Монгол бөхийн барилдаан

Бөхийн барилдааныг авхаалж самбаа уран мэхийг эрхэмлэдэг спортын нэг төрөл гэж хэлж болно. Бөхчүүд цагт баригдахгүйгээр уудам талбайд барилддаг бөгөөд нарийн утга бүхий ёслол хөдөлгөөн, хувцас хэрэглэлтэй байдаг. Хамгийн ах цолтой бөхөө зүүн талын магнайд гаргадаг ёстой. Бөхчүүд цолны дэс дараагаар эхэлж ам угтуулаа сонгон барилдах бөхийг амлан авч барилддаг. Монгол үндэсний бөхийн цол нь дархан аварга, даян аварга, аварга, арслан, гарьд, заан, харцага, начин гэж байх бөгөөд аймгийн цолтой бөхчүүдийн дээд нь арслан, сумын цолтой бөхчүүдийн дээд нь заанаар хязгаарлагддаг. Өсвөрийн бөхчүүдэд тулгат, шонхор, шандас, харцага гэх мэтээр цол олгодог. Бөхийн тоо хэд ч байсан түрүүлсэн бөхөд арслан, дөрөвт үлдсэн бөхөд заан, арван зургаад үлдсэн бөхөд начин, жаран дөрөвт үлдсэн бөхөд харцага цол өгнө. Цолоо бататгах тоолонд нэмэлт чимэг өгдөг журамтай.

Бөхийн дэвэлтийг бага, дунд, хангал, их гэж ялгана. 128-д үлдсэн, эсвэл түүнээс их бөх барилдаж байхад “бага дэвэлт”-ээр дэвдэг. 64-т үлдсэн бөх харцага шонхрын дэвэлтээр, 32, 16-д үлдсэн бөх начин шувууны дэвэлтээр дэвнэ. Эдгээр хоёр дэвэлтийг “дунд дэвэлт” гэнэ. Шөвгийн дөрөвт үлдсэн бөх хангарьдын дэвэлтээр дэвэх бөгөөд үүнийг “хангал дэвэлт” гэнэ. Үзүүр түрүүний хоёрт үлдвэл их дэвэлтээр дэвнэ. “Их дэвэлт” гэдэг нь дэвэх явцдаа дөрвөн дэвэлтийг дөрвүүлэнг нь дараалан хийдэг. Бөхийн наадамд хоцорч ирсэн хүмүүс бөхчүүдийн дэвэлтээр нь хэдийн даваа болж байгааг төвөггүй ойлгодог. Бөх хүн засуулынхаа мөрнөөс нэг гараа салгахгүйгээр нөгөө гараа өргөн дэвж засуулаа тойрон буцаж ирэн, дэвж байсан гараа мөрөн дээр нь буулган хоёр хөлөө дэвсэх нь эзнийхээ мөрөн дээр уяатай байгаа бүргэд анд гарахынхаа өмнө тэсэж ядан тэмүүлдэгтэй адил юм. Засуул нь “тавих уу” гэж асуугаад “тавъя” гэхээр нь малгайг нь аваад тавьдаг. Энэ нь бүргэдийнхээ нүдний боолтыг аваад анд тавьж байгаатай адил санаа юм. Засуулаасаа гармагц бөх урагш огцом ухасхийн гүйснээ өндөр авч тэр өндрөөс газрыг харж буй шувуу шиг дэвдэг. Бөх нэгэнт шувуу болж наадаж байгаа учраас хоорондоо ярих үйлдэл хийдэггүй. Үг яриагаа зөвхөн үйл хөдөлгөөнөөрөө хийдэг.

Бөх эхэлж гармагцаа гуян дээрээ гурав алгадаад засуулдаа очдог. Энэ нь “хүчээ үзье” гэсэн үг. Учир нь гурвын тоо “хүч” гэсэн утгыг илэрхийлдэг. Хүчээ үзэх газраа хүрээд гуяныхаа урд хойно нэг нэг алгаддаг. Энэ нь унагасан ч унасан ч хонзонгүй гэсэн үг. Учир нь хоёрын тоог монголчууд эвийн бэлгэдэл, тэгш эрхийн бэлгэдэл гэж үздэг. Эсрэг бөхөө унагахыг “орхих” гэх бөгөөд орхигдсон бөх давсан бөхийнхөө тахим доогуур гардаг. Энэ нь “таныг хүндэлж явъя” гэсэн санаа юм. Бөхийн гурвын даваанаас эхлээд сондгой тоон дээр зүүн баруун талынхаа магнайд гарсан бөхийнхөө цолыг дууддаг. Энэ нь бөхчүүдийнхээ золбоо хийморийг сэргээж наадамчин олныг баясгаж байгаа хэрэг ажээ.

Бөхийн малгай нь эртний баатруудын дуулга хэлбэртэй. Гутлын хувьд суурь сайтай, хөлийн мэх хийхэд тохиромжтой, аюул осол багатай. Зодог шуудаг нь бөхийн сүр хүчийг илтгэн харуулдаг, монгол үндэсний бөхийн барилдааны хүндэтгэлийн хувцас юм. Чанартай торго,  бөсөөр хийж, үхрийн шөрмөсөн мяндсан утсаар оёж ширсэн зодог шуудаг, эр сураар ногтолсон монгол ээтэн гутал зэрэг өмсгөлүүд нь биед тохирсон, бат бөх, мэх хийж барьж барилдахад тохирсон бөгөөд бие галбирыг сайхан харагдуулдаг зэргээрээ давтагдашгүй онцлогтой. Зодог нь цээжинд өмсдөг “далбаа” хэмээх богинохон артай, хоёр ханцуйнаас бүрдсэн өмсгөл юм.  Далбаанд мяндсан утсаар томж хийсэн элэг бүсний уяаг бэхэлнэ. Далбааны захыг мяндсан утсаар ширж бат бөх болгоно. Шуудаг буюу богино өмдийг бариу хийж, захыг мяндсан утсаар ойрхон зайтай шаглаж ширээд бат бөх болгоно. Зодог шуудагны ар, өвөрт бөх хүний хүч чадлыг бэлгэдсэн хээ угалзнаас гадна гарьд, луу, арслан, бар зэрэг дөрвөн хүчтэн амьтныг урладаг. Орчин үед бат бөхийг бодож шүхэр хийхэд хэрэглэдэг материалаар оёдог болсон байна.

Эх сурвалж: Монгол орны лавлах