Хүмүүн нь хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчинтэй холбогдож, энерги хүч авч, тэр хүчээ ашиглан тодорхой орон зайнаас өөр орон зай руу урагшилж байдаг. Тэр утгаар урагшлахын бэлгэдэл болгон “Ул” боов хэмээн нэрийджээ. Ул боовоор таваг засдаг нь хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр хүүхэд, хэдэн ач зээ, хэдэн гуч дөчөө үзэж байгааг илэрхийлдэг бөгөөд “тэдэн улыг өнгөрүүлжээ”, “тэдэн улыг элээжээ” хэмээн туулж өнгөрүүлсэн цаг хугацаагаа нөхөхийн бэлгэдэл болгож, мөн урт нас дуудаж буй утга агуулдаг байна. Эрт үед “хэдэн ул илүү элээсэн” хэмээн хэлцдэг байсан бол өнөө цагт “хэдэн оймс илүү элээсэн” хэмээн ярих болжээ.
Тавгийн ул боовыг таваар засдаг нь эрхэм хүмүүний “махан бие”, “ясан бие”, “цусан бие”, “дотоод галыг төлөөлөх хий бие буюу сүнсэн бие”, “гадаад галыг илэрхийлэх гэрлэн бие” гэсэн 5 биеийг төлөөлдөг байна. Орчин үед гурваар, эсвэл дөрвөөр тойруулан засдаг нь буруу бөгөөд танд байх ёстой 5 бие дутуу болдог байна. Нас залуу хүмүүс таваар гурван үе засдаг. “Үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй” хүн энэ гурван үеэ үзэхийн бэлгэдэл болгож гурван үе засна. Өөрөөр хэлбэл, Үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үе, түүнийхээ хүүхдийг үзсэн хүн хоёр үе, түүнийхээ хүүхдийг үзсэн хүн гурван үеэ үзэж байгаа гэсэн утга аж. 60-80 нас хүртэл насалсан хүн таваар таван үе, 80-100 нас насалсан хүмүүс таваар долоон үе, 100 наснаас дээш хүн таваар есөн үе засдаг.
Зассан тавгандаа цагаан идээ чимж тавих ба сул гурил будаа хийхийг цээрлэдэг. Тойруулж өрсөн ул боов нь “сав”-ыг илэрхийлэх учир савыг дүүргэх бэлгэдлээр цагаан идээ хийнэ. Энэ нь “ирэх жилдээ мал төл маань ийм хишгийг дахин авчрах болтугай” хэмээсэн ерөөл болдог. Хамгийн дээр нь өрөм дэвсэж, түүний дээр шар тос тавьдаг. Тосныхоо дээжнээс магнайдаа хүргэдэг ба энэ нь “миний магнай үргэлж өөх тос, нүнжиг дагуулсан ухаантай, оюунлаг” хэмээсэн утгатай.
Сүүлийн үед дотроо бурамтай еэвэн тавьдаг болсон нь буруу ажээ. Еэвэн нь цэвэр хятад гаралтай хүнс бөгөөд хятадууд 10 мянган жилийн уламжлалтай энэхүү идээгээрээ “Еэвэн сарын баяр” хэмээх маш өргөн дэлгэр баяр ёслол хийдэг.
Ул боовоор зассан тавгийн дэргэд дан цагаан идээгээр жижиг таваг засдаг. Зочин гол тавганд хүрэхийн өмнө эхлээд жижиг тавагтай идээнээс хүртдэг ёстой ба энэ нь тухайн айлд ирсэн хүн ямар ч санаа өвөртлөн орж ирж болох тул тэр санааг “цагаанаар тайлна” гэсэн утгатай. Жижиг тавагтай идээг амсуулсны дараа цай аягалан барьдаг. Сүүтэй цай нь бор ундааг цагаан болгож байгаа учир “ариун цагаан зүйл” гэж үздэггүй. Тиймээс цай өгөхөөс урьтаж дан цагаан идээ барьдаг уламжлалтай. Дараа нь гэрийн эзэн ул боовоор зассан тавагтай идээ хүртэхийг урих ба түүнээс өмнө өөрөө идээ авч амсдаг ёстой. Учир нь гол таваг бол тухайн эзний бие учраас биендээ эхлээд өөрөө хүрэх учиртай ажээ.
Зассан тавгаа гэрийн эзэгтэй адисладаг ёсон дундад зууны үеэс бий болжээ. “Ум аа хум” хэмээх нууц тарнийг гурвантаа уншдаг. Эхний “Ум аа хум” айлдвараар “бидний сэтгэлээсээ бэлдсэн идээ ундаа, эд зүйлсэд нөлөөлсөн гадна, дотны барцад саад, сэтгэлийн гэм, нян буюу ариун бус зүйл бүхэн ариусаж сайн сайхан боллоо” хэмээн бясалгаж бодно. Хоёр дахь “Ум аа хум”-ыг айлдахдаа “энэхүү идээ будаа маш ихээр өсөн үржиж, тоо томшгүй болж идээ ундаагаар үргэлж бялхаж байна” хэмээн бясалгана. Гурав дахь “Ум аа хум”-ыг айлдахдаа “эдгээр идээ зоогт тарни бясалгалын хүч шингэж санасан ажил үйлс бүгд сэтгэлчлэн бүтээх ариун рашааны шидтэй өргөл тахил боллоо” хэмээн бодож бясалгадаг ажээ. Бурхан шүтээндээ мөн адил тусад нь идээ засна.
Шинийн 3-нд таваг
хураах ба тавгийн идээг “удам судар нь урт үргэлжилнэ” гэдэг утгаар зөвхөн
өөрийн цусан төрөлдөө хувааж түгээдэг байна. Хавь ойрын хүмүүс, садан болгон,
хөрш айлдаа түгээдэггүй. Тухайн айлын эцэг
нас барсан бол бүсгүй хүүхэд нь гурван жил таваг засаж ул боов тавихыг хорьж
цээрлэдэг. Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн шүүс тавихыг
цээрлэдэг. Мөн тийм бүсгүй айлд зочлоод
өөрөө шүүсэнд хүрэхийг хориглодог. Гэрийн эзэн өөрийн гараар тухайн бүсгүйд
махан шүүс өгөх учиртай.