Чингис хааны үед Даян Дээрхи гэдэг бөө амьдарч байжээ. Тэр нэгэн удаа Чингисийн отог дээр хоёр шарга морьтойгоо очиход хаан баатаруудтайгаа анд явсан байв гэнэ. Хатан нь түүнийг гэртээ урьж, бөөлүүлэн онгод савдагт нь отог омгоо даатгуулжээ. Бөө явах болж хатан түүнийг гаргаж өгөх гэтэл Даян Дээрхи “Та нар миний хойноос бүү гар. Отгон охиноороо нохой хориул” гэжээ. Охин нохой хорихоор гартал бөө охиныг хөтөлгөө мориндоо сундлан зугтжээ. Энэ тухай сонссон Чингис хаан баатаруудынхаа хамт түүний араас нэхэн хөөжээ. Даян Дээрхи уулан дахь агуйдаа ирж, охиныг нуун, өөрөө Үүрийн голын зах дээр хөшөө чулуун хөрөг болж, хиргисүүрэнд шингэн алга болжээ. Үүнийг нүдээр үзсэн хаан ид шидэнд нь ихэд бишрэн “Охиныг минь хатнаа болгон хайрлаж харж яваарай. Ид шидээрээ энэ нутгийнхаа ард олонд тусалж яваарай” гээд буцжээ.
Түүнээс хойш уг чулууны дэргэдүүр морьтой хүн явахад морь нь бусгадаг, хөтлөөд явахад зүгээр болдог. Хожим энэ нь ямар учиртай юм бол гэж хиргисүүрийг ухаж үзвэл хүн чулуун хөрөг гарсан тул уг агуйг “Даян Дээрхийн агуй” хэмээн нэрлэн, бөөгийн онгод болгон шүтэж иржээ.
1864 онд Даян Дээрхийн хийд хэмээх шарын шашин, бөө мөргөлийн төвийг Цагаан-Үүр сумын нутаг дахь Үүр, Дээрхийн голын бэлчир байгалийн үзэсгэлэнт газарт байгуулсан туурь одоо хүртэл бий. Энэ агуйг үзэж сонирхох, онгод шүтээнээс нь абшиг авах гэсэн гадаад дотоодын жуулчид сүүлийн үед олноор ирдэг болжээ. Даян Дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс хойно Үүр голын зүүн цутгал, Дээрхи гэдэг хавцал голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцлын аманд орших, Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн “үзмэр”-үүд ихтэй юм.