Бүргэдийг дасган гаршуулах, ан авлах явдлыг гадаадын олон зуун жуулчид сонирхох болж жил бүр Бүргэдийн баяр, Бүргэдчидийн өдөрлөг зохиогдож улмаар нийслэлийн иргэдийн сонорыг мялаах болж “бүргэдийг гаршуулан дасгах, сургах, ан авлах” уламжлал нь ЮНЕСКО-гийн өв соёлд багтаад байна. Төв Азийн нүүдэлчин ард түмэн эрт дээр үеэс махчин шувуудыг гаршуулан дасгаж, ан авд сурган зугаа цэнгэл хийж байсан уламжлал бий. Эдүгээ Арабын эмир, шах, хаад, язгуур сурвалжтай хүмүүс шонхорыг гаршуулан дасгаж, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохиодог бол казах, киргизүүд бүргэдийг гаршуулан сургаж ан ав хийдэг нь үндэсний зан заншлын хэмжээнд хөгжжээ. Ялангуяа Монгол, Казахстан, Хятад улсуудад амьдран аж төрдөг казахуудын дунд бүргэдээр ан хийх явдал түгээмэл дэлгэрсэн зан үйл юм. Энэхүү зан үйл нь орчин үед зугаа цэнгэл, ан агнуураас гадна аялал жуулчлалын арга хэмжээ болон өргөжиж байна.
Бүргэдийн биологийн онцлог: Монгол оронд өдрийн махчин шувуудаас Шонхортон хэмээх багийн Явлагийнхан, Харцгайнхан, Шонхорынхон гэсэн 3 овогт хамрах 16 төрлийн 42 зүйл шувуу байдаг. Эдгээр 42 зүйл шувууны нэг нь Цармын бүргэд юм. Цармын бүргэд Ази, Европ, Хойд Америкийн нутгаар өргөн тархалттай бөгөөд Монгол оронд Монгол Алтайгаас Их Хянганы баруун сэжүүр хүртэлх тайга, ойт хээр, хээр говийн бүсийн далайн түвшнээс дээш 800-3000м өндөрт өргөгдсөн уул нуруу, хад цохио, ой бүхий нутгаар байршдаг.
Цармын бүргэд нь 3-4 насандаа үржилд ордог. Хүн ба махчин амьтан хүрэмгүй цавчим өндөр хад асга, модон дээр бургас, бутны мөчрөөр үүрээ 4-р сард засч, голдуу 2 өндөг гаргаж 45 хоног дарна. Нэг зассан үүрийг хэдэн жил дараалан ашиглах ба зарим үед 2-3 үүр засаж аль тохиромжтой үүрийг нь сонгон үүрлэдэг байдал ч ажиглагджээ. Ангаахай нь 8-р сарын сүүл хүртэл үүрэндээ байж эх эцгээр тэжээлгэж нисэх чадвартай болно. Үлийн цагаан оготно, огодой, зурам, тарвага, туулай, хярс, үнэг, шувуудаас дагуурын ятуу, хахилаг зэргээр хооллох боловч заримдаа цагаан зээр, хар сүүлт, монгол бөхөн зэргийн янзага, хурга, ишиг зэргийг барихаас гадна шонхор, тогоруу зэрэг шувуудын ангаахай дэгдээхэй барьж хооллодог. Цармын бүргэд Европод 5000-6000, Азид 15000, Хойд Америкт 20000 орчим тоо толгой байгаа гэсэн мэдээлэл байдаг. Монгол оронд тоо толгойн тооллого хийгдээгүй бөгөөд тархац нутгийнхаа хүрээнд ердийн тааралдах шувуу юм. Монгол орны зүүнээс баруун хязгаар хүртэл тархсан боловч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн хад цохио, ой мод бүхий нутагт илүүтэй байршиж жилийн туршид суурин амьдардаг. Баян-Өлгий аймагт байгалиас голчлон эм бүргэдийг барьж тэжээдэг учраас сөрөг нөлөө аль хэдийнэ үүссэн байна.
