Намрын адаг сард малын тарга тэвээрэг гүйцэх үеэр бар өдрийг сонгож, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсны баталгаа болгож унага тамгална. Унага тамгалах өдрийн найр нь намрын отгон баяр болдог учиртай. Гүүн зэлний ойролцоо газар гал түлж тамгаа улайсган унагануудаа тамгалаад “тамга тасам болог” хэмээн ерөөдөг бөгөөд энэ нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлгэдлийн үг ажээ. Дуусгаад тамгаа даллаганы хувинтай айргандаа дүрж, гэртээ оруулж хоймроо тавина. Унага тамгалахад оролцсон хүмүүсийг урин айл хотлоороо айраг ууж найрлангаа адуун сүргээ холхон бэлчээж байгаад хүн бүр унага зүслэн тавьж уралдуулдаг. Энэ нь тухайн хүний хийморь лундааг үзэж байгаа хэрэг юм. Адууны тамга нь олон янз байдаг бөгөөд саран тамга гэхэд дан, давхар, хөвчтэй, нартай, саран дэвсгэртэй, чандмань гээд арваад төрөл байдаг. Хас тамга нь үргэлж мөнхөд тасралтгүй оршин байхын бэлгэдэл агуулсан байдаг.