Монгол үндэсний хувцас хэрэглэл

Хувцсыг ердийн, баяр ёслолын, гоёлын, тусгай зориулалтын хэмээн ангилдаг. Үүнээс гадна монгол угсаатан, угсаатны бүлгүүдэд хувцасны өвөрмөц онцлогууд бий. Эртний  хүний өмсгөл нь нэм (нэмнээ) хэмээх нөмөргөн хувцас байсан боловч ийм хувцасны дурсгал өнөөг хүртэл биетээр олдоогүй байна. Хүннү гүрний үед баруун тийш зөрдөг энгэртэй дээлтэй, ээтэн хоншоор бүхий гутал, асарган бүстэй байжээ. Үүнийг Сяньби, Нирун нар залгамжлан авсан. Харин Монгол нутаг дээр тогтнож байсан Түрэг угсааны улсуудын хувцас өөр байсан. Тэд урдуураа задгай, буруу энгэртэй дээл өмсдөг байжээ. XIII - XIY зууны үеийн монголчуудын хувцасны тухай мэдээ сурвалж бичиг, гадаадын жуулчдын тэмдэглэл, археологийн судалгааны хэрэглэгдэхүүн зэрэгт тусгагдсан байдаг бөгөөд хүмүүсийн нийгэмд эзэлж буй байр суурь, хэргэм зэрэг, угсаа гарвалыг нь илэрхийлсэн шинж улам тод болсон. XYI зууны хоёрдугаар хагаст монголчууд шарын шашинд бүхэлдээ орсонтой уялдан лам нарын хувцасны үндэсний хэв мяаг тогтсон байна. Энэ нь монгол, төвд хувцасны шинжүүд холилдсон өвөрмөц шинжтэй. Харин Манжийн эрхшээлд байх үед Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт тусгай анги оруулан Ар Монголын ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглүүлэх зүйлийг журамласан байна.

Олноо  өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед энэ байдлыг өөрчлөн, ноёд түшмэд, тушаалтан лам нарын ёслолын хувцас болон цэргийн дүрэмт хувцсыг  өөрийн хуулиар тогтоожээ.

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараагаар Монголын ямба ёслолын хувцас өөрчлөгдөж, зэрэг дэвийн хувцсыг хэрэглэхээ больсон. Орчин үед европ хувцас ихэд дэлгэрсэн түүхтэй. Энгийн хүмүүс, харц ардын хувцас түүхэн цаг үеүдэд төдийлөн өөрчлөгдөлгүй явж ирсэн боловч угсаатны бүлэг бүрт өөрийн гэсэн өвөрмөц онцлог байжээ.

XIX, XX зууны зааг үеийн монголчуудын хувцсыг халх маягийн, өвөрлөгч маягийн, ойрад маягийн, буриад маягийн, халимаг маягийн хэмээн таван үндсэн бүлэгт хувааж байсан. Монголчуудын хувцсыг цаг улирлын байдлаар дулааны болон хүйтний хувцас хэмээн ангилах нь бий.

Монголчуудын хувцсанд дээл онцгой үүрэг гүйцэтгэнэ. Эртний монгол дээл нь хув захтай байсан агаад хув зах нь аажимдаа тойруул болон дөрвөлжин маягийн болсон байна. Дээлийг халхчууд дээл, тэрлэг хэмээн нэрлэдэг бол дөрвөдүүд дэвэл, үч, лавшиг, цэгдэг, тэрлэг гэх мэтээр нэрлэнэ. Монгол дээл эрт үед задгай буюу зүүн тийш зөрсөн энгэртэй байсан бол аажимдаа баруун тийш зөрсөн энгэртэй болон өөрчлөгдсөн. Эрэгтэйчүүд гоёлын хувцас болгон хантаазыг хэрэглэдэг.