Бүргэдчин: Дэлхийн улсуудад ан авд шонхор, харцага, бүргэд гэх мэт цөөн хэдэн зүйл шувуудыг ашигладаг. Монголын казахууд ан авдаа Цармын бүргэдийг ашигладаг нь дэлхийн олон оронд байхгүй уламжлалт соёлын нэг хэлбэр юм. 1970 оны үед Дэлүүн суманд гэхэд 120 гаруй бүргэдчин байсан бол 2002 он гэхэд 30 орчим болж буурсан байсан. Сүүлийн үед бүргэдээр ан хийлгэх зан үйлийг сэргээсэн төдийгүй үзэж сонирхохоор гадаад дотоодын олон жуулчид ирэх болжээ. Бүргэд тэжээх сонирхол нэмэгдсэн боловч бүргэдийн хоол хүнсний хүндрэл учирсан. Бүргэдчидийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэхийн тулд бүргэдийн гуужсан өдийг ашиглах, бүргэдийг ан авд ашигладаг уламжлалт зан үйлийг дэмжих, цармын бүргэд тэжээгчдийн нэгдсэн бүртгэлтэй болох, бүргэдчид жилд хэдэн бүргэдийг байгалиас барьж хэдийг эргүүлэн тавьж байгаа тоог тогтоох, жилд хэчнээн тоо толгой ямар амьтадыг байгалиас агнаж байгааг тогтоох, амьтадын тоо толгой, нөөцөд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлах зэрэг ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй болсон.
Баян-Өлгий аймагт “Монголын Цармын бүргэд нийгэмлэг” 2002 онд байгуулагдаж 380 гишүүн бүртгэжээ. Японы Үндэсний нум сум хэрэглэгчдийн холбоотой хамтран ажиллах 15 жилийн гэрээ байгуулж бүргэдийнхээ гуужиж унасан өдийг цуглуулж борлуулан 8-10 сая төгрөгийн орлого олдог байна. 25см-ээс илүү урттай өдийг нум сумны залуурт ашиглах зорилгоор авдаг байна.
Бүргэдчидийн 80% нь 30-70 насны хүмүүс байдаг бол бүргэдээр ан хийх уламжлалыг 170 хүн эцгээсээ, 50 хүн төрөл садангаасаа, 20 хүн найз нөхдөөсөө өвлөн авчээ. Нийт бүргэдчидийн 260 нь 1-6 бүргэдийг тэжээдэг. 6-20, 21-50 хүртэл бүргэд тэжээдэг бүргэдчин ч байдаг байна. Тухайлбал, Сагсай сумын иргэн М.Есентэй 20 жил бүргэдчин хийхдээ нийт 110 эм бүргэд барьж 109-ийг нь бусдад зарсан буюу шилжүүлсэн байна. Толбо сумын А.Бектемир 55 жилийн хугацаанд 50 бүргэд байгалиас барьж 35-ыг нь бусдад өгсөн байна.
