Цээрлэх ёсон: Хоол ундны цээр

Амсар нь эмтэрхий аяганд цай хийж хүнд барих, аяга шаазанг хөмөрч тавих, аягатай цай идээ барихдаа амсрыг нь хуруугаараа дарах, аяга шаазанг харшуулан дуугаргах, аяга шаазанг зориуд хагалах, аяганы үлдэгдлийг гэр дотроос гадагш цацах, аягалж өгсөн цайг амсахгүй тавих, аягандаа шавхруу үлдээх, аяганд савх хатгаж тавих, аяганд цай хийхдээ бялхаах, аягатай хоолоо зайлж уух, давсгүй хоол цай аягалах, зочинд цай аягалахдаа асгаж цутгахыг цээрлэнэ.

Богино хавирга, хүзүүг дангаар зочин гийчинд таваглан тавих, босгон дээр чөмөг таших, далыг шүдээрээ зулгаах, хуудсыг ганцаараа идэх, мөгөөрс идэх, дэлүүг хазаж идэх, дэлүүг махтай нь хаях,  далны ясыг буурин дээр ил орхих, мах идэхдээ ясыг мөлжүүртэй үлдээх, ясыг үеэр нь нугалахгүй мөлжих, мах эвдэх идэхдээ ясыг гараар хугалах, сархинагны ам идэх, сүүжийг мөлжөөд гэрт хонуулах, хүүхдэд өрөөсөн бөөр, нугас самалдаг, чөмөг, баатар хуйх, хамар, аймхай мөгөөрс, эргүү малын тархи идүүлэх, их өлссөн хүнд бууз, хуушуур, банш гэх мэт битүү хоол идүүлэх, жигнэсэн битүү хоол идчихээд шууд гарч явах,  өөх мах, ямааны мах идсэний дараа хүйтэн ус уух,  амаржсан эмэгтэй сарын дотор өөх тос, давс, сэрүүн идээ идэх, хөөрүүлсэн сүү уух, бие давхар эмэгтэй тэмээний мах идэх, архи дарс уух, үхсэн малын мах, өвчтэй малын мах, хүйтэн нойтон идээ, гашуун исгэлэн үнэр амт нь хувирсан идээ идэх, хэтэрхий цадтал идэх, хэтэрхий өлсөж байгаад нэг дор идэх,  хоол шөл идэхдээ хүчтэй сорох, их чимээ гаргах, асгаж цутгах,  рашаан усыг зоргоороо уух, самрын идээг шар хальстай нь идэх, хөлдөж осгосон, хэтэрхий даарч бээрсэн хүнд халуун хоол цай өгөх,  өлөн элгэн дээрээ архи уух, тамхи татах, хүнд хоол идэх, өлссөн хүн гэнэт их хоол идэх, өөх тостой буюу царцуу хоол идэх,  хусман дээр цай хийж уух,  махны шөлийг буцламгай халуунаар уух, хэлд ороогүй хүүхдэд өндөг идүүлэхийг цээрлэнэ.

Дуутай борооны үеэр айраг бүлэх, дээж идээ таваглан засах, амсахдаа толгой нүцгэн байх,  малд явахдаа мах авч явах, идээ будаагаар тоглож наадах, идэж уухын хооронд гиншиж, ёолох, эвшээх суниах, найтаах, мах шүүс тавихдаа эх толгой талыг буруу харуулах, тогоотой махыг хутгаар сүлбэн гаргах,  боорцог боов хийх гурилыг хүйтэн усаар зуурах, галд сүү дусаах, давс харамлах, давс галд хийх, задгай давсыг гараар авах ба өгөх, гуйлгачин хүнд өглөг өгөхдөө гараас гарт атгуулах, хоол ундыг голох, ямаа болон тэмээний махыг тахил шүүс өргөхөд хэрэглэх, үлдээсэн хоолыг ил задгай тавьж хонуулах,  хэвтээгээрээ юм идэх, цагаан идээ идэхдээ савх хэрэглэх, цагаан идээг ядам хуруунаас бусад хуруугаар амсах, цацал өргөх, цагаан идээг зогсоогоор явуут амсах, идэх, цай нүдэхдээ тоолох, чөмөг ташихдаа тэг дундуур нь таших, чөмгийг хувааж идэх,  яаруу сандруу идэж уухыг хориглоно. Хоол цайны үеэр чонын тухай ярьж болдоггүй бөгөөд чонын шүд хурц болж мал хорогдоно гэж үздэг.

Айлаас савтай юм аваад савыг хоосон буцааж өгөх, амандаа юм зажилж гадагш гарах, сав суулга, аяга тавган дээгүүр харайн гарах,  билүүг гараар өгөх ба авах, савхаар, халбага сэрээгээр аяга таваг тогших, савхыг аяга тавагны амсар давуулан тавих, таваг долоох, хавтгай ёроолтой саванд цай хийж уух, тогоон дотор шанага хөмөрч тавих, хутга дүрэх, өрөөсөн савх хүнд өгөх, ганц савхаар хоол идэх, хоол идээд аяга шаазан тогоо шанагыг хэлхэлдүүлэн орхих, хоолны аягыг долоохгүй тавих, хүний дэргэд аяга тагш, сав суулгаа чанга тавих, цай хоол барихдаа ганц гараар өгөх авах, үүдэндээ хоосон сав суулга дээш харуулан тавих, шанагыг газарт тавих, тогооны ирмэг, тагны ирмэг дээр ташуу тавихыг цээрлэнэ.

Эх сурвалж: Монгол орны лавлах