Монгол гэрийн дэг журам

Гэр барьж байх үедээ хэрүүл шуугиан тарьвал тэр айл үргэлж хэрүүл маргаантай байх, эсвэл муу юм тохиолдоно гэж үздэг.  Гэр доторх хүмүүс зочин гийчин ирж явааг гэрийн дотроос үүдээр гадагш шагайх юмуу өөдөөс нь зөрж гарахыг цээрлэнэ. Ирж яваа ямар ч хүний өөдөөс хоосон сав суулга, үнс хог авч гарах, угаадас ус цацахыг ихэд цээрлэдэг. Хэрэв үнс хог аваад гарч байхад яг хүн ирж тааралдвал түүнийгээ гэрийн хажууд юмуу хатавчны ойролцоо тавиад, хүн гэрт орж суусан хойно авч гаргадаг ёстой. Гэрийн эзэгтэй цайгаа нар зөв эргүүлэгтэй аягална. Цай аягалж байхдаа аяга руугаа амьсгалаа эгц хандуулах, юм ярьж шүлсээ үсэргэхийг цээрлэнэ. Аягалсан цайгаа хамгийн түрүүнд ахмад эрэгтэй хүнд эхлэн барих бөгөөд гаднаас ирсэн хүнд хуучин цай аягалдаггүй. Цай хоолыг аягалахдаа данх, шанаганы амсрыг үүдний эсрэг харуулан хийдэг. Тэгэхгүй бол тэр айлын хоол хүнсний дээж хаалгаар нь гараад явчихна гэж үздэг. Гэрийн хүн зочдын дэргэд тогоо шанага хангинуулах, хүүхэд ач нараа харааж загнах, нохой муураа цохиж гаслуулах ёсгүй.

Гэрийн гал голомт болсон зуухны галыг өөрөө унтрах хүртэл хүчээр унтрааж болдоггүй, хэрвээ хүчээр унтраавал тэр айлын удам тасарна гэж үздэг. Гэрийн зуухны гал руу ус хийвэл галын бурхан догширно, сүү хийвэл хонь малынх нь сүү татарч ширгэнэ, сонгины хальс хийвэл нүд өвдөж хараагүй болно, хог хийвэл тэр айл бузартана гэж үздэг. Гадаах хэрүүлийг гэрийн дотор ярьдаггүй, гэрийн доторхийг гадагш гаргаж дэлгэдэггүй. Ханы нүдээр, хатавчаар шагайвал муу зүйл учирна гэж үздэг. Аргал түлээний дөрвөлжийг дундуур буюу хоосон хонуулахыг ихэд цээрлэдэг тул унтахын өмнө заавал дүүргэдэг ёстой. Ус дамнаад гэрт орох, ус түлээ хоёрыг хамт авч ирэх, аргал түлшээ дээш нь харуулж шатаавал үнээ мал сувайрна гэж үздэг.

Гэрийн эзэн гадаалахаар гарахдаа нөмгөн, нүцгэн гарвал эр хүний аз хийморь доройтно гэж үздэг. Хутга мэс ханцуйлах, түрийлэх, хутга сэрээг ирээр нь хүнд өгөх, хүнээс авах, хутганы үзүүрийг амандаа хийх, хутганы ирийг дээш харуулан тавих, хүнд юм өгөхдөө шидэх чулуудахыг хориглоно. Гэрт хамгийн түрүүнд зочин ба ахмад настан, гэрийн эзэн унтсаны дараа гэрийн бусад хүмүүс унтах бөгөөд зочноос түрүүлэн унтах ёсгүй. Унтахаар хэвтэхдээ заавал гал голомт руугаа харж хэвтэх бөгөөд дараа нь биеийнхээ тааллаар унтдаг заншилтай.

Хол аян замд гарах гэж байгаа бол Мягмар юмуу Бямба гаригт гэрээс гарахыг цээрлэнэ. Ажил үйлс бүтэх нь удааширна гэж үздэг. Холын зочныг үдэн гаргахдаа  хойноос нь сүү цагаан идээний дээжийг өргөдөг. Хүүхэд ах дүү саданг холын юманд мордоход дөрөөн дээр нь сүү дусаадаг сайхан заншил байдаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах