Нас барсан хүнд зориулан нүх ухах газар авахдаа тусгай ёс үйлдэнэ. Хадаг тавьж газраа хүндэтгээд очироор эсвэл эвэр мод мэтийн зөөлөн эдээр тойруулж зурж хөндсөний дараа ухаж бэлдэнэ.
Шарилыг оршуулахын өмнө гэрт түр байрлуулахдаа эрэгтэй хүнийг баруун талд, эмэгтэй бол зүүн талд, их эрхэм хүндтэй хүн бол голд нь байрлуулна. Гэр байшингийн алинд ч шарил буй өрөөг сэрүүн байлгаж, их хэмжээний сан тавьж ариулдаг. Шарилыг цайвар өнгийн бөсөөр ороож, нүүр толгойг нь засаж хадгаар бүтээдэг. Шарил хийх авсны тагийг нь цагаан цэнхэр даавуугаар дотор талыг нь зөөлөн шаргал буюу цагаан бөсөөр бүрдэг. Энэ нь хөх мөнгөн тэнгэр, хөрст алтан дэлхийг бэлгэдсэн зүйл болно. Гадна талаар нь улаан юмуу хөх өнгийн бөсөөр битүү бүрдэг. Авсны дотор талд тэр болгон эд зүйл хийгээд байдаггүй бөгөөд настай хүнд бол таяг мэтийг жижгээр хийж, эмэгтэй хүн бол зүү утас мэтийг, хүүхэд бол тоглоом сэлтийг хийж мөн өөрийнх нь дуртай зүйлийг хамтатган хийж болдог.
Нас барсан хүнийг Даваа, Лхагва, Баасан гаригт өглөө эрт хөдөөлүүлдэг. Шарилыг гэрээс гаргахдаа толгойгоор нь гаргаж, гашуудлын цуваа үүсгэх ба хамгийн түрүүнд хөрөг, дараа нь цэцэг, гавъяа шагналыг барин, хойноос нь шарилыг явуулж, хүмүүс араас нь дагалдана. Шарил хүргэн явахдаа хэтэрхий довтолгон явдаггүй. Оршуулах газарт шарил хүрч ирэхэд нүхний баруун талд шарилаа дэвсгэр дээр буулган толгойг нь газрын өөд чиглүүлэн байрлуулаад, хагацах ёс гүйцэтгэнэ. Шарил залах газарт цайны зүйл, арьс эсгийний өөдөс, цагаан чулуу зэргийг хийж сүү дусаан, арвай будаа цацсаны дараа шарилын тэнцвэрийг ханган буулгаж хийнэ. Дараа нь элсээр нүхийг дүүргэн, хавтангаар таглаж толгойн талд нь хөшөө босгоно. Булшин дээр хөшөө чулуу босгох ба нас барсан хүний алдар нэр, мөнх тэнгэрийг төлөөлсөн нар сарны дүрс бүхий бэлгэдлийн зураг сийлдэг.
Гашуудагч хүмүүс бунхныг гурвантаа тойрон унаа хөсгөө хөлөглөн гэрийн зүг эргэхдээ ирсэн замаараа буцдаггүй. Нутаглуулсны дараа гашуу тайлан ёс гүйцэтгэдэг. Гэрт үлдсэн хүмүүс орон байраа сайтар цэвэрлэн, идээ цагаа бэлдэж, оршуулганд явсан хүмүүсийг ирэхэд гар угаах ус, хярам хоёрыг бэлдэж угтана. Мөн хөвөнд спирт шингээн гарыг арчуулж болох бөгөөд түүний дараа арц хүж уугиулан ариулна. Гашуу тайлах будаалгын үеэр архи дарс хэрэглэдэггүй.
Эх сурвалж: Монгол орны лавлах