Анч бүргэд: Эм бүргэдийг голчлон сонгох ба нисэх чадваргүй ангаахайг барьдаггүй байна. Нисэх чадвараа олоод тодорхой хугацаанд ан авд явж сурсан бүргэдийг барьж авч тэжээхэд харьцангуй номхон, хурдан сурдаг, өөрийн хүчинд тохирсон амьтан руу довтолдог, байнга хашгичаад байдаггүй, байгальд эргүүлж тавихад гэрийн мал руу дайраад байдаггүй байна. Үүрнээс нь авсан ангаахайг тэжээхэд нэлээд ааштай, үргэлж хоол нэхэн хашгичдаг, өөрийн хүч үл хүрэх амьтан руу довтолж гэмтдэг, эргүүлж тавихад гэрийн мал битгий хэл жижиг хүүхэд рүү хүртэл дайрдаг байна. Баян-Өлгийд тэжээгдэж буй бүргэдийг анх хэрхэн барьсан судалгаанаас харахад үүрнээс нь авсан 81, хавхаар барьсан 101, хоол нь ихдээд биеэ даахгүй байх үед нь тороор барьсан 46 гэх мэт дүн гарчээ. Цаашид үүрнээс нь авахыг багасгаж, үүрлэж буй хосын амгалан тайван байдлыг алдагдуулахаас сэргийлэх хэрэгтэй хэмээн үзжээ. Нийт тэжээсэн 1915 бүргэдийн 174 нь тэжээх явцад үрэгдсэн байсан нь ихэвчлэн ан ав хийх явцдаа хад чулуу мөргөх, чоно мануул, үнэг зэрэгт хазуулан шархадсанаас болж өвчилж үхсэн байна. Бүргэдийн 70% нь 1-4 настай, 18% нь 5-6 насны, 6% нь 7-8 насны, 3.6% нь 9-10 настай бүргэд байжээ. Үүнээс харахад 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг байна. Ийнхүү буцааж тавих нь эргээд нөхөн үржих, тоо толгой өсөхөд хэрэгтэй ажээ. Бүргэд 30-50 жил насалдаг байна. Уулын бүргэдийг барьж ирэхэд гэрийн эзэгтэй идээний дээж өргөн цацал өргөж угтдаг заншилтай.
Анх Түрэгийн үед махчин шувуудыг гаршуулан тэжээж ан авд ашиглаж байсан нь тэр үеийн чулуун хөшөө, дурсгалуудад үлджээ. Францын элч Рубрук 1253-1255 онд ирэхдээ бичсэн замын тэмдэглэлд “нүүдэлчид шонхор мэтийн махчин шувуудыг баруун гартаа суулган, нүдний даруулга өмсгөн авч явдаг байсан”, Марко Поло “Их хаан 10000 нөхдийн хамт 500 шонхортойгоо ан авд гарч зугаацдаг” тухай тэмдэглэжээ. Чингис хааны туг сүлд, далбааны бэлгэдэл нь Цагаан шонхор байсан. Казахын их хаан Аблай 500 бүргэд, 300 харцагатай байсан гэнэ.
1950 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 10 жилийн ойгоор УБ хотын төв талбайд бүргэдээр амьд үнэг бариулах үзвэр зохион байгуулж “Аймгийн бүргэдчидийн зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгуулжээ. 2000 оноос Бүргэдчидийн баярыг зохион байгуулах болсон байна.
Бүргэдчидийн ёс заншлаас: Нялх хүүхдийг анх өлгийдөхдөө толгойн орчимд бүргэдийн сарвуу, хумс тавьдаг. Эмэгтэй хүн бүргэдийг гар дээрээ суулгадаггүй уламжлалтай. Бүргэдийн ангийн анхны олзыг заавал ахмад хүнд барина. Олз хүртсэн хүн ерөөл айлдаж сайн сайхныг хүсэх учиртай. Бүргэд цаг бусаар үхвэл анх авсан оргил орчимд хүндэтгэн оршуулдаг заншилтай.
Бүргэдийг барьж ирээд хээрийн шувууны үнэрээс салгаж усанд булхуулан малын хашаа хорооны хөрзөнд өнхрүүлдэг байна. Ойр ойрхон гартаа авч өргөн, нүдний даруулгыг нь авч, эргэж өмсүүлэн дасгаж, илж таалж, эргэн тойрноо таниулж, дотночлон ярилцаж, эзэн хүнийхээ дуу хоолойг таниулдаг байна. Зориулалтын суурь модонд суулган сарвуу хумсыг нь татаж сунган аль болох нойрыг хулжаан ядрааж байж номхруулж авдаг байна. Бүргэд хэдийгээр хээрийн зэрлэг жигүүртэн ч гэлээ маш мэдрэмтгий, ухаантай, эзнийхээ аашийг андахгүй, дуугаар нь таньдаг, ярилцах дуртай байдаг ба хооллож ундлах цагаа ч анддаггүй байна. Номхорсон хойно нь моринд авч явж үнэг хярс, туулайн арьс чихмэлийг чирч үзүүлэн араас нь хөөцөлдүүлж барихад сургана. Мөн гар дээрээ дуудах дасгал хийнэ.
