Буддын шашинд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог бөгөөд бурхан багшийн их дүйчин өдөр гэдэг нь бурхан багш эхийн хэвлийд бүрэлдэж бий болсон,төгс гэгээрсэн, насан эцэслэсэн гэх гурван өдөр давхцдаг гэж үздэг байна. Энэ өдөр мацаг барих, зул өргөх, хүүхэд нохой хооллох, хурал ном хурах зэрэг үйлүүдийг үйлддэг байна. Зул өргөх ёсны утга учир: Буддын шашинд нас барсан хүмүүсийн сүнс нь дараа төрөлдөө очиж хүн болохын тулд маш хүнд хэцүү бартаатай, харанхуй замаар явдаг бөгөөд харанхуй замд хойд төрлөө олж чадалгүй төөрч хаа сайгүй хэрэн хэсүүчилдэг байна. Ийм учраас зул өргөж замыг нь гэрэлтүүлэх юм бол тэдгээр сүнснүүд хойд төрөлдөө саадгүй очиж хүн төрлөө олдог хэмээн буддын шашинд номлосон байдаг. Бусад өдрүүдэд зул өргөсөн ч адилхан буян болдог байна.
Саяхнаас Монголд “гэрэлт зул өргөх ёслол” зохион байгуулагдах болсон. Аливаа зулыг бадраахдаа үнэн сүжиг бишрэлээр түнэр харанхуй буюу муу санаа, архи тамхи, алаан хядаан, хулгай дээрэм гэх мэтийг зайлуулж залбирснаар гэгээн буян арвижиж, гэмт нүгэл нимгэрэхийн сацуу бурхан шүтээн баясаж хүний сэтгэл ариусна гэж үздэг байна. Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан худал хулгай зэрэг бузар булайгүй байхыг анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахыг бодож байх ёстой.
Түвдэд жил болгон бурхан багшийн их дүйчин өдөрт зул өргөх ёслол зохион байгуулдаг. Гэвч хятадын эрх баригчид шашны аливаа зан үйл хийхийг нь хориглох болсон байна. Гэрэлт зул өргөх нь Тайландын үндэсний уламжлалт ёслол бөгөөд тус улсаас ирсэн лам хуварга нар монголын лам нартай хамтран гэрэлт зул өргөх ёслолыг зохион байгуулсан байна.