Монголчуудын малгайн төрөл нь зуны цагт өмсөх халбан, харцага, тоорцог, өвлийн чихтэй малгай, лоовууз зэрэг малгай орно. Харин XIII - XIY зууны үед эмэгтэйчүүд богтаг малгайг хэрэглэдэг байсан ба энэ малгай нь нэг тохой буюу 30-40 см өндөр, дундуураа  нарийсч, дээд, доод тал нь өргөссөн, дээд тал нь дөрвөлжин, доод тал нь үстэй байжээ.

Бүсийг даавуун болон ширэн эдлэлээр хийнэ. Бүс нь урт хормойтой хувцсыг хумин эвтэйхэн болгох, биедээ байнга авч явдаг хутга, хэт цохиур, сумны саадаг зэргийг уяж тогтооход зориулагдаж байдаг. Бүсийг зориулалтаар нь ажлын ба гоёлын, хэрэглэж байгаа хүнийх нь байдлаар эрэгтэйчүүдийн, хүүхдийн гэж ялгах нь бий.

Монголчуудын гутлын анхных нь гур гөрөөс мэтийн годоор үйлдсэн годон  гутал байсан гэж эрдэмтэн Х.Пэрлээ үзсэн байдаг. Годыг хагас боловсруулан хөлдөө углан улавч маягаар  хэрэглэж байсан бөгөөд энэ нь цаашлаад монгол гутлын эх үндсийг тавьжээ. Монгол гутал нь гоёлын, жирийн гэсэн хэрэгцээнийх байдаг ба хэлбэр загвараар нь  зөөлөн, хатуу, улаар нь нимгэн зузаан, хошуугаар нь ээтэн мохоо, хурц бүдүүн гэж ангилдаг.   

 

Мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, бүтэх төрийн бүс, хаан төрийн хантааз, түших төрийн гутал. Монгол угсаатны дээл хувцас бол монгол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд хамгийн үнэмшилтэй соёлын үзүүлэлтийн нэг юм. Монгол угсаатны дээл хувцас нь Монгол орны цаг уур, хүн ардын эрхэлж буй мал аж ахуй, амьдралын хэв маяг, эрхэмлэж заншсан сэтгэлгээний үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой. Монголын олон ястны өвөрмөц төрхийг илэрхийлсэн хувцас хэрэглэл нь содон төрх, ур хийцээрээ тэр омог отгийнхоо нэрийг хадгалан өөртөө тохирсон бэлгэдлийг шингээсэн байдгаараа бусдаас ялгарна.  Монгол үндэсний хувцасны гол төлөөлөгч болсон малгай, дээл, бүс, гутал нь өөр өөрийн гэсэн бэлгэдлийн утга агуулгатай байдаг. Үүнд:

  • Мандах төрийн малгай: Хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэдсэн байна.
  • Тэгш төрийн дээл: Хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж ийнхүү нэрлэжээ.
  • Бүтэх төрийн бүс: Задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн утга буй.
  • Хан төрийн хантааз: Аливаа хүндэтгэл, ёслолд заавал өмсөх төр улсын иргэн, эр, эм хүн мөн гэдгийн баталгаа тул энэ хувцсыг төр улсын өмсгөл хэмээжээ.
  • Түших төрийн гутал: Хүний биеийн тулгуур болсон хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн.

 

МАЛГАЙ: Малгай нь хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлж байдаг гол хувцасны хувьд хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж ирсэн. Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн бэлгэдэлтэй болно. Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг.

Малгайг санамсаргүй гишгэсэн бол баруун гараар даруй авч гал дээр шившин ариутгана. Малгайг заавал хувцас, бүсний дээр тавих ба дээш харуулж тавьдаггүй. Алив ёслол хүндэтгэлд малгайтай оролцох ёстой. Малгайн орой дээрх жинс буюу сампин нь өөдлөн мандахын бэлгэдэл, улаан залаа нь мөнх гал шүтээн, нарны туяа саравч нь хийморь босохын зөн билэг, хоёр бүч нь хишиг буян даллах бэлгэ тэмдэг юм. Ийм учраас бусдын малгайг авч өмсөх, бусдад малгайгаа өмсүүлэхийг цээрлэдэг. Малгайн саравчийг арагш харуулж өмсвөл золигт гарсан, алагдах ялтан мэт болно. Бусдын малгайг өмсөхөд хүрвэл өөрийн шүлсээр шүлэмддэг нь малгайн цээрт шившлэг шингээж буй хэрэг юм. Муу хүний малгай өмсвөл үйлс эс бүтнэ, малгайгаа гээвэл толгойгоо мартсантай адил. Замд гээсэн малгай таарвал авдаггүй. Малгайг давхарлаж тавьдаггүй, санаа сэтгэл хоёрдоно, дахиж гэрлэнэ гэж үздэг. Мандах төрийн малгай, бүтэн төрийн бүс хэмээн малгай бүсээ машид хүндлэх учиртай ажээ.

ДЭЭЛ: Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас юм. Монгол дээлний хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн байна.  Хадны зурагт хонины нэхий үзүүрсгэн дээл дээр дүрсэлснийг үзвэл монгол хувцас балар эртнээс үүсчээ. Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ. Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна. Түүнчлэн монголчууд аян замд дээлийг нөмөрч унтах хөнжил болгодог.

БҮС: Өвөг дээдэс маань хүний сүлд буюу сүнс нь хэт, малгай, бүсэнд оршино хэмээн үздэг. Бүс нь хүний хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул даавуун, нэхмэл, ширэн, алтан, мөнгөн зэрэг олон янз байна. Эртний нүүдэлчин язгууртнууд алт, мөнгө болон бусад үнэт металлаар хийж, эрдэнийн чулуугаар шигтгэн чимэглэсэн гайхамшигтай нарийн ур хийц бүхий бүс бүсэлдэг байжээ. Ийм бүсийг агсарган бүс гэдэг бөгөөд түүн дээрх товруу, гархи чимэглэлүүдэд сэлэм, хутга, саадаг зэргээ зүүдэг байсан байна. Монголчууд харилцан анд болж, ах дүү барилдахдаа бүсээ солилцож, үүгээрээ эв найрамдлаа бэлгэддэг байсан эртний заншилтай. Гурав, тав, долоо, есөн лууг ихэс дээдсийн мөнгө, алтан агсарганд урладаг байсны нэгэн тод жишээ нь Азийн урлагийн музейд буй Юан улсын дээдсийн алтан бүс болно. Арын алтан хуудсанд үүлс, нар сарны дунд хүн төрөлхтөнд гал авчирсан домогт алтан хараацайн дүр хагалбарлан зурааслаж урласан байдаг аж.

Бүсээ чирэхийг Монголчууд эрс цээрэлдэг. Муу эрийн шинж, хийморь золбоо доройтно, өлөн гэдсээ цувууллаа, өнчирч бэлбэсрэх цондон гэнэ. Бүсийг нар зөв ороон бүслэх ба үзүүрийг нь дээрээс дорогш даран хавчуулдаг заншилтай. Бүс хийх материалыг гурав юмуу таван алдаар хэмжинэ. Тооны бэлэгдэл утгыг анхаарсан хэрэг ажээ. Хэтэрхий богино бүсийг цээрлэж, ядуу зүдүүгийн ёр хэмээх ба дороос дээш үзүүрийг хавчуулбал доройтож доошлохын тэмдэг гэнэ. Мөн олс дээс, шидэмс бүсэлбэл ядарч туйлдсаны шинж бөгөөд эр хүн бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргүүлдэггүй. Бүсээ хурган чих гаргаж, очир зангилж дэрэн дороо хийж унтах ёс нь хийморь лундаа, хүсэл зорилгоо хамгаалж буй хэрэг ажээ. Эр хүн эмэгтэй хүний бүс бүсэлдэггүй. Бүсийг хуучирлаа, муудлаа гээд хаядаггүй заавал галд шатаана. Бүс гэгч их хүндэтгэлтэй зүйл учир, дээгүүр нь алхах, гишгэх нь чанд хориотой ажээ.

