Бурхадын утга бэлгэдэл

Бурхадыг төрх байдлаар нь амирлангуй, хагас амирлангуй, догшин хэмээн ангилдаг. Амирлангуй бурхадын өлмий нь аливаа нүгэл хилэнцгүй ариуссан тул бадамлянхуа цэцгийн хучлагатай байдаг. Догшин бурхадын омог хилэн бадарсан нүүр нь энэ хорвоо ертөнцийн хуурамч самуунд илт дургүйцэн, эдийг эрхэмлэх сувдаг сэтгэл, нүглийг даран наманчлах эрмэлзлэлийн шууд илэрхийлэл байдаг. Догшин бурхадыг Ядам ба Махагал гэж ерөнхийд нь хоёр хуваана. Утга бэлгэдэл, сургаал номлол зэрэг ангиллаар нь Лама, Ядам, Бавууханд, Чойжинсүрэнмаа гэж ангилна.


Лама: Эл ангиллын бурхад адис жанлавын дээдийг хайрлана. Бурхан багш, бурхан багшийн хоёр шавь, долоон бандида, Ловон Бадамжунай, Сажа бандида Гунгаажалцан, Богд Зонхов, Жибзундарнат, Далай лам, Богд гэгээн, Банчин-Эрдэнэ, Гармава ламтнууд, Зава Дамдин гэх мэт аливаа урсгал номлолыг үндэслэгч, шалгарсан гарамгай эрдэмтэд хамаарна. Ядам бурхад: Шид бүтээлийн дээдийг хайрлах, голдуу бясалгалын бурхад ордог. Манзушир, Жанрайсиг, Доржсэмбэ, Дара эх, Аюуш, Очирдара, Их хөлгөний Дэмчог, Дүйнхор, Очирваань, Сандуй, Жигжид, Жэдор зэрэг бурхад хамаарна. Бавууханд бурхад: Баатар дагинас хэмээх Төвд үг бөгөөд ашдын нөхөр болох бурхад Нархажод, Хандын таван аймаг, Сэндом, Тахилын охин тэнгэр зэрэг бурхад хамаарна. Чойжинсүрмаа бурхад: Номыг тэтгэгч сахиус буюу элдэв чөтгөр шулам, саад барцадыг арилгагч бурхад болох Арван хангал сахиус хамаарах бөгөөд дотор нь ертөнцийн ба ертөнцөөс хэтэрсэн хэмээн хоёр хуваана. Ертөнцийн сахиуст Таван хаан, Дамдиндорлиг, Жамсран, Махранзын дөрвөн хаад хамаарна. Ертөнцөөс хэтэрсэн сахиуст Гомбо, Лхам, Дамдинчойжоо зэрэг бурхад хамаарна.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах