Монголын буддын шашны түүх

Буддын гүн ухаанд монголчууд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ эзэлсэн бөгөөд Зүүн Азийн 60 гаруй угсаатнаас тусдаа буддын шашныг хөгжүүлж чаджээ. Богд гэгээн, Далай лам, Банчин-Эрдэнэ гурав хаана хувилж тодорч байна тэнд шашны хүчтэй нөлөө явагдаж байдаг. Далай лам Төвдийг орхин гарахдаа монгол гаралтай Сэнгээ лхаарамба ламд Төвдийг даатгаж байснаас гадна монголын гүн ухаантнуудын дэг жаягаар барьж байгуулсан сүм хийдүүд тус оронд олон байдаг. Буддын шашин Монголд үүссэн байдлыг “түрүү үе буюу XII зуун хүртэл”, “дунд үе буюу XII-XY зуун хүртэл”, “хожуу үе буюу XY зуунаас хойшхи үе” гэж хуваана.


Түрүү үе: Бөө мөргөлтэй зэрэгцээд Хүннү, Сяньби, Нирун нарын дунд буддын шашин дэлгэрч, улмаар Нирун (Жужан) улсын үед төрийн их багшаар буддын шашны ламыг залж байсан тухай хятадын түүхэнд бичигдэн үлджээ. Хүннүгийн үеийн булшнаас бурханы дүрс бүхий олдворууд олдож байснаас гадна Уйгарын ноёрхлын үед буддын шашны бүтээл туурвил, үзэл номлол нэлээд тархсан гэх боловч тус улс нь 100 гаруйхан жилийн түүхтэй учраас дараагийн улсад уламжлан дэлгэрээгүй байна.


Дунд үе: Чингис хаан Төвдийг эзэлсний дараа Төвдөд хамгийн хүчирхэг байсан Сажа ёсны хувраг Гунгаанинбод элч зарж, төрийн хэргийг түвшитгээд дараа нь шашныг дэлгэрүүлэх үйлсэд анхаарах болно гэж дамжуулсан гэх мэдээ байдаг. Хархорум хотын цэцэглэлтийн үеэр буддын шашны сүм хийдүүд баригдан ард түмний дунд дэлгэрлийг олсон байдаг. Тэр үеэс махаяна буюу их хөлгөний дөрвөн янзын урсгал болох Сажа, Гармава, Гэлүгва, Нимава ёсон  Монголд орж иржээ.


Хожуу үе: Монголд шарын шашны Гэлүгвэ ёсон дэлгэрсэн үеэс Монгол дахь буддын шашны хожуу үе эхэлдэг. XY-XYI зуунд өрнөсөн дотоодын хямралын улмаас ард түмэн доройтон зовж, улс орон сульдаж байх үед монголын хаад ноёд улс үндэстнээ итгэл бишрэлээр дахин нэгтгэж болох арга зам хайж байв. Оюун санааны хувьд нэгдмэл байх нь тухайн угсаатны нэгдэлд чухал хүчин зүйл болоод байсан юм. Энэ цаг үед Монголыг дорнод талаас нь эзэлж эхэлсэн Манж улсын хаан монголчуудыг шашнаар номхотгох бодлого явуулж, шашныг  зүйл бүрээр дэмжин тэтгэх болжээ.


Буддизм Монголд орж ирээд шууд бөө мөргөлийг халах боломжгүй байсан тул алгуур аажмаар үзэл номлолоо дэлгэрүүлж, Бурхан багшаас гадна Жигжид, Гомбо, Дамдинчойжоо гэх мэт олон бурхадыг номлож, монголын тахилгат уул ус болгонд тохирох уншлагыг төвд хэлээр зохиож, уг ажиллагаагаа лам нараар удирдуулан хийлгэжээ. Буддын лам нар шарын бөө гэдэг дүрээр ард түмний дунд нэвтэрч мал муулан цусаар тахил өргөхийг хориглож, тэр тохиолдолд арав нугалан төлүүлдэг байжээ. Харин хойд хэсгийн тайга бүхий Хөвсгөлд жинхэнэ бөө нар нуугдан үлдсэн нь тэр зүгт бартаа ихтэй, сүм хийдийн нөлөө бага байсантай холбоотой.


