмэлүүд, хулан, хар сүүлт, цагаан зээр, буга, янгирын гаж ургасан эврүүд, хар чононы арьс, улаан чононы арьс, хар тарваганы арьс гэх мэт үзмэрүүд байдаг.
Хээрийн галуу, халзан түнжүүр, зэрлэг нугас, ангир, гангар хун, дорт нугас, хархираа тогоруу, морин тутгалжин, ээтэн, хар өрөвтас, ятга шаазгай, цэнхэр шаазгай, шулга харцага, тургийн сойр, хур, цагаан ятуу, ууль гэх мэт Монголд төдийгүй дэлхийд нэн ховорт тооцогдох шувуудын үзмэр бий. Мөн тус музейд Монгол Германы хамтарсан экспедиц усны минж нутагшуулсан тухай материалууд тавигдсан байдгаас гадна ан агнуурын хэрэгслүүд болох ээмэг, бахь, тайвшруулагч тариа, дуран, алхаа хэмжигч, булганы хавх, анд авч явдаг тогоо шанага хийдэг богц зэргийг тавьжээ. Мөн эрт цаг үеийн ангийн буу зэвсэг, хавх, хутга, сум, чулуун зэвсгийн үед хамаарах ан агнуурын багажнууд, анчны отог, хоёр анчин ойд цайгаа чанаж уух гэж байгаа байдлыг харуулсан үзмэрүүд бий. БНМАУ-ын амьтны газарзүйн байршил, монгол орны амьтны аймгийг харуулсан бүтээл зэргээс гадна эртний Монголчуудын ан амьтнаа хамгаалж ирсэн өв уламжлал зан үйлтэй холбоотой үзмэрүүдийг ч дэлгэн тавьсан байдаг.
Хаяг: Баянгол дүүрэг. Гандантэгчилэн хийдийн урд хаалганаас уруудах замын зүүн талд
Утас: 360276, 99018218
Цагийн хуваарь:
- Өвөл: Даваа - Бямба гарагт 09:00-18:00
- Зун: Өдөр бүр 09:00 - 18:00
Тасалбарын үнэ:
- Гадаад хүн 2500 төг
- Монгол хүн 1000 төг
- Хүүхэд 500 төг
- Гэрэл зураг авах 5000 төг
- Дүрс бичлэг хийх 10000 төг