Занабазарын урлал

Монголын анхдугаар Богд гэгээн Занабазар Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, уран барималч, зураач, гүн ухаантан, бичгийн эрдэмтэн гээд  тал бүрийн авъяасыг цогцлуулсан хүн байсан. Түүний зохиосон Соёмбыг Монголын ард түмэн одоо ч орой дээрээ залан шүтсээр байгаа. Г.Занабазар шашны том жижиг суурин бүхий сүм хийдүүдийг босгосоноос гадна дэлхийд давтагдашгүй бурхдын баримлуудыг бүтээсэн билээ. Монгол уран барималын цутгамалын аргыг үндэслэсэн бөгөөд ямар ч залгаасгүй цутгаж хийдэг энэ арга нь одоо ч хүртэл урлаг судлаачдын анхаарлыг татсаар байна. Тэрээр Очирдарь, Майдар, Цагаан дарь эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсаг бурхан гээд олон бурхдын баримлыг бүтээсэн бөгөөд Монголын бурхан бүтээх аргыг үндэслэжээ.
 
Түүний бүтээлүүд бол дэлхийн бүтээл хэмээн тооцогддог. Бурхадууд баруун гарынхаа алгыг дээш харуулан өвдөг дээрээ тавиад нөгөөг нь унжуулсан байдаг бөгөөд энэ нь солгой гар доор, баруун гар дээр нь байх арга билэг хоёрын нэгдэл юм. Өндөр гэгээний уран бүтээлийн өвөрмөц онцлог талууд гэвэл бурханыг хүн болгон дүрсэлсэн юм. Баримлыг цутгахдаа бүтнээр нь ямар ч залгаасгүйгээр ихэвчлэн зэсээр цутгаж, алтаар бүрж амилуулдаг нь түүний бүтээлүүд хосгүй үнэт болохыг илэрхийлдэг. Мөн хүмүүний биеийн болон сэтгэлийн гоо сайхныг харуулсан баримлууд нь амьд сэрүүн мэт дүрслэгдсэн байдаг нь гайхалтай. Цутгасан бурханы нүд, нүүр царайны хэмжээ харьцаа, хуруу нь хүртэл бага насны хүүхдийнх шиг булбарай, эвдрээгүй үегүй мэт байдаг. Өндөр гэгээн Занабазарын бүтээл хэд хэдэн таних тэмдэгтэй байх бөгөөд нэгд цулаар цутгадаг, хоёрт эргэн тойрон бадаар чимэглэдэг, гуравт ригнаан нь бүтэн байдаг. Гандан хийдэд Өндөр гэгээний “долоон нандин” гэх өөрийн мутраар урласан шүтээнүүд бий.
 
Нэг бүтээл 8.1 тэрбум төгрөгт хүрч байсан. Азийн Микеланжело хэмээгдэх Г.Занабазарын урласан бага “Ногоон дарь эх” 2015 онд 4.3 сая ам.доллар буюу 8.1 тэрбум төгрөгөөр зарагдсан түүх бий. 2015 онд БСШУ-ны сайд Л.Гантөмөр Францын талд “Ногоон дарь эх” бурхан чухам ямар замаар Парисын дуудлага худалдаагаар зарагдахаар болж буйг тайлбарлахыг албан ёсоор хүсч, худалдааг зогсоох саналтай байгаагаа мэдэгдсэн. Францын тал хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд Sotheby’s компаниас “бүх зүйл хууль ёсны дагуу явагдаж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Тус компаний дуудлага худалдаагаар 2005 оноос хойш “Монголын Занабазарын хийц, дэгээр бүтээгдсэн” гэх тодотголтой тав, зургаа орчим бурхан зарагдсаны дотор жижиг хийцийн буюу 30см өндөр Ногоон дарь эх бүтээл нь 200-300 мянган еврогоос дуудагдаж улмаар 3.467.500 евро буюу 4.3 сая ам доллар хүрч Тайваны нэгэн иргэнд зарагдсан гэдэг.

1920-иод оны үед Монголын Засгийн газраас Занабазарын урлагийн бүтээлүүдийг худалдахыг хориглосон байдаг. Sotheby’s компаний албан ёсны цахим хуудас дээр эл Ногоон дарь эхийн цутгамлыг “1954 онд Жан Клаудэ Моро Гоборд гэх хүн Парист худалдаж авсан” гэж танилцуулсан байсан.

Занабазарын бүтээлүүд Төрийн шар ордон болон I цахилгаан станцын суурин дээр байсан Богдын цагаан ордонд хадгалагдаж байсан гэх таамаглал бий. Богд хааныг нас барсны дараа ордон нь улсын мэдэлд ирж музей болсон учраас хэлмэгдүүлэлтэнд өртөлгүй үлдсэн. 1937 онд олон сүм хийдийг нурааж бурхан тахил, сүмийн эдлэл хэрэглэлийг Сүхбаатарын талбайн хажууд овоолчихсон байх үед Академич Ц.Дамдинсүрэн гуай Маршал Чойбалсангаас “Соёлын өвийг хамгаалах зорилгоор цуглуулахыг зөвшөөрлөө” гэсэн улаан тамгатай бичиг авч амжаад нэгэн тэрэгчин өвгөнтэй хамт соёлын өвд холбогдох эд зүйлийг Богд хааны ордон руу бүтэн сар зөөснөөр өнөө үед Занабазарын бүтээлүүд “үлдэж” чадсан гэх яриа бий.

Монголын соёлын үнэт өв, түүхийн чухал эд зүйлс хоёр замаар хилийн чанадад гарсан байх магадлалтай ажээ. Түүний нэг нь социализмын үед зочилж ирсэн гадны орны зарим удирдагчид, ах дүү орнуудын мэргэжилтнүүдэд түүхийн үнэт өвөөсөө бэлэг дурсгал болгон өгч байсан “моод” байв. Нөгөө нэг нь гадаадад үзэсгэлэн гаргах нэрээр түүх, соёлын үнэт өвүүдийг авч яваад дахиж эх оронд нь авчраагүй тохиолдлууд байдаг.

Парист болсон тэрхүү дуулиан шуугиантай дуудлага худалдааны үр дүн дараах зүйлсийг сануулсан.

  • Өндөр гэгээн Занабазарын бүтээл асар өндөр үнээр худалдагдсан нь түүний бүтээл ямар үнэ цэнэтэй болох, Занабазар хутагт ямар гайхалтай уран барималч байсныг харуулсан.
  • Монголын газар нутаг дээр монгол хүний бүтээсэн үнэт бүтээл урлалыг гадагш алдаж болохгүйг, хойч үед Монголын гэх хосгүй нандин соёлын өвүүдийн үнэ цэнийг ойлгуулах, танин мэдүүлэхийг сануулсан.