Архитай холбоотой нэг заншил бол сэржим өргөх ёс юм. Сэржмийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдгийн учир нь “хөх тэнгэр амгалан байг” “хөрст дэлхий амгалан байг” “хүн зон амгалан байг” гэсэн утгатай. Ядам хуруугаар өргөдөг нь ямар учиртай юм бэ гэхээр тэр нь гарын таван хуруун дотроос болох болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр нь юм. Сэржим гэдэг нь “алтан хундага” гэсэн түвд үгнээс гаралтай. Хэрвээ хүн шууд савнаас архи хундагалан өгсөн тохиолдолд гурван удаа сэржим өргөн духандаа түрхээд хортой эсэхийг шалган эзэнд нь эргүүлэн барьдаг ёсон бий.