Хээний бэлгэдэл

Монголчуудын нүүдлийн соёл урлан бүтээх үйлд нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Эрт үеэс жин, овор ихтэй зүйлийг урлахаас зайлсхийж, тэрхүү урлаж бүтээх хүсэл эрмэлзлэлээ гэрийн эд хогшил, малын тоног хэрэгсэлдээ шингээж үлдээжээ. Авдарын нүүрний хээнээс эхлээд дээлийн эмжээр хажаар, эмээлийн хэрэгсэл, гэрийн багана, унь, хаалга гэх мэт зүйлс нь нүүдэлчин хүний урлан бүтээх эрмэлзлэлийнх нь давчуухан талбар болж байжээ. Гэсэн хэдий ч монголчууд орд харш, сүм дуган, асар майхан, гэр өргөөгөө хээ угалзаар чимэглэж ирсэн нь олон баримтаар нотлогддог. Гоёл чимэглэл дотроос хамгийн хөнгөн нь болох хээ угалз нь тус тусын утга бэлгэдлийг агуулдаг. Монгол үндэсний хээ угалз 1500 орчим байх бөгөөд дүрсэлсэн хэлбэрээр нь геометрийн, амьтны, ургамлын, байгалийн үзэгдэл зэргийг дүрсэлсэн, шашны утга агуулсан гэж таван хэсэгт хуваан үздэг.  

 

Геометрийн дүрсэн хээ: Өнцөг болон шулуун зураас бүхий хээ угалзуудыг энэ төрөлд хамааруулдаг.


Алхан хээ:
Эртнээс уламжилсан бөгөөд унага тугалын зэлний чагтнаас санаа авсан гэдэг. Үүрд бат бэх, мөнхийн хөдөлгөөнийг бэлгэддэг учраас хүрээлэн хамгаалах утгаар аливаа зүйлийн хүрээ болгон хээлдэг. Дан алх, давхар алх, тал алх гэх мэт олон янзын хувилбартай.
Өлзий хээ:
Олон янзын хувилбар дүрстэй бөгөөд чимэглэж буй зүйлийнхээ гол дунд сүлжсэн цэцэг хэлбэрээр чимэглэдэг. Баяр жаргал, урт удаан наслахын бэлгэдэлтэй. Өлзий хээг өвчин зовлонгүй, дайн дажингүй, чоно нохой хулгай дээрэмгүй гэсэн утгаар хэрэглэдэг. Бүх юм сэтгэлийн аяар, санаснаар, бүрэн төгс бүтнэ гэсэн утгыг агуулдаг байна.


Түмэн наст хээ:
Хас юндэн хэмээх арга барилаас үүсэлтэй тасралтгүй үргэлжилсэн хээ. Нэг буюу хэд хэдэн дүрс зохицон байрлаж бүх зайг таглан үргэлжилдэг нь энэ хээний онцлог юм. Түмэн наст хээ нь төгсгөл үзүүргүй үргэлжилдэг учраас урт нас, үүрдийн аз жаргал, мөнхийн бэлгэдэл болж байдаг.


Ханан хээ:
Хэн ч халдашгүй дархан, мөнхөд үргэлжлэх утгатай.


Хатан сүйх ба хаан бугуйвч:  
Хэлхээтэй дөрвөлжин болоод дугуй нь мөнхийн хайр дурлал, түүний ялагдашгүй бөгөөд үнэнч шударга гэдгийн утга санааг илэрхийлдэг.  Хаан бугуйвч нь эр хүйсийн тэмдэг, мөнхийн холбоог илэрхийлдэг бол хатан сүйх нь эм хүйсийн тэмдэг, хувиршгүй үнэнч сэтгэлийн бэлгэдэл болно.


Хас хээ буюу тэмдэг:
Тэгш хэмтэй, үзүүр нь өнцөг үүсгэсэн загалмайгаас бүрдэх тэмдэг бөгөөд өнцөг нь баруун буюу зүүн тийшээ харсан байдаг. Хас хэлбэртэй эд өлгийн зүйлс төмөр, шинэ чулуун зэвсэг, хүрлийн үе, сонгодог эртний үе гэх мэт түүхийн өргөн цаг үеийн олдворуудаас илэрдэг. Хас гэдэг нь “хоёр хос юм” гэсэн монгол үг ажээ. Нэг эр тэмдэг, хоёр эм тэмдэг нийлүүлж хос болгоод түүнийг дахин хосолсноор “хас” болно. Монголд төдийгүй Төв Азийн нүүдэлчид Перс, Европын соёлд хас нь хүндэтгэлтэй бэлгэдэл байжээ. Байлдан дагуулагч Александр Македонский, Адольф Гитлер нар хасыг шүтдэг байсан. Германы өвөг дээдэс готууд нь Хүннү нарын баруун зүг хийсэн аян дайнд холбоотон болж явахдаа монголын соёлын өв болсон хас тэмдгийг мэдэж авсан байх хэмээн үздэг. Физикчид хас тэмдэгний цацраг шугамнуудын хугарч байгаа дүрслэлийг ертөнцийн дөрвөн хүчний тогтмолууд цаг хугацаанд өөрчлөгдөж буйг зааж болох талтай хэмээн үзжээ. Дэлхий ертөнц хий, ус, шороо, гал гэсэн дөрвөн махбодоос бүрддэг. Монголчууд энэ дөрвөн махбодыг хас хээгээр төлөөлүүлдэг. Тэнгэр газар, сансар огторгуй, байгаль дэлхийн тайлагдашгүй далд хүч, түүний нууцыг нээх түлхүүр хас дүрсэнд шингэжээ. Туулайг дорно дахины зурхайд арга билгийн бэлгэдэл хэмээн үзэж хас бариулан зурхайн сударт тэмдэглэжээ. Тиймээс туулай жилтэй хүний жилийн чагж дүрс нь хас юм. Хасыг зурхайн ёсонд юунд ч үл дийлддэггүй, муу ёрын юмыг зайлуулахын бэлгэдэл хэмээн үздэг.  Хас бол газар хөндөх, оршуулгын зан үйл, тэр ч бүү хэл төрөх үхэхийг зааглан хоёр тийш болгодог номын тарнийн хүчтэй, нууц чагж дүрслэлийн утга бэлгэдэлтэй дүрс ажээ. Судар номонд бичсэнээр биед зүүвээс арилжаа наймаанд ялагдахгүй гэж бичсэн байдаг. Жирийн ард иргэд гэрийн эсгий үүд, судрын баринтаг, дээл хувцас, ээмэг бөгж, хүүхдийн дээл, тэрлэгний мөрөнд хас дүрсэлж, бод малдаа хас тамга дарсаар 1938 он хүрчээ. Хас тэмдгийг түмэн наст хээгээр орлуулан бэлгэдэж болдог ажээ.

 

Амьтадыг дүрсэлсэн хээ угалз: Эвэр хэлбэртэй хээ угалзын олон хувилбар багтах бөгөөд мал сүрэг олшрон өсөж, малчин ардын амьдрал баяр жаргалтай байхыг бэлгэдсэн байдаг. Мөн энэ төрөлд морьгүй монгол мохоо хэмээх утгыг агуулсан морин толгой бүхий хээ, хүч чадлыг илэрхийлсэн луу, сонор соргогийг илэрхийлсэн загас, мал сүрэг өсөх, эд хөрөнгө арвижихыг бэлгэдсэн хулгана зэрэг дүрс бүхий хээ багтана.


Загасан хээ: Арга билэг, сонор соргог, өсөж үржихийг бэлгэднэ.


Ланз буюу пүүзэн хээ:
Нэн эртний хүн ба амьтан дүрст хээнээс үүдэлтэй бөгөөд “ланз” хэмээн нэрлэдэг.  Эр эм хээ болон хосолж, дангаараа нар сарыг бэлгэддэг. Пүүзэн хээг “шалзан хээ” ч гэж нэрлэдэг байна. Урлаг судлаач Л.Батчулуун “хачиг шалз нь салхинд хөөгдөн тэнгэрт гарч хавар тэнгэрээс унаж ирдэг амьтан тул тэнгэрийн амьтан гэж үзэх нь түгээмэл байсантай холбоотойгоор хээ угалзанд орсон байж болох талтай” хэмээн тайлбарлажээ. Мөн ланзан хээ нь ланз үсгийн илэрхийлэл ч болох учраас эрдэм мэдлэг, оюун билгийг илэрхийлнэ.


Шувуун хээ:
Сүр сүлд, онгон шүтээн, хязгааргүй хүсэл мөрөөдлийг илэрхийлнэ.


Эвэр угалзан хээ:
Аргал угалзын эврээс санаа авсан хээ бөгөөд монгол хээн дотор хамгийн түгээмэл тохиолдоно. Эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргал эвэр, сүлжээ угалз гэх мэтээр ангилна. Угалзан хээ нь олз омог, хүсэл тэмүүллийг илэрхийлнэ. Хамар угалзан хээ нь анхилуун байдал, амьдралын холбоог бэлгэднэ.


Эрвээхэй хээ:
Эрхэм дотно, уян зөөлөн, хээнцэр тансагийг илэрхийлдэг.

 


Ургамлын дүрс бүхий хээ: Цэцэг навч дүрсэлсэн цэцэг угалзан хээнүүд багтана. Голдуу уран барилга, уран зураг, бурхны баримлын бүтээлд өргөн ашиглаж ирсэн бөгөөд цэвэр ариун ёсыг бэлгэддэг.


Цэцэг навчин хээ: Элдэв төрлийн өвс түрүү, навч нахиаг эх дүрс болгон авсан хээ угалзыг навчин хээ гэдэг. Гоёмсог, дур булаам өнгө үзэмж, урин дулаан уур амьсгал, ариун тунгалаг байдал, өсөж үржихийн бэлгэдэл болно.


Бадамлянхуа: Бурхны шашны найман тахилын нэг бөгөөд ариун нандины бэлгэдэл болно. Бурхан бол орчлонгийн ариун нандингийн дээд тул түүнийг Бадамлянхуан дэлбээн дээр залруулан дүрсэлдэг. Энэтхэгт “бадам”, түвдэд “мядаг”, хятадад “лянхуа” гэх бөгөөд монголчууд “бадамлянхуа” гэж заншсан байна. 



Байгалийн үзэгдлийн хээ: Хамгийн эртний гаралтай хээ бөгөөд гал, цахилгаан, уул, үүл, солонго зэргийг бишрэн гайхаж байсан цаг үед үүссэн гэж үздэг.

Гал дөлөн хээ: Дэвжиж дээшлэхийн бэлгэдэл болгон аливаа юмны оройд чимэглэдэг. Сайн юм бүхэн өөдөө мандан бадарч, муу юм бүхэн галын дөлд шатаж үгүй болтугай хэмээсэн гүн утгатай ажээ. Хүсэл мөрөөдөл, зөн билгийг илэрхийлдэг.

Усан долгио хээ: Жигдхэн мяралзан долгиолж, хөөсрөн цацарч давалгаалж, үелзэн урсаж байгаа шинж байдлуудыг илэрхийлдэг. Гэрийн эсгий үүд, ширмэл ширдэг, хивс зэрэгт усан долгио хээг тавина. Гоо үзэмж, ариун дөлгөөн, хязгааргүй үргэлжлэх хэм хэмнэл, тунгалаг ариун байдал, эх ундарга, хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг. Монгол гэрийн үүдэнд усан долгио хээ гарган ширдэг байсан нь сайхан бүхэн ариун далайн мандал дээгүүр нар мандах адил цацран гийсээр орж ирэхээс гадна хар муу санаатан үүдэнд байгаа усан далайд унаж саатах болтугай гэсэн утгатай гэнэ.  

Уулан хээ: Олон давхарласан өнгийн дагнаасаар зурдаг, үргэлжилсэн хээ юм. Байгаль дэлхийг бэлгэднэ.

Үүлэн хээ: Нүүж буй бөөн үүл, сэмжин үүл, аадрын үүл гэж ялгагдана. Огторгуйг төлөөлөн үүлийг уран сайхнаар дүрслэн буулгасан бөгөөд утга агуулга нь хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээ хэмээнэ. Мөн хязгааргүй эрх чөлөө, баялаг, эцэс төгсгөлгүйг бэлгэднэ.

 


Шашны утга бүхий хээ: Эхний дөрвөн ангилалд багтах угалзнуудад тулгуурласан хээнүүд багтах бөгөөд шарын шашны дүрслэл, үзэл санаа нэвтэрсэн байдаг. Гол төлөөлөгч нь цагаан шүхэр, загас, цэцэг, дун, өлзий, жанцан, хорол зэрэг бөгөөд дуганы хаалга, хөгжмийн зэмсэг, тахилын зүйлүүдэд дүрсэлдэг. Мөн долоон эрдэнэ, гурван эрдэнэ, чандмань эрдэнэ зэрэг хэд хэдэн үнэт дүрслэлүүд бий.


Зээ бад: Бат бэх, хүчирхэг байдлыг илэрхийлнэ. Монголын эртний уран барилгын чимэглэлд өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн лусын хааны толгойн дүрс хэмээн домоглодог. Чингис хааныг Умард Хятадад дайтаж яваад нэгэн шар далайн эрэг дээр түр саатан амарч байх зуур лусын эзэн хаан уснаас цухуйн гарч ирээд “Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна, харин ганцхан миний далайг л хэзээ ч эзэлж чадахгүй” гэж хэлээд далд орж гэнэ. Түүнээс хойш их далайн эзнийг “зээбад” хэмээн нэрлэж, түүний толгойн дүрийг өвөг дээдэс маань шүтэж, тэр амьтнаар орд харш, сүм дуганынхаа үүдийг мануулдаг болсон хэмээх домогтой.



Нацагдорж: Дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын хамт элдэв хор хөнөөлөөс сэргийлэх санааг илэрхийлнэ.


Хадган хээ: Хадгийг эцэг эхдээ золгох, унага уургалах, хурдан морь мялаах, баярын мэнд асуух, бэлэг сэлт өгөх, эмч домчид бараалхах, шавь орох, оршуулга үйл

дэх зэрэгт хэрэглэдэг. Ийнхүү хадгийг хүндэтгэлтэй бүгдэд барьдаг учраас ариун сайхан сэтгэл, урт нас ерөөх, аз жаргалын бэлгэдэл болгож хээлэн дүрслэх нь бий.


Хорол хээ: Тэрэгний дугуйнаас үүсэлтэй бөгөөд хорол хээ гуч орчим төрөл байдаг. Тус хээг өнө эртнийх гэдгийг нотлох сүг зураг Говь-Алтай аймгийн Цагаан голын хадны сүг зурагт олджээ. Мөн орон сууц, барилга байшингийн хувьсал хөгжлийн үе шат бүхэнд дээдлэн хэрэглэгдсээр иржээ. Хорол хээг дээдэлснээр өрх гэр, гал голомтоо дээдэлж байна гэсэн үг бөгөөд айл гэрийн энх амгалан, бат бэхийн бэлгэдэл болно. Тийм учраас монгол гэрийн хорол тооно үүсчээ. Хорол үндсэн дөрөв, завсрын дөрөв бүгд найман хигээстэй байдаг нь дөрвөн зүг найман зовхисыг илэрхийлдэг.


Чандмань хээ: Өнгөрсөн, одоо, ирээдүйн хүслийг хангагч эрдэнэ бөгөөд арга билэг, ариун сайхан, наран саранг хамгаална гэсэн утгатай.


Эх сурвалж: Монгол орны лавлах