Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм. Энэ ёслолд хоёр долоо хоног орчим бэлддэг. Хоёр дугуйтай тэргэнд Майдар шүтээнээ залан хийд тойрон гороо хийхэд бэлэн болгодог. Шүтээний өндөр нь газраас найман тохойноос багагүй байх ёстой. Тэргэнд мод цаасаар хийсэн ногоон өнгийн морь, зааныг хөллөж, нуруунд нь чандмань эрдэнийн дүрсийг зална.
Майдар эргэх өглөө, лам нар ердийнхөөрөө хурлаа эхэлж, хурлын дараа хийдийн хамба лам хоёр гурван ширээт ламын хамт Майдар бурханы алтадсан хөргийг дуганаас гаргаж, бусад лам нар Майдар бурхны таван аймаг номыг авч ирж бурхны өмнө зална. Дараалах лам нар хүж арц асаан, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил, таван хүсэл зэргийг тэргэнд залсан Майдар бурхны өмнө өргөнө. Үүгээр Майдар эргэх ёслол эхэлнэ.
Зэрэг дэвээрээ жагссан лам нар хос хосоороо лавай, цан, хэнгэрэг, бишгүүр, ганлин бүрээ, үхэр бүрээ зэргийг дуугарган явна. Мөн нэг лам хонх дуугаргаж, өөр нэг лам Майдар бурхны шар шүхрийг тус тус барин цувран явна. Түүний араас Майдар бурхны тэрэг дагалдан явах ба хорь орчим лам морины цулбуур, тэргэнд уясан татлага оосрыг мөрөндөө эгэлдэргэлэн тэргийг чирдэг. Тэрэгний араас хоёр бүрээч лам, бусад лам нар дагалдан явна. Майдар бурхан тэргийг баруун тийш нар зөв эргүүлэн хөгжмийн зөөлөн аянд хийдээ тойрч хөдөлнө. Хөдөлгөөн нь удаан, зааны явдал шиг байх ёстой. Тийнхүү явсаар хийдийн хойд хаалган дээр ирэхэд лам нар хангай дэлхийд ном уншиж, балин өргөнө. Дараа нь түр завсарласны дараа лам нар Майдарын тэргэн дээр эргэн цугларч аз жаргал, ариун ёсны ерөөл номыг хурна. Хурал өндөрлөхөд тэргийг дахин хөдөлгөж, хийдийн зүүн хаалганы дэргэд ирж, шүтээнээ өмнө зүг хандуулан Майдарын таван номыг хурдаг. Дараа нь цуваа тэндээс хөдөлж хийдийн гол хаалгаар орж гол сүмийн үүдэнд ирнэ. Энд Майдарын ерөөл хурж, үүгээр Майдар эргэх ёслол өндөрлөдөг. Шүтээнээ тэргэнээс авч гол сүмдээ залах ба бусад хэрэглэсэн зүйлсийг байр байранд нь буцаан тавина.
Майдар дуганы
ногоон морь: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей өнгөрсөн
хавар “Ногоон морь” нэртэй галерейтай болжээ. Энд зураач уран бүтээлчдийн
үзэсгэлэн ээлжлэн гарч байдаг ч солигддоггүй ганц үзмэр нь ногоон морьтой
Майдарын тэрэг юм. “Буддын шашны ёсоор замбуулинд “Сайн цагийн 1000 бурхан”
ээлжлэн залрах домогтой. Эдүгээ дөрөв дэх бурхан Шагжамунийн үе бөгөөд ирээдүйд
Майдар бурхан залрах юм. Хүний ертөнцийн зовлон бэрхшээлийг нимгэлэхээр айлчлан
ирэх Майдар бурханыг урин залж жил бүрийн хаврын сайн өдөр хүрээ, хийдийн
гадна захаар тойрч эргэдэг эртний уламжлал тогтсон ажээ.
1686 онд төв, халх, баруун Монголын хаад ноёд, хувилгаад
“Хүрэн бэлчир” гэдэг газарт цугларч, найрамдлын их хуралдааны дараа шашны эл
зан үйлийг эхлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш халхын олон хийдэд Алтан Майдарыг
ногоон морь бүхий дөрвөн дугуйтай тэргэн
дээр залж, хийдийн гадна талаар тойрч, эргэдэг заншилтай болжээ. Их
Хүрээнд Богд Жибзундамба хутагтын санаачилгаар Жадаран аймгийн хамба
Лувсанхайдав Майдарын дуганыг бүтээсэн үеэс “Хүрээ Майдар” эргэх ёслолыг
1834-1936 онд 103 удаа тасралтгүй үйлджээ.
Майдарын дуганд хэрэглэж байсан ногоон морины эх баримал эдүгээ “Ногоон морь” галерейд
хадгалагдаж байна. Энэ бүтээлийг 1999 онд Нидерланд улсад болсон “Dancing
demons of Mongolia” үзэсгэлэнд оролцуулжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагч энэ
үзмэрийг сонирхон судалж, XX зууны гэрэл зургаас эх авч, “Ногоон морь” галерейд
буй Майдарын тэргийг бүтээн 2000 оны есдүгээр сард Дүрслэх урлагийн музейд
бэлэглэжээ. Ногоон морьт тэргийг Сибирийн царс модоор Амстердамын Урлагийн
академийн сийлбэр, мужааны ангийн оюутнууд урлаж, үзэсгэлэнгийн нээлтэд
оролцсон. Дээрхийн гэгээн XIV Далай лам тэргэнд залсан Майдар бурханыг
шүншиглэсэн түүхтэй.
Эх сурвалж: Монгол орны лавлах