Монголын нууц товчоонд өгүүлснээр Есүхэй баатар хөвгүүн Тэмүжинг дагуулж, Хонгирад аймгийн Дэй сэцэний охин Бөртэг гуйж ураг барилдахаар тохиролцож “хүргэдүүтэй талбиж” үлдээгээд буцсан тухай өгүүлдэг. Энэхүү “хүргэдүүтэй талбих” гэдэг нь хүргэн хөвгүүнийг эмэгтэйн урагт хүргэж түүнийг ирээдүйн эхнэртэй нь хамт байлгаж ижилсүүлэн дасгаж шинжих зорилготой заншил байжээ. Хүргэн ёс төрөө гүйцээсний дараа өөрийн уугуул овогтоо эхнэрээ дагуулан авчирдаг байна. Энэхүү “хүргэдэ-талбихуй” нь эртний эхийн эрхт ёсны үлдэц бөгөөд сүүлдээ нилээд өөрчлөгджээ. Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж охиндоо сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэддэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Охиныхоо ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эд хэрэглэл, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх мэт зүйлээр нь хүртэл шинждэг байна.