Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэрт байршлаа өөрчлөхгүй мэт харагдах мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэж ирсэн. Долоон бурхан одыг монголчууд бид харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” хэмээн өөрсдөө зохиож нэрлэсэн. Монголчууд Долоон бурхан одыг хамгийн их шүтэж эрхэмлэдэг. Намар, өвлийн улиралд тэнгэрийн хойд хэсэгт нэлээд доогуур байрлаж, хавар, зуны улиралд чанх орой дээр шахуу байрладаг. Зүг чигээ алдаж төөрсөн хүн шөнө оройн цагт Долоон бурхан, Алтангадас одоор хойд зүгээ мэдэж болно. Долоон бурхан одыг тахих, сэржим өргөх ёс дэгийг өвөг дээдэс, буддын шашны багш нар айлджээ. Долоон бурхан одны тахилгын судар анх уйгар хэлнээс монгол хэлнээ орчуулагдан тархсан бол Хятадын Тансан лам хятад хэлнээ орчуулсан байсныг түвдүүд өөрийн хэлнээ орчуулсан гэдэг.
Долоон бурхан од нь монголчуудын хувьд тус тусын нэртэй ба од тус бүрт буддын шашны бурхан байрладаг гэж итгэдэг. Од бүрт оногдсон бурханы тарнийг 7 удаа уншиж “Өөр болон өөр бусдын өвчин зовлон, аливаа саад бүхэн арилж, нас уртсаж, эд баялаг, яруу алдар дуурсагдах цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай” хэмээн сүсэглэн айлдаж 7 удаа мэхийж хүндэлдэг заншилтай.
Нэг дэх од: Тэнгэрийн оргилго гэх ба тус одонд Санжаанамсаг бурхан заларсан байрладаг. Хулгана жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум а ми, да яаа, яа сууха” хэмээх тарнийг уншдаг. Хамгийн анх замбуу тивд бурханы шашин дэлгэрүүлсэн бурхан гэж үздэг.
Хоёр дахь од: Тэнгэрийн хас гэх ба тус одонд Жүгдэр бурхан заларсан байдаг. Гахай, үхэр жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум цинда хум ни сууха” хэмээх тарнийг уншдаг. Жүгдэр бурхан нь Санжаанамсаг бурханы дараа шашин дэлгэрүүлсэн бурхан ажээ.
Гурав дахь од: Тэнгэрийн шил нэртэй ба Тамжиджав бурхан байрлажээ. Нохой, бар жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум ни, ми ри ни, ла га да, на ба ра, ра ма дү, дү сү сууха” хэмээх тарни уншина. Жүгдэр бурханыг залгамжлан шашин дэлгэрүүлсэн бурхан.
Дөрөв дэх од: Тэнгэрийн эрх гэх ба Хорважигдэн бурхан заларчээ. Тахиа, туулай жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум вэ ха сууха” хэмээх тарнитай. Мөн эхний бурхадын адил замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 4 дэх бурхан.
Тав дахь од: Тэнгэрийн бэрээ нэртэй ба Бурхан багш заларсан байдаг. Бич, луу жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум ба ра ди, за ра, ма ра на сууха” хэмээх тарни уншина. Бурхан багш нь замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 5 дахь бурхан юм.
Зургаа дахь од: Нэхэх арга гэх агаад Одсүрэн бурхан байрладаг. Хонь, могой жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум сарва да ра, са ма еэ сууха” хэмээх тарнитай. Одсүрэн (Одсэр) бурхан нь шашны номлолоор бол одоогийн бурхан багшийн өмнөх дүр, сайн цагийн 1000 бурханы 3 дахь дүр ажээ. Шагж тивээс бурханы шашныг дэлгэрүүлсэн гэдэг.