МОНГОЛ ГУТАЛ: Монгол үндэстэн эрт цагаас арьсан түрийтэй. ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой монгол гутал хийж өмсчээ. Монгол Улсад 20 гаруй угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжээ зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг нь тодорхой билээ. Тухайлбал, монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоохуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг.Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.  Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл,саарь сарьс шагайлгах зэргээр урлана. Гутлын оймсны хараа өр хээгээр төвлөж, халаанд хамгаалах, хадгалахын бэлгэдэлтэй амьтны загварт уран гоё хээ угалзаас бүтнэ.

Монгол хувцасны тоног зүүсгэл: Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй. Морь унахад боодог хормойн боолт нь арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчууд хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг.

 

ХАЛХ МОНГОЛЧУУДЫН ХУВЦАС, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ: Халхчууд өөрийн өвөрмөц хувцас, гоёл чимэглэлтэй билээ. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг.

  • Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна мөнгөн эмээл, хазаар, сайн модоор хийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш, манан соруултай ганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог.
  • Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх “ууж” хэмээх өмсгөлтэй байсан. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийнэ. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ.
  • Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм.
  • Халх эхнэрийн гоёл чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох “толгойн боолт, үсний гэр, үсний хавчаар, энгэрийн гуу, хүзүүний зүүлт, ээмэг, бөгж...” тэргүүтэн алт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог.


ОЙРАД МОНГОЛЧУУДЫН ХУВЦАС, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ:
 Өнгөрсөн зууны эхэн гэхэд ойрад монголчуудын дээл хувцас, малгай, гутлын хийц маяг тэдгээрийг нэрлэж заншсан байдал бусад монголчуудаас нэлээд ялгаатай байсан бөгөөд монгол хувцасны дундад эртний уламжлалыг нэлээд хадгалж ирсэн шинжтэй. Ойрадуудын хувцас, гоёл чимэглэлийг дөрвөд угсаатны жишээн дээр өгүүлэхэд,

  • Дөрвөдүүд өвөлд бусад монголчуудтай адил нэхий, хурганы арьсаар оёсон дээл, зунд бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг байжээ. Энэхүү үстэй дээлийг “дэвэл”, “үч” гэж ялган ангилдаг байв. Дэвэл гэдэг нь гадар татаагүй цагаан нэхийгээр оёсон дээл байдаг бол бөс торгоор өнгө татаж оёсон дээлээ “үч” хэмээн нэрийднэ. Зуны улиралд эрэгтэйчүүд дан, давхар “лавшиг” хэмээх тэрлэг өмсөнө. Дөрвөдүүд нөхөрт гараагүй бүсгүйг “сэвгэр” гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг “лавшиг” гэдэг. Эхнэр хүний өмсдөг уужийг “цэгдэг” хэмээн нэрлэдэг байжээ.
  • Дөрвөд дээл хувцасны нэг өвөрмөц гоёл нь тасам, киаз юм. Энэ нь хүмүүсийн нас, хүйс, намбанд тохирсон байна. Эрэгтэйчүүдийн өвлийн дэвэлийн “тасам” нь хар хурганы үс, хар хилэн байдаг бол эмэгтэйчүүд дээлийнхээ зах, энгэр, ташааг нийтэд нь хараар тасамдаж (каазлаж) ирмэгийг улаан, ногоон өнгийн бөсөөр өнгө ялган эмждэг.
  • Ойрад эхнэр хүний дээл нугалаастай том цагаан захтай байдаг. Хүүхдийн дээл хувцас өвөл, зуны улирал болон хүйсээр ялгагдах зүйлгүй, уламжлалт үч, дэвэл, тэрлэг өмсдөг байв. Дөрвөдүүд толгойн өмсгөлөө “малхай” гэж нэрлэдэг. XX зууны эхэн гэхэд дөрвөдүүд төгрөг, тоорцог, тойруул, дуулха, халбан, хасаг малгай гэх зэрэг хэд хэдэн төрөл малгай өмсөж байжээ. Дөрвөд малгайн онцлог нь эртний монголчуудын малгайн хэлбэр маягийн улбааг хадгалсан гадуураа хүрээтэй, ардаа уртавтар шилтэй, орой нь намхан байжээ. Мөн өвөлд малгай буулгахгүй явах зориулалт бүхий “хулхавч” хэмээх хурга, үнэгний арьсаар доторлож бөсөөр өнгөлсөн нэгэн зүйл өмсгөл хэрэглэнэ. Дөрвөд эмэгтэйчүүд хээ угалз хатгаж гоёсон хулхавч их өмсдөг байжээ.
  • Эртний монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрад монголчуудын гутал гэдэг. Түүний нэгэн тод жишээ бол “дөрвөд госон” юм. Энэ гутлын онцлог нь түрүү, толгой үргэлж, эсгий улгүй, харин гадна талаас нь ширээр улладагт байдаг ажээ. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гутал, канчин хэмээх дөрвөн янзын гутал өмсч иржээ.