Анд явахын өмнө 8-р сараас эхлэн идэшийг нь багасгаж, тарга хүчийг нь тогтооно. Тарваганы өөх мах нь бүргэдийн зүрхийг өөхлүүлж амьсгаадуулах талтай тул бага хэмжээгээр болгоомжтой өгдөг. Өдөр бүр ус уулгана. Хэт таргалчихвал ан авахгүй, хэт туранхай бол тамир тэнхээгүй болох ба үнэг чоно дийлэхгүй болно. Хэт өлсгөвөл ааш нь догширч хүүхэд рүү ч дайрна. Хоол идэш нь таарсан бүргэд цовоо сэргэлэн, хөдөлгөөний эвсэлтэй, толгойгоо арагш эргүүлэн 2 мөрний завсарт нууж тайван унтана. Толгойгоо далны завсар нууж унтдаг нь учиртай аж. Бүргэдийн цорын ганц дайсан нь шар шувуу бөгөөд өдрийн цагаар бүргэд шар шувуу руу, шөнийн цагаар шар шувуу бүргэд рүү дайрч толгойг нь хуга мушгидаг байна. Тиймээс толгойгоо нуун унтдаг ажээ.
Бүргэдчин хүн бүргэдийг суулгах мод, томага нэртэй нүдний даруулга, хоолны идүүр, хөлний уяа, аргамж, моринд авч явахад гарын шуунд суулгах ац мод, бээлий, шингэн цутгах гуурс, хээрийн хүнсний уут, коя нэрт ходоод цэвэрлэгч, жижиг ангийн чихмэл, хөл сарвуу ба далавчны хамгаалалт, өлгий, занга тор, хавх зэрэг олон зүйл хэрэглэдэг. Бүргэдчин өөрөө нэхий өмд, нэхий дээл, гурван талт чихэвчтэй малгай өмсөнө. Бүргэдчид ихэвчлэн анхны цаснаар анд явдаг. Ан нь шинэхэн цасны ан, өдрийн ан, тал өдрийн ан, зугаа гаргах ан гэх мэт байна. Ан авд гарахад мөр мөшгигчид, үргээгчид, туугчид гэхчилэн дагалдагч нар дагалдана. Бүргэд нь 500-1000м өндрөөс хулгана, зурам андахгүй хардаг хурц хараатай. Тухайн бүргэдийн анхны анг “бау ашар” буюу “уяа мялаах” гэх ба дагалдаж яваа хүмүүсийн нэгэнд барьсан анг бэлэглэдэг заншилтай. Бүргэд эзнээсээ холуур нисч эргэж ирэхгүй байвал малын шинэхэн мах, улай шүүс үзүүлэн даллаж хашгиран дуудаж ирүүлдэг. Ирэнгүүт нь нурууг нь илж, улай шүүс өгөн урамшуулдаг.
Өнгөрсөн 5 жилд
Баян-Өлгий аймагт 6960 жуулчин иржээ. 2013 онд Астана хотод болсон наадамд
Монголын бүргэдчидийн баг хоёрдугаар байр эзэлжээ. 10 гаруй орны 60 анчин
оролцож авхаалж самбаагаа сорьсон байна. Казахстанаас 25, Киргизээс 5, Үзбекстанаас
1, Испани, Австри, Унгар, Чех, Словакаас тус бүр 1 бүргэдчин оролцжээ. Одоогийн байдлаар
Казахстанд 100, Монголд 400 гаруй бүргэдчин байна. 2017 онд Казахстаны Астана
хотод “Экспо Астана” наадам болох ажээ.
Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн веб хуудас