Долоо дахь од: Жиргэлэх гэрэл хэмээх бөгөөд Оточ Манла бурхан заларчээ. Морь жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум са ба да, ба ра, ми на, за сууха” тарнитай. Хүн төрөлхтөнд учирдаг 404 төрлийн өвчин эмгэгийг засдаг бурхан. Аливаа амьтан хүмүүн урьд болон энэ насандаа мунхаг харанхуй явж, нүгэл хилэнц үйлдсэний эрхээр хийсэн муу үйлийн үр нь боловсорч, элдэв зүйлийн өвчнөөр өвчилж зовдог байна. Тийм учраас аливаа хүн энэ болон урьд насандаа хийсэн нүгэл хилэнцээ наманчлан арилгаж, буяныг ихээр үйлдэн, бурханы алдрыг дуурсган олон дахин сүсэглэн биширч, залбирал үйлдэн, тахил өргөж, хүндлэл үзүүлэх аваас элдэв зовлонгоос хагацаж бурханы хутгийг олох хүртэл бие эрхтэн нь бүрэн бүтэн байх болно хэмээн сургадаг.
Долоон бурхан одны эхний ба хоёр дахь од болох Тэнгэрийн хас, тэнгэрийн оргилго хэмээх эхний 2 одыг холбосон зайг 4 дахин уртасгасан зайгаар Тэнгэрийн оргилго одноос цааш үргэлжлүүлэн чигт нь харж Алтангадас одыг олдог. Алтан гадас од ямагт хойд зүгийг заана.
Монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэж, тэнгэрийн бурхад газар лусыг баясган, буян хишиг, ажил үйлс, амьдралын зам мөрөө даатгаж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай. Монгол эмэгтэй хүн сүү саалийнхаа дээжийг үдэш орой Долоон бурханд өргөж, өөрсдийнхөө халуун ам бүл, мал сүрэг, эд хөрөнгөө даатгадаг. Аян жинд яваа хүмүүс хоноглохдоо хоол хүнснээсээ оддын тоогоор хувааж долоон бурханд өргөдөг. Мал сүргээ хээр хонуулбал чоно араатнаас авран хамгаалж өгөхийг гуйж Долоон бурханд тахил өргөдөг байжээ. Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл Долоон бурхан одонд зориулж ёслол үйлддэг бөгөөд уг ёсыг үйлдэхдээ найр үүсгэн долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцуулж, насанд хүрэгчдийг оруулдаггүй журамтай. Гэрийн өрхийг бүтээн, харанхуйд ууж идүүлэн хөгжөөн шуугилдуулж, дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэнэ. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа хэрэг бөгөөд Долоон бурхан одыг долоон хүүхдээр төлөөлүүлэн шүтэж, үр хүүхэд заяахыг сүсэглэдэг.
Буддын шашинд Долоон бурхан одыг сар бүр тахих нэг өдөр гэж байдаг.
Долоон бурхан одыг тэгшрэх үед сүү өргөж ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх нь нэгэн чухал засал болдог байна. Долоон бурхан одыг монголчууд “шанага долоон од” хэмээн нэрлэх нь ч бий. Шанага далий байвал дотор нь сүү хийгээд нэмэргүй урсаад асгарчихна. Тийм учраас Долоон бурхан одны байрлал тэгширсэн үед сүү өргөвөл сайн хэмээдэг. Долоон бурхан од нь зуны улиралд 02:30 – 04:30 цагт, намар 21:30 – 23:30 цагт, өвөл 19:00 – 20:30 цагт, хавар 00:30 – 02:30 цагийн хооронд тэгширч эгц дээш харсан шанага шиг харагддаг байна.
Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байжээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд дуудагдан аян дайнд явснаас хойш он цаг улиран их уджээ. Эмгэн нас нь өндөр болох тусам хүүгээ маш их санагалзан гансрах болжээ. Ханан гэрээс явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг ганц удаа харах юм сан гэж бодох болж энэ хүслээ орой болгон 7 бурханд даатган залбирах болжээ. Удалгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсныг дуулаад эмгэн хөл газар хүрэхгүй баярлан нэгэн өдөр ороод ирнэ хэмээн гэр орноо цэвэрлэн сүүтэй цайгаа чанан хүлээж суудаг болжээ. Хэд хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг харсан боловч хүү нь амьд бус дайнд амь үрэгдсэн цогцос нь хүргэгдэн ирсэн байж гэнэ. Долоон бурхан эмгэний хүсэлтийг биелүүлж, эмгэнийг амьдад нь хүүг нь харуулжээ. Эмгэн хүсэхдээ “өөрийг нь л үхэхээс өмнө хүүг минь харуулаач” гэсэн болохоос бус үхэхээс нь өмнө “хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй” гэж хүсээгүй буюу өөрөөр хэлбэл хүслээ буруу илэрхийлсэн байжээ. Долоон бурханд хэзээ ч зөвхөн өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ. Учир нь Долоон бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны төлөө л залбирч байх ёстой ажээ. Харин өглөөний ургах наранд өөрийгөө даатгадаг байна. Өвөг дээдэс маань ургахын улаан наранд цай сүүнийхээ дээжийг өргөн үр хүүхдийнхээ сайн сайхныг даатгаж ирсэн нь тийм учиртай байна.
Японы эрдэмтэн Эмото Масару усны молекулын судалгаа хийж, усанд сайн үг хэлж, сайхан бодол шингээхэд ус хэрхэн өөрчлөгддийг харуулсан. Сайхан хөгжим, бурханы тарни сонссон усны талстууд цасан ширхэгийн талст шиг гоё хэлбэрт ордог байна. Ус бол мэдээллийг хамгийн ихээр өөртөө шингээн тээвэрлэдэг бодис гэдгийг эрдэмтэд баталсан. Өөрөөр хэлбэл, буддын тарни, сайн сайхан хүсэл бодол шившиж шингээсэн рашаан ус, архи сархад, цай сүүний дээж гэдэг нь бодит зүйл болохыг баталж байна гэсэн үг юм. Хамгийн сүүл үеийн шинжлэх ухаан нь хүний бодол санаа гэдэг бол тодорхой энерги бөгөөд энерги нь жинтэй, жинтэй учир бодит ахуйд үйлчлэх чадвартай гэдгийг судалдаг. Энэ нь буддын гүн ухаанд заасан хоосон чанарын онолтой ижил ажээ.
Бөөгийн тахилга ёсонд 7 бурхан одыг 7 өвгөн хэмээн хүндэлдэг. Нэг дэх од Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн, хоёр дахь од бол Аз хийморийн эзэн тэнгэр өвгөн, гурав дахь од нь Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн, дөрөв дэх од бол Нас арвижихын эзэн тэнгэр өвгөн, тавдугаар од бол Буян хишигийн эзэн тэнгэр өвгөн, зургаа дахь од нь Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн, долоо дахь од бол Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн болно. Залбирахдаа “Харсан тэнгэр 7 өвгөн, Хамгийг тэтгэгч атаа 5 тэнгэр, Дорд лусын 8 аймаг минь авралдаа багтааж хайрла, ач тусаа үзүүлж хайрла” хэмээн од эрхэс, онгон шүтээнээ дуудаж, 7 өвгөн одондоо мөргөж залбирдаг.
Урса мажор: Олон улсын одон орны холбооны баталснаар эртний
грекчүүдийн ангиллын дагуу тэнгэрийг 88 одны ордод хуваасан байдгийг ихэвчлэн
мөрддөг. Долоон бурхан буюу Шанага долоон од маань Олон улсын Одон орны
холбооны баталсан стандарт тэнгэрийн зурагт Урса мажор (Ursa Major) хэмээх одны
ордны бүлэгт багтдаг. Ойр орчных нь бусад одуудтай нийлүүлээд баавгайн хэлбэр
үүсгээд түүнийгээ Урса мажор хэмээн нэрлэсэн байдаг. Эхний одыг Альфа, хоёр
дахь одыг Бета, гурав дахь одыг Гамма, дөрөв дэх одыг Дельта, 5 дахь одыг
Эпсилон, 6 дахь одыг Зета, 7 дахь одыг Эта гэдэг ажээ. Одод маш ойролцоо настай
бөгөөд бүгдээрээ ижил зүгт харьцангуй хөдөлгөөн хийдэг байна. Алтангадас нь дэлхийн
эргэлтийн тэнхлэгийн хойд тэнгэртэй огтлолцох цэгт харьцангуй ойрхон оршдог
тодовтор од бөгөөд бүх одод Алтангадас одыг тойрч эргэж буй байдлаар
ажиглагддаг.
Эмхэтгэсэн: Ч.Буянбадрах