Монголчууд эртнээс алт, мөнгөөр урлан дархалж эрдэнийн чулуу шигтгэн чимсэн гоёл чимэглэл зүүж, гоёж ирсэн түүхтэй. Дөрвөдүүдийн гоёл чимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд гэзэг үс, чих, хүзүү, гар хуруундаа мөнгөн гоёл их зүүдэг байжээ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь нас бие гүйцлээ гээд гэзэг үс тавьдаг заншилтай байв. Хөвгүүдийн үсний үзүүрт “ширээсэн” буюу “залгаа”, охидуудын (сэвгэрүүдийн) үсэнд “боодог” хэмээх чимэглэл зүүж өгнө. “Боодог” нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг. гаргасан нэгэн зүйл гоёл болно.

  • Тэд мөн хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ “төдөг” хэмээх дан мөнгөн гархи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр ташаанд кэтэч, сүүвч хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамалтай жижиг хавтага (сав) зүүж гоёно.
  • Ойрад монголын эрэгтэйчүүд мөнгө болон гангаар хийсэн хэт, хутга, аяга, сахлын чимхүүр, үнэт чулуугаар урласан хөөрөг, ганз (гаанс) эдэлж иржээ.

Баяд эрчүүд өвөлд хоолой, энгэр, хормой, ташаагаар хар хилэн тасам эмжээртэй цагаан нэхий дээл өмсдөг байв. Зун цагт эрэгтэйчүүд гоёлд хөх, цэнхэр өнгийн чисчүү дээл өмсдөг бөгөөд өдөр тутам даавуу, даалимбан лавшиг (тэрлэг) өмсдөг байв. Баяд болон ойрад эрчүүд “морин хийлэн” гэгч цамц өмсдөг. Морин хийлэнгээс гадна лавшигны зах энгэртэй адил энгэртэй цамц өмсөнө. Үүнийгээ “өвөр хийлэн” гэнэ. Баяд эрчүүд “хэвнэг” хэмээх өмсгөлийг бороонд өмсдөг байжээ.

  • Нөхөрт гарч гэрлэсэн эхнэр хүний хувцас нь эхнэр дээл, цэгдэг юм. Тэрлэг нь бусад ойрад эхнэрийн адил цагаан бөсөөр хийсэн захтай байна. Цагаан захны хуниас 8, 12 гэсэн тэгш тоотой, захын ирмэгийг тойруулан эргэн тойрон улаан ногоон утсаар дөрөв шаглаж чимэглэнэ.
  • Баядууд хэд хэдэн төрлийн малгай өмсдөг байжээ. Тухайлбал, сээтгэр малгай, тойруул тоорцог, тоорцог, дуулха, лоовууз, товь гэх зэрэг олон төрөл малгай өмсөж эдэлж байжээ. Баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал (госон) өмсдөг байжээ. Энэхүү гутал нь тэмээний утсаар ширж, давхар бөс даавуугаар бүрж оёсон ширмэл ултай. Улаан госыг хар модны зодогны хандаар улаан өнгөтэй болгож элдэж талхисан арьсаар оёдог байсан бөгөөд уг гутлаа ажилд өмсдөг байжээ. Гутлынхаа дотуур эсгий оймс, мөн эсгий бойтог өмсөнө. Баяд эрчүүдийн ажлын өөр нэгэн гутал нь адуучны госон юм. Холтосны шүүсээр будсан сэрхийн арьсыг хоёр, гурав давхарлан ширлэн уллаж, эсгийгээр доторлоод уланд нь эсгий дэвсэж, гутлын түрийний дээд ирмэгийг булигаар, илгээр даруулан хийдэг ажээ.


ДАРЬГАНГЫН ХУВЦАС, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ:
 Дарьгангачууд хэмээн монгол даяар нэрлэгдэх болсон угсаатны бүлэг нь Дарь уул, Ганга нуурын нэрээр нэрлэгдсэн юм. Тэд Манжийн эзэн хааны дархан сүргийг маллах болсон ард иргэдээс үүсэлтэй. Дарьгангачууд өөрийн гэсэн өвөрмөц ахуй, соёл, зан заншилтай.

  • Дарьгангачуудын хувцас нь халхчуудын хувцастай төстэй. Зуны улиралд эрчүүд бөс даавуун тэрлэг өвөл бусад монголчуудын нэгэн адил хонины нэхийгээр оёсон үстэй дээл, хавар намрын сэрүүнд ханжаар-хантааз, давхац-хүрэм өмсдөг. Эхнэрүүд нь дулаан цагт эхнэр дээл, урт ууж, өвөлд мөн адил хийцийн нэхий дээл өмсөж байжээ.
  • Дарьгангачууд хилэн малгай, тоорцог, товь, маахууз, овоодой, шовгор оройтой малгай өмсөхөөс гадна чихэвч бас алчуур зангидна.
  • Гутлын хэлбэр загвар нь ерөнхийдөө монгол гутлынхтай адил. Гутлыг хавчуулж оёсон сарьс, түрий зулагт байгаа угалзын тоо, улны хийц төрхөөр 3 сарьстай, 36 угалзтай зурмал улт, 2 сарьстай 18 угалзтай наамал улт, 4 сарьстай ширмэл улт гутал гэх зэргээр нэрлэдэг. Цаг улирлын байдалд тохируулан бөс буюу эсгий оймс өмсөнө.
  • Дарьгангачууд алт, мөнгөний уран дархаараа нэн алдартай тул “дарьганга хийцийн” алт мөнгөн эдлэл гоёл чимэг нэрд гарч байжээ. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг охидын, эхнэрийн хэмээн ялгаж болно. Тэдний гол чимэглэл нь толгойн өмсгөл чимэглэл юм. Охидын даахийг багад нь хоёр салаа эвэр болгон засаад, дараа нь тав гэзэгтэй болж, нас бие гүйцэхийн хамт үсээ ургуулан нэг салаа гэзэгтэй болсон үедээ чихэндээ гархи зүүж, үсэндээ шүр, сувдтай мөнгөн дарлага хаддаг.
  • Эхнэрүүд нь халх эхнэрийн нэгэн адил эхнэр дээл, хилэн малгай, урт-ууж, ээтгэр хоншоортой монгол гутал өмсдөг байжээ. Дарьганга эхнэрүүдийн гоёл чимэглэл нь өвөрмөц хийц бүхий татуур-толгойн боолт, хавчаар, сүйх, шивэргэл-үсний гэр, ар мөрийн гуу, шалиг-бэл зэрэг болно. Тэдгээрийг мөнгөөр урлаж, шүр, сувд, номин эрдэнийг шигтгэн чимэглэнэ.

Эх сурвалж: Монгол орны лавлах