Монголд буддизмыг хөгжүүлэх үндсийг Түмэдийн Алтан хаан (1507-1582) тавьсан бөгөөд тэрбээр Батмөнх Даян хааны гуравдугаар хүү Барсболд жононгийн хоёрдугаар хүү ажээ. Алтан хаан Ойрд болон Хөх нуурыг эзлэн Төвдөд довтолж Баянтал гэдэг газар Байшин хэмээх хот байгуулснаар одоогийн Хөх хотын суурь тавигдсан байна. Төвдийн их хамбад “Далай лам Очирдара” цол өргөмжилж, шашны хууль цаазыг хамтран гаргаж, бөөгийн ёсыг халан, шарын урсгалыг дэлгэрүүлэн хөгжүүлэх хөрс суурийг тавьсан юм. Түүний дараа Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар гол төлөөлөгч болон тодорч, лам нарын номт хувцас, уншлага, хурал номын дэг ёс, ая эгшиг бүхнийг Монгол орны эрс тэс цаг уур, газар зүйн байршил, монгол хүний зан заншил, ахуй нөхцөлийн онцлогтой уялдуулан “монголын” гэх өвөрмөц хэв шинжтэй бурханы шашныг үндэслэн хөгжүүлсэн гэдэг.


XX зууны эхэн гэхэд Халх дөрвөн аймгийн 80 гаруй хошууны нийт 750 орчим сүм хийдэд 115 мянга орчим лам шавилан сууж, тэдгээр сүм хийд нь аажмаар суурин амьдралтай төвүүд болон хувирч гар үйлдвэрлэл, арилжаа, худалдаа үйлчилгээний газрууд болон хөгжжээ. Өндөр гэгээн Занабазараас эхлээд YIII Богд Жибзундамба хутагтын үе хүртэл буддын шашин цэцэглэн хөгжихийн хамт гүн ухаан, зурхай, эмнэлэг, урлаг, хэл шинжлэл, хэвлэл, ёс суртахуун зэрэг соёл, шинжлэх ухаанууд нэвтэрч ард түмнийг гэгээрүүлэхэд ихээхэн тус нэмэр болжээ.


1924 онд YIII Богд гэгээнийг таалал төгсөхөд Ардын Засгийн газраас “...дахин газар дэлхийд эргэн ирэхгүй, үүрд нирваан дүрийг олсон” хэмээн зарлажээ. Үүний дараахан шашны зарим зүтгэлтний оролцоотойгоор IX Богдыг сэм тодруулан Банчин Богдоос батламж авч амжсан байна. Энэхүү богд нь Зүүнхараагийн Ялбагт хэмээх газар Цэнд гэх эмэгтэйгээс төрсөн Лувсандорж гэдэг хүүхэд байжээ. Лувсандоржийг хэлмэгдүүлээгүй бөгөөд тэрбээр цэргийн алба хааж байснаас гадна 1948 онд өөрийн үхлээр насан эцэслэжээ. Харин түүнийг тодруулахад оролцсон Гомбо-Идшин гүн, лам Гэндэнсоном, Жанчивринчин нар хэлмэгдэн цаазлагджээ. 1926 онд аливаа хутагт хувилгаадын хойд дүрийг зөвхөн Ардын Засгийн зөвшөөрлөөр зарлаж байхаар хуульчилж, улмаар 1934 онд бүр цаазлан хорьсон юм. Эл хууль эдүгээ ч хүчин төгөлдөр хэвээр байгаа ажээ.


1937 онд их хэлмэгдүүлэлт эхэлж 17 мянга гаруй ламыг баривчлан гурван анги болгон хувааж ял шийтгэл оногдуулжээ. Дээд анги буюу хэргэм зэрэг, мяндаг цолтой лам нарыг буудан хороож, дунд анги буюу идэр насны лам нарыг 10 хүртэл жилээр шоронд хорьж тарчилган зовоожээ. Доод анги буюу 20 хүртэл насны залуу лам нарыг энгийн ард болгож, ард түмний шүтэн биширч байсан бурхан шүтээн, оюуны үнэт зүйлс, ном судрыг устган 700 гаруй сүм хийдийг эвдлэн нураажээ. 2265 сүмийн барилгыг эмнэлэг, сургууль, гар үйлдвэр, засаг захиргааны байр, олон нийтийн байгууллагад шилжүүлж, 30.9 кг алт, 5916 кг мөнгө, 1.6 кг сувд, 233847 монгол төгрөг, 388000 төгрөгтэй тэнцэх бусад эд хогшил, бог бод нийлсэн 27742 толгой малыг хурааж улсын мэдэлд авчээ.


Шашин шүтэх нь Монголд хаалттай байсан бөгөөд Сайд нарын Зөвлөлийн хурлын шийдвэрээр 1944 онд Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагааг сэргээж хурал ном хурахыг зөвшөөрсөн боловч МАХН-ын хатуу хяналтын дор үйл ажиллагаа явуулж байв. Харин 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар буддын шашин дахин мандан дэлгэрэх, сүсэгтэн олон бурхан шашнаа чөлөөтэй шүтэх боломж бүрдсэн юм.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах