Бүүвэйн дуу

Овог аймаг үүсэх үед хамт үүсэж хөгжсөөр ирсэн эртний дуун аялгуу бөгөөд эх үрсийн энэрэл хайрын илэрхийлэл болдог. Боржигон бүүвэй, Төв Халхын бүүвэй, Дарьганга бүүвэй гэж ялгана. Үүсэл гарлыг нь хээр хаягдсан нэгэн хүүг тэжээж өсгөсөн чонын тухай домогтой холбон тайлбарладаг бөгөөд “бүү ай” гэсэн үгнээс үүссэн гэдэг.  Бүүвэйн дуу зохиогдсон цагаасаа эхлэн хэд хэдэн хувилбараар аялагдсаар иржээ. “Бүүвэй” гэсэн ганц үг давтан, намуун, уянгалаг аясаар нялхсыг тайвшруулан нойрсуулдаг. Мөн шүлэглэсэн үгийг аянд оруулан зөөлөн дуулж бүүвэйлдэг байна. Хүүхэд нойрсоод эхлэхэд зөөлнөөр аман дотроо гинших аясаар аялдаг.


Бүүвэйн дуунд уярч өссөн хүүхэд өр нимгэн, сэтгэл зөөлөн, энэрэнгүй хүн болж өсдөг байна. Хүүхэд нэг нас өнгөрөхөөр бүүвэйн дууны үг нь олон болж урт болж ирдэг. Бүүвэйн дууны олон домог байдаг бөгөөд түүний нэгийг өгүүлэхэд:  Эрт урьд цагт Зэгсэн гуа гэдэг эхтэй ах дүү хоёр ой дотор амьдран суудаг байжээ. Ахыг нь Зээрэлдээ мэргэн гэх бөгөөд дүүг нь нялх балчир байхад эх нь нас барж, хоёул өнчрөн хоцорчээ. Нэгэн өдөр хүзүүндээ алтан хайрцаг зүүсэн буга гэрийнх нь гадаа иржээ. Зээрэлдээ мэргэн дүүгээ тэр алтан хайрцганд хийгээд явуулчихжээ. Буга явсаар үр хүүхдийн мөрөөсөл болсон нэгэн эмгэнийд ирээд гэрийнх нь гадаа нөгөө алтан хайрцгаа буулгаж орхиод явжээ. Эмгэн баярлаж хүүхдийг аван бөн бөн бүүвэйлж байв. Энэ завсарт Зээрэлдээ мэргэн дүүгээ санаж орой бүр айл болгоны үүдээр хайж явсаар нөгөө эмгэний гадаа иртэл “Зээрэлдээ мэргэний дүүхэлдэй, бүүвэй, бүүвэй, Зэгсэн гуагийн хүүхэлдэй, бүүвэй, бүүвэй” гэж бүүвэйлж байхыг сонсоод дүүгээ олов гэнэ. Ийнхүү бүүвэйн дуунд тодорхой утга санаа бүхий шүлэг, үлгэр домог өгүүлдэг нь монголчууд хүүхдийг нэлээд том болтол нь бүүвэйлдэг байсантай холбоотой ажээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах